logo
Энхийн ажиллагаанд оролцогчдын эх орноо хайрлах сэтгэл нь улам чангардаг

Энхийн ажиллагаанд оролцогчдын эх орноо хайрлах сэтгэл нь улам чангардаг

2012/03/17
Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазартай уулзаж ярилцлаа.

-Удахгүй Монгол цэргийн өдрийг улс даяараа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ жилийн хувьд ард түмнийхээ энэ баярыг хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
-Тийм ээ, өнгөрсөн жилээс эхлээд хуучин Зэвсэгт хүчний ой гэдэг байсан баяраа улс орныхоо хэмжээнд Монгол цэргийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Бид 1921 онд шинэ цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 91 жилийн ойг энэ үеэр давхар тэмдэглэнэ.
-Монгол Улсын зэвсэгт хүчний үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин баяжиж, хидлийн чанадад олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
-Аливаа зэвсэгт хүчний үндсэн үүрэг бол эх орноо батлан хамгаалах явдал байдаг. Манай зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээ­сэн эх орноо батлан хамгаалах үндсэн үүргийнхээ зэрэгцээ мөн тайван цагт хэд хэдэн үүргийг хүлээхээр хуульчлагдсан байдаг. Энэ хуулийнхаа хүрээнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, байгалийн гамшиг, ослын дараа сэргээн босгох ажиллагаанд оролцох зэрэг үүргүүдийг хүлээдэг.
Монголын зэвсэгт хүчин 2002 оноос эхлэн анх удаа энхийг дэмжих ажиллагаанд өөрсдийн цэргийн албан хаагчдаа явуулж эхэлсэн. Анх 2002 онд Конго улсад хоёр цэргийн ажиглагчаа илгээж, үүрэг гүйцэтгүүлсэн түүхтэй. Үүнээс хойш яг 10 жил өнгөрөөд байна. Иймээс бид Энхийг сахиулагчдын өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 29-нд тэмдэглэхээр тогтсон байдаг. Энэ жил мөн л энэ өдрийг 10 дахиа тэмдэглэх гэж байна.
Өнгөрсөн хугацаанд манай зэвсэгт хүчнээс 5000 гаруй цэр­гийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд 8 улс оронд үүргээ гүйцэтгэсэн байдаг. Манай 400 гаруй цэргийн алба хаагч маань Афганистан, Судан болон бусад улсад ажиглагчаар үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн удахгүй Өмнөд Судан улс руу мото буудлагын баталион хэмжээний томоохон цэргийн багийг явуулахаар бэлтгэлээ базааж байна. Энэ маань 850 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байх болно. Мөн манай зэвсэгт хүчнээс анх удаа цэргийн эмч нарын баг дангаараа явсан. Энэ нь энхийг дэмжих ажиллагаанд зөвхөн хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээс гадна мөн НҮБ-ын ажилтнууд, орон нутгийн ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх анхны ажиллагаа болох юм.
-Афганистан бол байнгын айдас хүйдэс, мөргөлдөөн нүүр­лэсэн хамгийн халуун цэгийн нэг мөн. Тэнд болоод бусад улсуудад манай энхийг сахиулагчдын амь нас, эрүүл мэндэд шууд хохирол хүлээсэн тийм тохиолдол гарч байв уу?
-Тийм ээ, манайхан бас Аф­ганистанд энхийг сахиулах ажил­лагаанд оролцож байгаа. Энд АНУ, ХБНГУ, Бельгийн вант улсын цэргийн алба хаагчидтай хамтаар үүргээ гүйцэтгэж байна. Өнөөдөр нэг удаагийн ээлжийн баг маань Афганистаныг зорьж байна. Энэ нь Афганистан үүргээ гүйцэтгэж байгаа эвслийн цэргийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, түүнээс гадна Афганистаны үндэсний армийн их буучдыг бэлтгэн сургах, дээрээс нь цэргийн нисэхийн техникийн ажилтныг бэлтгэх сургалтын баг үүрэг гүйцэтгэж байгаа.
Иймээс монгол цэрэг бол зөвхөн бусдаас суралцахаас гадна мөн гадаад улс орны цэргийн алба хаагчдад зарим талаар сургалт явуулах чадвартай болсон байна гэдгээ батлан харуулж байна.
Анх бид Афганистанд цэргээ 2003 онд илгээж байв. Анх артиллерийн баг явж байсан. Түүнээс хойш үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэг цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэнд хохирсон, өөрөөр хэлбэл ямар нэг буу сум алдагдсан явдал гараагүй.
Ер нь энхийг сахиулах ажилла­гаанд гардаг аливаа эрсдлийг нь багасгах түүнээс урьдчилан сэргийлэх бэлтгэлийг Монголынхоо нутаг дэвсгэр дээр болон тухайн нутаг оронд байнга тогтмол явуулдаг л даа. Тэгээд ч манай алба хаагчдын тодорхой хувь нь туршлага хуримтлуулж амжаад байна.
-«Тусгай салаа» гэдэг киноны гол баатрууд нь энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирж байгаа байдаг. Ер нь манай цэргийн алба хаагчдын байлдааны бэлтгэл сургуулилт зэрэг нь үе тэнгийн гадаадын алба хаагчдад өндөр үнэлэгдсэн байдаг  юм шиг билээ?
-За тийм шүү. Ер нь монгол цэрэг өөрийн гэсэн онцлогтой л доо. Гадаадынханд хамгийн өндөр үнэлэгддэг зүйл нь юу вэ гэвэл монгол цэрэг өндөр сахилга баттай, үүргээ ягштал нь биелүүлдэг явдал байдаг. Би Иракт ч үүрэг гүйцэтгэж явлаа, Сенегалд я үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд ажиглаад байхад монгол цэргийн өөрийнх нь ур чадвар, сэтгэхүйн бэлтгэл, аливаа үүргийг гүйцэтгэх ур чадвар гадаадынхнаас дутахгүй, магадгүй зарим талаараа илүү байхыг үгүйсгэхгүй байна.
-Магадгүй төрөөс цэрэг армид тавих анхаарал сул, мөнгө төгрөгний боломж тааруухан байсан байж мэднэ. Харин сүүлийн үед зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар бодитой алхмууд хийгдэх болсон байх. Залуусын цэргийн алба хаших сонирхол ихэссэн шиг байна. Энэ талаар өгүүлнэ үү?
-Ер нь аливаа улс оронд цэргийн алба хаана гэдэг нь их онцлогтой алба болж байна л даа. Орчин цагт цэргийн алба хаах хэлбэрүүд өөр болж байна. Нэлээд оронд сайн дурын үндсэн дээр энэ албыг хашиж ч байгаа. Ер нь зэвсэгт хүчингүй 20 гаруй улс одоо байгаа. Эдгээр нь ихэвчлэн Номхон далайн арал улсууд, Европын зарим нэг улс байгаа. Эдгээр улс өөрийн улс орныхоо аюулгүй байдлыг хангах баталгааг өөр улсаас, эсвэл аливаа нэг цэргийн эвсэлд нэгдэх журмаар хангуулахаар гэрээ хийсэн байдаг юм билээ.
Манай улсын хувьд 91 жилийн­хээ түүхэн хугацаанд зэвсэгт хүчин үүргээ гүйцэтгэхдээ эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ Монгол орноороо бахархах сэтгэлтэй, итгэлтэй бүхэл бүтэн үеийнхнийг төрүүлэн гаргасан байдаг. Цэргийн алба өөрийн гэсэн онцлогтой, үүнийг зарим талаар хөдөлмөр ч гэж ярьдаг. Цэргийн алба хаана гэдэг бол тухайн хүний сэтгэл зүй, бие бялдар, хүмүүжлийн маш их тэсвэр хатуужил олно гэсэн үг байдаг. Хуучин бол 3 жил, улмаар 2 жил, харин одоо нэг жил цэргийн алба хааж байна.
Хэдийгээр энэ нь бага хугацаа мэт санагдавч энэ хугацаанд манай залуус тодорхой хэмжээний хүмүүжил, ёс суртахуун, сэтгэл зүйн хувьд хатуужсан ийм эрчүүд болон гарч байгаа.
Тийм ээ, зэвсэгт хүчинд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Хүчний байгууллагыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр гэж бий. Мөн энэ хөтөлбөрийг биелүүлэх төлөвлөгөө ч батлагдсан. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээс гадна орон сууцжуулахад нэлээд анхаарч байна. Өнгөрсөн жил 200 гаруй цэргийн алба хаагч шинэ орон сууцанд орлоо. Энэ байдал цаашид улам сайжран нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй явдаг.
Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй алба хаагчид маань гадныхнаас тодорхой хэмжээгээр суралцаж, хэл, соёл, хүмүүжлийн талаар хөгжиж, хамгийн гол нь эх орноо хайрлах, түүгээр бахархах сэтгэл нь улам чангардаг даа.
-Та хаана цэргийн боловсрол эзэмшиж, ямар алба хашиж ирэв ээ?
-Би анх 1984 онд ЦНДС-ийг төгсөж, Батлан хамгаалахын болон Удирдлагын академи, мөн Туркийн зэвсэгт хүчний академи төгссөн. Нийтдээ 31 жил тасралтгүй цэргийн алба хашиж яваа, Иракт очсон анхны ээлжийн орлогч, Сьерра-Леон дахь цэргийн командлагчийн үүргийг гүйцэтгэсэн.
Энэ дашрамд Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчин байгуулагдсаны 91 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр зэвсэгт хүчиндээ алба хааж байгаа нийт цэргийн алба хаагчид, мөн ахмад дайчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа цэргийн алба хаагчид, тэдний ар гэр, нийт залуустаа цэрэг хүний халуун мэндчилгээг дэвшүүлж, Монгол улсынхаа хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахыг хүсэе.
С.Энх-Амар
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш