logo
Хоол хүнсээ хөргөгчид яаж зөв хадгалах вэ?

Хоол хүнсээ хөргөгчид яаж зөв хадгалах вэ?

2012/03/19
Зарим хүмүүс оройн хоолноосоо тавьж хоноод маргааш өглөө нь идэх явдал байдаг. Хоносон хоолыг дахин халааж идэх нь:
1. Хоолны тэжээллэг чанар нь буурна.
2. Өвчин үүсгэгч нян орж, өсөж үржсэнээс болж хоолны нянгийн гаралтай хордлого үүсгэж болох аюултай.

Иймээс бэлэн хоол хүнсний зүйлийг яаж хадгалах талаар товч зөвлөе.

Хоолыг ихээр бэлдэлгүй зөвхөн нэг удаагийн хэрэглэх хэмжээгээр бэлдэж байвал зүйтэй юм. Ялангуяа ногоо жимсний зуушийг хэрэгцээнээс илүү их бэлдэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Чанасан юм уу шарсан төмсийг тавьж хонохгүй байвал сайн.

Хоолыг олон удаа халаах, удаан хадгалах зэрэгт хоолны чанар нь алдагдаж витамин задарч, түлэгдэлтийн нүдэнд үл үзэгдэх нүүрсний хольц бий болдог.

Ер нь олон төрлийн хоол, түүний дотор сүү цагаан идээг /хатаагаагүй/ удаан хадгалах нь муу. Жишээ нь: усанд чанасан будааг хөргөгчинд 3 хоног, сүүнд чанасан бол 24 цагаас илүү хадгалж болохгүй. Хэрчиж бүрэн бүтэн байдлаа алдсан бялуу болон амтлаг тостой боовыг хөргөгчинд 6 цагаас удаан хадгалах нь эрсдлийг дагуулах эхлэл болдог. Татсан мах бол нян үржих хамгийн тохиромжтой орчин учир хадгалж болохгүй.

Шарсан махыг хөргөгчид 2 хоног хадгалж болно. Харин идэхийнхээ өмнө дахин шарах хэрэгтэй. Чанасан гоймонг хонуулж болохгүй. Хоол амтлах сонгино сармис зэргийг хөргөгчинд задгай хадгалбал үнэр нь бусад хүнсэнд шингэдэг учир битүү саванд хийж хадгалах нь илүү тохиромжтой. Махыг битүү саванд хадгалж болох боловч шанцай, тос зэрэг болсон хоолтой хадгалж болохгүй. Чанасан, шарсан махыг гялгар уутанд хийж хадгалахыг цээрлэх хэрэгтэй.

Харин уутанд зөвхөн шинэ талх, сонгино, шанцай зэргийг богино хугацаанд хадгалж болно. Сүү, шөл, алимыг хөргөгчинд халуунаар тавивал уур гарч хөргөгчийг бүлээсгэн чийглэгийг нэмэгдүүлж бусад хүнсийг муутгах таатай нөхцлийг бүрдүүлэх болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хүнсний зүйл хөргөгчинд хадгалахдаа:
1. Хөлдөөгч тасалгааны  хамгийн гүн хөлдөөх хэсэгт хадгалах зүйлс: бууз мах мөхөөлдөс, аарц, харьцангуй удаан хадгалах сүү гэх мэт
2. Хөлдөөгчид хамгийн ойр 1-р хөргөх тавиур дээр царцаамал, хиам, варень, тос гэх мэт
3. 2-р тавиур дээр 2-р хоол, шанцай, бялуу, сүү, цагаан идээ, ундаа жүүс…
4. 3-р тавиурт 1-р хоол, бяслаг, шууз…
5. Ёроолд нь ногоо жимс гэх мэт ялгаж хийвэл хоол хүнсийг тохиромжтой хэмд хадгалж болдог байна.

Хөргөгчид хүнс хадгалах дээрх зарчмыг зөрчвөл хоолны хордлогод өртөх боломж бүрддэг байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш