logo
“Алтай констракшн” Дээд шүүхийг эгнээндээ элсүүлэв үү

“Алтай констракшн” Дээд шүүхийг эгнээндээ элсүүлэв үү

2012/03/19
Газрын маргаан хэмээх үгэнд нийгэм хэдийнэ дасал болж. Гэхдээ энэ талын асуудал, маргааныг үүсгэж, дэгдээгчид нь эрх мэдэл, хөрөнгөтнүүдийн дав­­­харгынхан.  Ялангуяа барилгын салбарын нөлөө бүхий эрхмүүдийн нэр газартай холбоотой хэрүүл маргаануудын дунд ёс юм шиг сонсогддог. Үүний нэг жишээ нь “Алтай констракшн” компани.

Нэг хэсэг Хан-Уул дүүргийн хүүхдийн тог­лоомын талбайг дээрэм­дэж аваад, тэр хавийн иргэдийг дарамталсан тухай томоохон асуудал дэгдсэн. Тухайн үед мөнгөтэй байхад нөлөөтэй байж чаддагийн жишээг тус компани сайн харуулсан.
Маргаан эхэлсэн түүх нь их сонин. Анх энэ газар иргэн С.Жигдэнгийн мэдэлд байхдаа 60 м.кв байсан аж. Гэсэн ч 2000 оны тавдугаар сарын 22-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын 158 тоот захирамж гарснаар дээрх 60 м.кв газар  “Алтай констракшн” компанийн эзэн Х.Бат-Эрдэнийн нэр дээр шилжсэн. Х.Бат-Эрдэнэ ийнхүү газрын эзэн болохдоо 60 м.кв  талбайг 4000 м.кв болгож авсан. Ингэж “Алтай констракшн”-аар овоглосон газрын маргаан эхлэв. Харам­салтай нь жирийн иргэд энэ маргаанд хүчин мөхөстсөн.
Хамгийн сонирхолтой нь Х.Бат-Эрдэнэ маргаан гарснаас хойш нэг их удалгүй дахин 5000 м.кв газрыг өөрийн болгов. Ийнхүү энэ компани Хан-Уул дүүрэгт 9000 м.кв  газартай болжээ. Гэхдээ эдгээр газартай холбоотой материалыг зохих албанд бүрдүүлж өгөх ёстой байтал Х.Бат-Эрдэнийн өөрийн хүсэл­тээс өөр бичиг баримт Нийслэлийн газрын албаны архивт байдаггүй аж.
Тиймээс тухайн хорооны иргэд ийм хэмжээний газрыг хууль зүйн үндэслэлгүйгээр ганц компанид олгосныг эсэргүүцсэнээр иргэн, ком­пани хоёрын дунд газрын ширүүхэн “дайн” болсон гэхэд хилсдэхгүй. Тус компанитай холбогдох шүүх хурал хоёр ч удаа болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай дур­­даж байсан. Тэр үед Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас “Алтай констракшн”-ы нэхэмжлэлийг хүлээн авч, тэдний буруутай үйл ажил­­лагааг хянаж үзээд Хотын даргын гаргасан 2011 оны тавдугаар сарын дөрөвний  өдрийн 370 дугаар захирамжийг хүчингүй бол­госон.
Энэ шийдвэр “Алтай констракшн”-д таалагдаагүй нь мэдээж. Тиймээс тэд Улсын дээд шүүхэд гомдол гаргасан аж. Хамгийн гол нь Дээд шүүхийн шийдвэр гараагүй, шүүгчдийн бүрэл­дэхүүн тодорхой болоогүй байхад “Алтай”-гийнхан Хан-Уулын ир­гэдийг тав­лаж, дарамталж эхэлсэн байх юм.
Энэ талаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдоос тодруулахад “Алтай констракшн” ХХК дээрх асуудал үүссэн цагаас эхлэн иргэдэд мөнгө амлах, рецедив гэмт хэрэгтнүүдээр айлган сүрдүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө өгч ташаа мэдээлэл гаргах зэрэг үйлдлийг удаа дараа хийж байсан. Хотын Засаг дарга “Би буруу шийдвэр гаргажээ” гээд шийдвэрээ цуцалсан.
Уг компани ялагдсаныхаа дараа Улсын Дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг буруу гэж үзсэнийх юм билээ. Энэ сарын нэгэнд Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасныхаа дараа над дээр ирж “Бид хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийсэн, манай талд Дээд шүүх ажиллах учир та хоёрт тус бүрт чинь мөнгө өгье. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа асуудал үүсгэхгүй чимээгүй байгаарай” гэж хэлсэн.
Шүүх хурлын тов ч гараагүй байхад энэ хүмүүс яагаад ийнхүү өөрсдөдөө итгэлтэй байгаа нь сонин санагдаж байна. Гэхдээ Хотын даргын гаргасан шийдвэр, мөн Захиргааны хэргийн шийдвэрийг Дээд шүүх зөв өнцгөөс нь харах байх гэдэгт итгэлтэй байна. Ер нь мөнгөөр далайлгадаг үе өнгөрсөн. Газрын наймаа гэж 10 гаруй жил ярилаа, одоо ханаж цадах цаг нь болсон баймаар юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр бол газрын наймааг таслан зогсоох шинэ ажил болсон гэж үзэж байна. Энэ шийдвэрийг Дээд шүүх хэвээр нь үлдээх хэрэгтэй. Тэгэхгүй бол Захиргааны хэргийн шүүх рүү явах иргэдийн цуваа дуусахгүй гэдгийг эрхэм шүүгчид маань мэдэж байгаа байх гэж итгэж байна. Эцэст нь хэлэхэд бид эцсээ хүртэл тэмцэх  болно, бидэнд та бүхний бохир мөнгө хэрэггүй гэдгийг дахин сануулъя” гэсэн юм.
Иргэдийн төлөөлөл ийн ярьж байв. Тэгээд ч нийслэлийн Засаг даргын 2005 оны 348 тоот, 2010 онд 54 тоот захирамжуудаар “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нийтийн эзэмшил ногоон байгууламж бүхий 9000 м.кв газрыг хууль бусаар олгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан билээ. Гэтэл тус компанийн удирдлагууд  юуны учир ийн ярина вэ.
Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн нэр хүнд, эрх зүйт төр, иргэний нийгмийг гутаан доромжилж, шүүхийг ч худалдан авах боломжтой  мэт ойлголтыг ард түмэнд төрүүлж байгаа  нь харамсалтай. Иймээс шүүх, хуулийн өмнө тэгш эрхтэй байх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс ард түмнийхээ талд зөв шийдвэр гаргах байх гэсэн нийгмийн хүлээлт байгаа гэдгийг Дээд шүүхийнхэн мэдэж байгаа болов уу.
Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш