logo
Дээд сургууль /хошин өгүүллэг/

Дээд сургууль /хошин өгүүллэг/

2012/03/17
Саяхан “аминчхан” Дорлиг өвгөний ганц охин “ёроолгүй ваар” Дарь сумынхаа арван жилийн сургуулийг дүүргэсэн билээ. Угаас сурлага муутай Дарь шалгалтандаа хичээгээд хичээгээд олигтой дүн авсангүй.

-Ганц муу охиноо тэр сургууль мургуульд нь явуулж зовоохгүй ээ. Мал дээр гаргана. Охин маань тэр хот руу сургуульд яваад өгчихвөл энэ хэдэн малыг минь хэн маллах болж байна. Манайхан удмаараа мал дагасан улс, эрдэм номын мөр хөөж үзээгүй. Охин минь явлаа ч, юу ч мэдэхгүй хоосон толгой чинь юугаа ч сурах билээ гэх Дорлиг өвгөний эмгэнээ ятгаж ухуулсан яриа шинэхэн 5 ханатынх нь гаднаас тодхон сонсогдоно. Гэвч Дарийн эх Должин өвгөнийхөө өөдөөс хэдэрлэж байгаагүйгээрээ хэдэрлэж:

-Газар дээрх ганц үрээ мэдлэг боловсролгүй үлдээж хүний доогуур оруулахгүй хэмээн зүтгэлээ. Аминчхан хочит өвгөнөө зөвшөөрөхгүй болохоор нь:

-Охиноо аваад сална ч гэж сүрдүүлж ч үзлээ. Бүр болохгүй болохоор нь Жендерийн асуудал хөндсөн хэдэн цагийн лекц уншиж байж сургуульд явуулахаар болов. Должин эмгэн сумын сургуулийн бүх л эрх тушаалтнуудын өмнүүр ч нэг гүйн, хойгуур нь ч нэг майжигнан байж хөөцөлдсөөр арван жилийн гэрчилгээ өвөртлөн харьсан юм. Ингээд эцэг эхээсээ холдож үзээгүй ёроолгүй ваар хэмээх сонсголонгүй хочийг яагаад ч юм авчихсан Дарь охин эрдэм ном сурахаар агаарын хүлгээр Улаанбаатар хотыг зорьсон билээ. Должин эмгэн охиноо элбэг арван литр сүү өргөн байж үдэн гаргав.

Удсан ч үгүй Дариас хоёр хөгшинд захидал ирлээ. Тэрээр нэгэн хувийн сургуулийн гадаад нэртэй ангид орсноо тэмдэглээд, дотуур байрны хөлс мөн халаасны мөнгө гэх мэтийн зүйлсийг сар болгон илгээж байхыг шаарджээ.

Бичиг үсэг гадарладаг ч үгүй Дорлиг, Должин хоёр ийш тийш сараачсан бичгийг сумын дунд сургуулийн багшаар дуудуулсан билээ. Монгол хэлний багш “хянуур” Дэмчиг захидлын хориодхон үгээс нийтдээ гучин зургаан ширхэг алдаа олж арай ядан дуудаж өгчээ. Маргааш өдөр нь Дорлиг тооны багш “сампин” Дэндэвийн ангийнх нь арын өрөөнд хоёулхнаа аминчхан уулзаж байлаа.

Шир шир хийх сампингийн чимээ намдсаны дараа Дэндэв удаанаар:

-Сард зуун мянган төгрөг. Дөрвөн жилд дөрвөн сая найман зуун мянган төгрөг, зуны амралтын сая хоёр зуун мянгыг хасаад гурван сая зургаан зуун мянга, дөрвөн жилийн сургалтын төлбөр хоёр сая дөрвөн зуун мянга, нийтдээ зургаан сая төгрөг болж байна даа гэж хэлэхэд нь аминчхан Дорлиг өвөө арай л шооконд орчихсонгүй.

Энэ өдрөөс хойш Дорлиг эмгэнтэйгээ үе үе ам мурийх болов. Хоёр жил арайхийн байж мөнгө явуулсаар мал нь дуусахад хүрч долоон хар ямаатай л үлдэв. Таван ханатаа зарж, бага гэртээ орсноор зогсохгүй хүн амьтнаас бага багаар зээлсээр ахиад хоёр жилийг өнгөрөөх тэнхээ авсан авч Дорлигийн чихэнд охин нь сайн сурч яваа тухай мэдээ сонсогдсонгүй.

-Ядаж эх орны алтан гурвыг ч болтугай авч л үзээсэй гэж эмгэн нь үдэш бүр бурхандаа залбирна. Нэгэн удаа шоуны мөнгө нэхсэн захиа явуулж өвгөний уурыг хүргэжээ. Гэвч аргагүйн эрхэнд хүн амьтнаас гуйж гувшин байж хэдэн цаас явуулав. Харин охиноос хичээл сурлагын талаараа нэг ч үггүй мөртлөө мөнгө нэхсэн захидал ирэх болгонд Должин эмгэн өвгөнөөсөө “Чамаас боллоо” хэмээх хатуу үгийг дуулж, жавтий хүртэх болов. Дөчин жил ханилахдаа үзээгүй юмаа үзэж өрөөсөн нүдээ тэс цохиулан хүн амьтны нүүр харалгүй хэд хонов. Хоёр хөгшин эвлэрч,

-Мөнгө гуйх нь ч яамай ганц ч болтугай юм сураасай л гэж бурхандаа залбирах болжээ. Харин хотруу үе үе явдаг панзчин хархүү нэг удаа Дарь охиных нь талаар мэдээ авчирсан юм. Тэр:

-Танай охин чинь сайн явна лээ. Жигтэйхэн гоёж гангалсан хүүхэн зүгээр... Бараг танихгүй шахам. Ер нь тэгээд охин чинь тэр хотод очоод маяг гээчийг л сайн сурч яваа юм билээ гэхэд нь хоёр хөгшин бөөн баяр болж, -Уул нь сурах гэж л очсон юм сан. Нэг ч болтугай юмыг нь сайн сурч байвал.., гүй овоо доо гэцгээв. Энэ өдрөөс хойш хоёр хөгшний сэтгэл тайвширчээ. Должин эмгэн өвгөндөө “Хэн зөв шийдвэр гаргадаг билээ?” гэж томордог болов.
Харин Дорлиг:

-За за, охин минь тэр маягийн дээдийгээ л сайн сурч байвал маний эд хөрөнгөгүй болох ч яамай хэмээгээд үе дамжиж ирсэн ганц халтар манан хөөргөө борлуулахаар овоохойноосоо гарлаа. Хоёр хөгшин хүнд мөнгө явуулах нь бүү хэл өөрсдийгөө яая даа гэмээр болсон авч охиндоо л мөнгө явуулахаа бодно. Нутгийн авгай нар:

-Должин чавганц түнтийтлээ идсэн голио шиг хичнээн сайхан амьтан байлаа даа хэмээн шивэр авир хийцгээнэ. Дөрвөн жил арайхийн дуусч, диплом хонхны баярынх нь мөнгийг олох гэж хоёр хөгшин бага гэрээ зарж овоохойд орлоо. Охин нь ирэх тухайгаа бичихэд нь хоног тоолон хүлээв.

Хаалга сэвхийн сөхөгдөн үнэр танар зүс царай гэж ум ма хум амьтан нэгэн өрвийсөн сөөсгөр бандитай хамт орж ирлээ. Ганц охиноо таньсан хоёр хөгшин ум хумгүй үнсэх гэж дайрцгаав. Гэвч тэдэнд үнсэх газар олдсонгүй.

Дорлиг өвгөн хүргэн болох сөөсгөр банди руу үе үе хяламхийн ширтэн суухад Должин эмгэн:
-Болж болж. Муу охинд минь сайн хүний үр таарчээ хэмээн манжлав.

Ашгүй, амны хишиг нь хаяагүй юм байлгүй тэр жил нь сонгууль болж, нэг намын нэр дэвшигч хүргэн охин хоёрт нь шинэ гэр өгчихлөө. Нөгөө нам нь бас өрсөлдөөд өвгөн эмгэн хоёрт бүрэн тавилгатай таван ханат гардуулж төвийн телевизээр гаргаж сүйд боллоо.

Хэдий хүргэн охин хоёр ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн ч, хот руу мөнгө төгрөг явуулах зовлонгүй болсон болохоор долоон ямаа нь өсөх шинжтэй. Сонгуулийн үеэр цугласан гурил будаа дараагийн сонгууль хүртэл хүрэлцээтэй. Тусламжийн хувцас байн байн ирж баярлуулна.

Должин эмгэн ч буцаад өвгөнийхөө үгнээс гарахаа больж, хальт харвал жирэмсэн хүүхэн шиг болон түнтийгээд ирэв. Аминчхан Дорлиг өвгөн айл хэсэж шимийн юм эргүүлэн явахдаа:

-Ээ дээ, хүүхдээ л битгий дээд сургуульд оруулаарай гэж амьтан ах дүүдээ аминчлан захина. Харин Дарийн хувьд гэвэл нөхөр нь түүнээс нүүрэндээ гурил түрхэхгүй байхыг л гуйдаг болсон гэнэ.

С.Баярхүү
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш