logo
Уур амьсгалын өөрчлөлт их хөрөнгө шаардана

Уур амьсгалын өөрчлөлт их хөрөнгө шаардана

2012/03/16
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг арилгахын тулд Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд 2050 он хүртэл жил бүр 40 тэрбум доллар зарцуулах шаардлагатай.
Энэ нь тухайн зорилгоор зарцуулахаар төлөвлөсөн мөнгөнөөс олон дахин их байгаа юм. Энэ тухай Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаархи Ази-Номхон далайн бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт дээр Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Бинду Лоани мэдээллээ.
«Мэдээллээс үзвэл 2009-2010 оны хооронд дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход ердөө 4,4 тэрбум доллар зарцуулжээ» гэж тэрбээр  хэлсэн байна.  Түүний хэлснээр, уур амьсгалын өөрчлөлт нь үер, ган гачиг, хар салхи зэрэг байгалийн гамшиг хүчтэй, давтамж ихтэй болоход зайлшгүй хүргэнэ. Ази-Номхон далайн бүс нутаг байгалийн гамшгийн давтамж ихэссэний уршгийг аль хэдийн амссаныг тэрбээр тэмдэглэжээ. Ойрын жилүүдэд байгалийн гамшиг болох эрсдэлийн удирдлагад болон гамшгийн уршгийг арилгах болон сэргээн босгох ажилд гаргах зардал мэдэгдэхүйц өснө гэж Лоани хэлсэн байна.
«Зөвхөн манай банкны «уур амьс¬галд тэсвэртэй» хөрөнгө оруулалтад хэдэн тэрбум доллар шаардлагатай болохыг бид ойлгож байна» гэж АХБ-ны дэд ерөнхийлөгч дурджээ. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сорилтод дасан зохицох талаар гаргаж буй хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг Азийн орнуудад хандан тус банк уриалсан байна. «Уур амьсгалд тэсвэртэй» зам, гүүр, ус дамжуулах хоолойн барилгын ажилд зарцуулж буй хөрөнгө мөнгө бодит байдалд огт нийцэхгүй байна гэж банкны шинжээчид үзжээ. Үүний сацуу байгалийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх болон мэдээлэл цуглуулах тогтолцоог бий болгох шаардлагатай бөгөөд үүнд бодитой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тухай Ази-Номхон далайн хоёрдугаар чуулга уулзалт өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр болох байсан боловч Таиландад их хэмжээний уршиг дагуулсан үер бууж, Бангкок хотын дийлэнх хэсэг усанд автсаны улмаас хойшлогдсон юм.
З.Амгалан
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш