Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг хэдэн жилийн өмнө хашаалж бараг л дэлхийн хэмжээний “Диснейлэнд” шиг юм болгох тухай төсөл дээр Паркийн захиргаа “Бодь групп”-тэй хамтарч ажиллахаар болж байсан цаг саяхан. Ажил хэдий удаашралтай боловч арав гаруй шинэ тоглоом өнгөрсөн жил нээлтээ хийсэн ч үнэ өндөр учраас тэр бүр хүүхдүүд тоглох боломж маруухан байгаа юм. Энэ талаар Паркийн захиргааныхан хэлэхдээ “Өндөр үнээр авч байгаа тоглоомуудын зардлыг тооцож үзээд ийнхүү тасалбарын үнийг зохиосон. Нөгөөтэйгүүр, олсон орлогоосоо бид нэмж шинэ тоглоом авах учиртай тул хамгийн боломжийн үнийг л санал болгож байгаа нь энэ” гэж тайлбарлаж байлаа. Тэгвэл цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд буланд баригдаж буй 28 давхар “Шангрила” зочид буудлын ажил өдгөө 30 гаруй хувьтай явж байгаа бөгөөд энэ ондоо багтааж дуусгахаар ажиллаж байгаа гэнэ.
Харин саяхнаас тус зочид буудлын өмнөх талбайд нэгэн өрөмдлөгийн компани үйл ажиллагаа явуулж байсныг тодруулбал, “МАК”-ийн Б.Нямтайширын бариулахаар яригдаж байсан “Hyatt” таван одтой зочид буудлыг паркийн газраас сэмхэн хумсалж барихаар болсон нь тодорхой болов. Үүнээс харахад мөнгөтэй хүмүүс Парк хийгээд “Бодь групп”-ын хамтарч хэрэгжүүлж буй төслийн ажилд ихээхэн саад учруулж байгаа мэт харагдавч начир дээрээ өөрийн эзэмшлийн газрыг чухам хэдий хэмжээний үнээр зарчихав гэдэг нь сонирхол татаж байна. Ингээд бодохлоор арван тоглоомтой парк маань ядаж 30, 40 тоглоомтой болно гэж тооцвол тэдгээрийг мөнгө босгож оруулж ирж, үйл ажиллагаанд оруулах гэсээр байтал бүхэл бүтэн зочид буудлын барилга аль хэдийнэ сүндэрлэчихсэн харийнхны мөнгийг сэгсрэх ажилдаа ханцуй шамлан оржээ.
А.Харанга /www.wikimon.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.