Гэвч манай улс төрчдийн ихэнх нь худ ургууд болжээ. Тэдний дунд улс төрч хүний хүүхэд улс төрч хүний хүүхэдтэй гэр бүл болно гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг болчихож.
Мөн түүгээр ч барахгүй гэр бүлээрээ, хамаатан саднаараа энэ аалзны тор шиг сүлжээнд орсон байгаа нь доор мэдээлэл илтгэх шиг.
Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, НХХЯ-ны дэд сайд Н.Номтойбаяр худ ургууд
“ХАС”-ын Ганхуягийг Монголд танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Сангийн дэд сайд тэрбээр одоогийн НХХЯ-ны дэд сайд Номтойбаяртай худ. Тодруулбал Ганхуягийн дүү нь нийслэлийн нутгийн зөвлөлийн дарга бөгөөд тэрбээр Нямтайширын охин Цэмлүүнтэй үерхдэг билээ.
Гэр бүлээрээ МАН-ын улаан фен
Салдангийн Одонтуяа МАН-ын идэвхтэн гишүүдийн нэг. Харин түүний нөхөр мөн л түүнтэй нэг намд харьяалалд байдаг гэнэ. Хэдийгээр нөхөр нь намын ажилдаа нэг их оролцоод байдаггүй ч эхнэртээ бол шилдэг зөвлөх нь гэдэг. Одоогоор Салдагийн Одонтуяа нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн сонгуульт ажилтай нэгэн билээ.
Г.Занданшатар, Х.Баттулга нар ойрын хамаатнууд
Мөн УИХ-ын гишүүн Зам Тээвэр, Барилга Хот байгуулалтын газрын сайд асан Х.Баттулга УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар төрөл садангууд гэдэг. Хэдийгээр энэ хоёр эрхэм дайсагналцдаг хоёр намын томоохон албан тушаалтнууд ч хоорондоо хэл ам зөрж байсан түүх байдаггүй нь үүний нотолгоо.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Шаравдоржтой худууд
“МАН” хэмээх том айлын бүлгийн удирдаж яваа хүн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин. Харин түүнийг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржтой худ ургууд гэдгийг цөөнхөн хүн мэдэх байх. Тэдний хүүхдүүд саяхан гэрлэсэн бөгөөд мөн л улс төрд орох санаатай. Ө.Энхтүвшингийн хүү нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн хийдэг бөгөөд хүү нь аавынхаа араас улс төрд дөрөө харшуулахаар болсон. МАН-д элсэж улс төрд хүч үзэхээр болсон хүү Золбоо МАН-ын НАОХ-нд гишүүнчлэлтэй аж.
Ж.Бадамжунай хүүгийнхээ хамт
Нэг намын төлөөх аав хүү хоёрын хослол цааш УИХ-ын гишүүн, хөдөө аж ахуйн сайд Ж.Бадамжунайгаар үргэлжилнэ. Түүний хүү Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх газарт мэргэжилтэн хийдэг бөгөөд мөн л МАН-ын батлахтай, идэвхтэн гишүүдийн нэг аж.
Хууль зүйн сайд Ц.Нямдорж гэргий хүүтэйгээ нийлэн төрдөө зүтгэдэг байна
Увс нутгаас төр түшилцэж байгаа, Хууль зүйн сайд Ц.Нямдорж түүний гэргий Ж.Долгормаа нь нийслэлийн Үйлдвэрлэл үйлчилгээний газарт хэлтсийн дарга, харин хүү нь Н.Анхбаяр нь АНУ дахь Санфранцискод суух консулаар ажилладаг билээ.
“Мон-Уран”-ы захирал Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг НИТХ-д төлөөлөгч
Мөн бага насны хүүхэд садар самуунд уруу татсан хэрэгт унаад буй “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү түүний эгч Б.Саранчимэг нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгч. Мөн давхар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт захиралын албанд ажилладаг.
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржгийн охин, МҮАН-ын дарга асан Ц.Цолмонгийн хүүтэй
УИХ-ын дахь худ ургуудын холбоо мөн л гишүүн Р.Гончигдоржоор нэмэгдэх нь. Ардчилсан намын хашир туршлагатай гишүүн тэрбээр гурван хүүхэдтэй. Харин түүний охин нь МҮАН-ын дарга асан Ц.Цолмонгийн хүүтэй гэр бүл болжээ.
Х.Баярзаяа