logo
Төрийн цагдааг хүчгүйдүүлэх сонирхол хэнд байна вэ

Төрийн цагдааг хүчгүйдүүлэх сонирхол хэнд байна вэ

2012/03/16
-Долдугаар сарын 1-ний үйл явдалд хэн ч бэлэн байгаагүй юм-

Долдугаар сарын 1-ний үйл явдлыг тойрсон  олон асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.  Цагдаагийн дарга нарт холбогдох шүүх хурал хойшилсноор асуудлыг улам хурцатгаж байгаа бололтой. Нэг талаас цагдаагийн хурандаа нар, нөгөө талаас хохирогчдын ар гэрийнхэн үнэн шударга шүүхийн шийдвэрийг хүсэн хүлээж байсан нь талаар болсонд олон хүн бухимдаж эхэллээ. Тэд дөрвөн жилийн турш зөвхөн  шүүхийн шийдвэрийг хүлээж, асуудлыг  нэг мөр шийднэ гэдэгт аль аль нь итгэж байсан нь үнэн юм. Харамсалтай нь тэдний хүлээсэн итгэл найдвар нурж орхилоо. Шүүх хурлын үйл явцыг анхааралтай ажиглаж байсан олон иргэд “Монголын хууль засаглал хэний гарт орсон юм бэ, бид итгэж байсан шүү дээ, шүүх хурлыг нээлттэй хийхгүй яагаад хаалттай хийгээд байгаа юм бэ, цагдаа, иргэд хоёрыг мөргөлдүүлэх сонирхол хэнд байна вэ” гэсэн бухимдлын үгсийг унагасаар байсан юм. Сонгуулийн будлианаас үүдсэн жагсаал цуглааныг анх хэн зохион байгуулсан, хэн турхирсан, хэн иргэд рүү буу шагайж алтан аминд нь хүрэв зэрэг маш олон асуултын хариу өнөөдөр хариулт нэхсээр л байна.  Иргэд тэр аймшигтай өдөр юу  харсан үзсэнээ л ярьж байна. “ Намайг талбай дээр явж байхад иргэний хөдөлгөөний О.Магнай, Ж.Батзандан, одоогийн УИХ-ын гишүүн  Д.Энхбат, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан нар бусдыг уриалан дуудан явж байсан. Би ч тэднийг дагаж жагсч явсан хүний нэг. Жагсаалын үеэр зарим нэг нь зориуд өдөөн хатгаж согтуурч хөлчүүрхэн явж байсан. Энэ бүхнийг тухайн үед цагдаагийнхан л зохицуулж байсан шүү дээ. Дараа нь намын байр шатаж эхлэхэд цагдаагийнхан бэлэн байдал зарласан байх. Гэсэн ч улангассан иргэдийг дийлэхгүй байсан. Тэд бусдад зодуулж цус нөжтэйгээ холилдоод хэвтэж байхад дээрээс нь дахин дахин нэмж зодож байсан. Зарим хүмүүс болиулах гэж очоод тэдэнд зодуулсныг би нүдээрээ харсан. Урьд өмнө хэзээ ч ийм аймшигтай харгислалыг үзэж байгаагүй “ гэж байна. Болсон явдал гэгээн цагаан өдөр, түмэн олны нүдэн дээр болж өнгөрсөн байхад дөрвөн жилийн хугацаанд энэ хэргийн үнэн мөнийг шийдэж чадахгүй шүүх засаглалд итгэл алдаж байгаагаа тэд илэрхийлж байна. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Гэтэл яагаад өнөөдөр хэдэн  бор цагдаа нарт ял үүрүүлэх,  өөрсдөө хэргээс мултрах адгийн муу санаа хэнийх вэ.  Өмнө нь за яахав шүүх хурлын шийдвэрийг харъя түмэн олон түмэн нүдтэй, юу юугүй цагдаагийн хэдэн хурандаа нарыг ачаад явчихгүй байлгүй  гэж бодож байсан нь дэндүү их эндүүрэл байсныг сая болж өнгөрсөн шүүх хурлын  үеэр мэдэрч байгаагаа цагдаагийн ар гэрийнхэн хэлж байна. Үнэндээ ч тэдний зөв юм. Гэрийн бараа харахгүй ажил гэж яваад эцэс сүүлдээ аавын хаалга татна гэдэг мэдээж харамсалтай. Үүрэг гүйцэтгэж ирээд халуун хоолоо ч идэж амжилгүй эргээд гарсан хүмүүсийн нэг бол яах  аргагүй цагдаагийн албан хаагчид шүү дээ. Тэд цэрэг биш цагдаа учраас л ингэж ажилласан. Ингэх ч үүрэгтэй. Гэсэн ч тэднийг хэн ч ойлгосонгүй. Хамгийн их ойлгох ёстой төр өнөөдөр тэднийг татаад хаясан тамхины иш шигээ хаячихлаа гэж үү. Эсвэл төрийн цагдааг зориуд хүчгүйдүүлэх сонирхол улс төрийн нөлөө бүхий эрхмүүдэд байгаа юм биш гэх хардлага ч төрж  байна. Ингэж хардах  эрх бий. Долдугаар сарын 1-ний өдрийн үйл явдал хэний ч санаанд ороогүй үйл явдал болсон гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Тэгсэн атлаа тэр их үймээн самууныг хэн зогсоох ёстой байсан юм гэхээр бүгд л “цагдаа” гэж хариулдаг. Өнөөдөр таван хүний алтан амь үрэгдсэн нь харамсалтай хэдий ч түүнээс илүү хохирол амсах байсныг хэн ч төсөөлдөггүй. Үүнээс илүү хохирол амссан бол мөн л цагдааг буруутгах байсан уу. Хэрвээ Төрийн нууцын зэрэглэлтэй тусгай обьект руу жагсагчид дайрч бүгдийг устган сүйтгэсэн байсан бол өнөөдөр түүнийг хэн хариуцах байсан бэ гэдгийг ч асуумаар байна. Төрийн цагдаа, төрийн албан хаагчдын нэр хүндийг ийнхүү унагаж “золигт” гаргаж байгаа нь өнөөдөр хүчний байгуулагыг гутамшигт унагаж байгаа хэрэг юм. Долдугаар сарын 1-ний үйл явдлын буруутан нь хэн бэ гэдгийг өнөөдөр хайх хэрэггүй. Яагаад гэвэл тэр өдөр Монголын ард түмэн бүгд хохирогч болж үлдсэн. Өмнө нь үзээгүйгээ үзэж, хараагүйгээ харж, айгаагүйгээр айсан. Танкаар зэвсэглэсэн цэргүүд, айж бэргэсэн олон түмний харцыг өнөөдөр хэн ч мартаж болохгүй. Өнөөдөр бид хэн нэгнийгээ цаазын тавцанд дуудах хэрэггүй билээ. Долдугаар сарын 1 –ний үйл явдалд хэн ч бэлэн байгаагүй юм. Одоо яллагдагчаар татагдаад байгаа цагдаагийн хурандаа нар, хамгаас хайртай хүнээ алдсан хохирогчдын ар гэрийнхэн ч тэд бүгд ийм байдалд хүрнэ гэж төсөөлөөгүй. Олон нийт ч гэсэн ийм байдлыг хүсээгүй. Тиймээс бид Монгол Улсынхаа тусгаар тогтнол ард олныхоо сэтгэл санааг тайван амгалан байлгахын тулд олон зүйл дээр санал нийлж, эвийг эрхэмлэж, хүчтэй байхын тулд эвлэлдэн нэгдэхийг хүсч байна.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш