logo
НӨАТ-ын босгыг өндөрсгөнө

НӨАТ-ын босгыг өндөрсгөнө

2012/03/17
Нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 сая түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлого­той аж ахуйн нэгж, иргэн төлдөг. Тэгвэл энэ босгыг 100 сая болгох нь зүйтэй гэж УИХ-ын зарим гишүүн үзэж энэ талаараа хуулийн төсөл санаачлаад байна.
Энэ нь УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь, Ц.Сэдван­чиг нарын санаачилсан НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Гишүүд хуулийн төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байгаа аж.
Хууль санаачлагч гишүүн П.Ал­тангэрэл, НӨАТ-ын тухай хууль 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Түүнээс хойших 6 жилийн хугацаанд эдийн засгийн цар хүрээ өргөжиж, төсвийн орлогын хэмжээ хэд дахин нэмэгдэж, татвар төлөгчдийн бүтэц өөрчлөгдлөө.Тухайн үеийн 10 сая, одоогийн 10 сая төгрөг чанарын хувьд ихээхэн ялгаатай. Одоо 10 сая төгрөг олж байгаа аж ахуйн нэгж маш бага орлоготой аж ахуйн нэгж байгаа. Татварын 10 хувь тэдэнд ихээхэн дарамт болж байна. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулж Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын босго дүнг 10 сая байсныг 100 сая болгон өөрчлөх санал оруулж байна хэмээлээ.
Татварын байгууллагаас авсан судалгаагаар НӨАТ төлөгч 60300 аж ахуйн нэгж байдаг. Эдний 54000 орчим нь 100 саяас доош орлготой ч НӨАТ-ын дөнгөж 2.7 хувийг эзэлдэг байна. Тиймээс дээрх хуулийг баталснаар улсын төсөвт орох энэ төрлийн татварын хэмжээ хорогдоно гэх шалтгаан байхгүй аж.
Түүнчлэн татварын хуульд ойрын үед гар хүрээгүй, тэгээд ч 10 саяын борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүд үнэн, худал хоёр янзын тайлан гаргаж татвараас зайлсхийдэг болохоор хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.
Ш.Чимэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш