logo
Цагдаагүйгээр ганц өдөр амьдаръя

Цагдаагүйгээр ганц өдөр амьдаръя

2012/03/19
Цагдаагүйгээр ганцхан өдөр амьдраад үзье. Яагаад болох­гүй гэж. Тэртэй тэргүй цаг­даа үүрэг гүйцэтгэж байс­ны төлөө шоронд хорьдог тог­тол­цоо бий болчихоод байна.     
Өнөөдөр цагдаагийн бай­гуул­­лагын удирдах дөрвөн ажилт­ныг долоодугаар сарын нэгний үйл явдалд буруут­­ган шүүнэ.
Сонгуулийн үеийн бузар муухай, нүгэл хилэнцэт хорт үйлдлүүдийн нэг илрэл нь долоодугаар сарын нэгний аймшигт үйл явдал. Олон зуун жилийн түүхэндээ өгсөж уруудаж, унаж бас босч явсан ч ухаалаг тайван, төрөө дээдэлдэг ард түмэнтэй Монгол Улс өнөө цагт ямар бол­чихоод байгаа, өвөг дээд­сийн ариун гол голомтыг са­хиж яваа бидний залгамж ха­лаа болсон залуус яаж өсч өн­дийж байгаагийн амьд дүр зураг харагдсан.

Энэхүү аймшигт са­муу­ныг харсан эх орноо гэх сэтгэлтэй бүх хүний зүрх шимширч, сэтгэл уймран “Мөнх тэнгэрийн доор Монгол Улс минь, хуулийн доор ард түмэн минь оршсоор ирсэн юмсан” хэмээн эзэн тэнгэр, эцэг хаанаа дуудан залбирцгаахаас өөрийг хийж чадахгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж байсныг хэн ч мартаж чадахгүй, мартаж ч болохгүй.
Үймээн самууныг нам­жааж, зохицуулж, зогсоох гэж муу сайн цагдаа нар яаж их зовон тарчилж, зодуулж нүдүүлж, бэртэн гэмтэж, цусаа урсгаж байсныг бид харсан.
Үймээний буруутныг даруй олж тогтоон зохих ял шийтгэлийг оногдуулна гэж ард түмэн харж хүлээсээр дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Харин эцсийн эцэст хэдэн муу цагдаатайгаа мөр зэрэгцэн үйл тамаа үзэж явсан дөрвөн даргыг гол буруутан хэмээн хүзүүнд нь олс углах дээрээ тулаад байгаа нь үнэхээр гайхаад баршгүйн  дээр айдас түг­шүүр төрүүлж байна. Энэ чинь нөгөө 1930-аад онд болсон их хэлмэгдүүлэлт давтагдаж байгаа юм биш байгаа гэж бодоход хүрлээ.
Тэгвэл энэ ял сонсоод сууж буй хүмүүс хэн бэ? гэдэг талаар хэдэн үг хэлье.
Генерал Ч.Амарболд бол улс, ард түмэндээ төдий­гүй дэлхийн  эрүүгийн  цагдаагийн байгууллага Интерполд танигдсан Мон­голын цаг­даагийн удирдах ажилтан гэдгийг бид мэднэ. Мөн тэр үед Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Очирхуягийн Зо­риг нь ОХУ-д ДЯЯ-ны дээд сургууль, удирдлагын ака­деми төгс­сөн. 1991 оноос эхлэн Цаг­даагийн бай­гууллагад ажиллаж буй мэдлэг боловсрол сайтай, хууль мэддэг, дадлага турш­лагатай удирдах ажилтан.
-Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хуран­даа Шуурайн Батсүх нь 1978 оноос сумын хэсгийн төлөөлөгчөөр ажлаа эхлэн улмаар нийслэлийн Сүх­баатар, Баянгол гэдэг асар хүнд нөхцөлтэй хоёр дүүр­гийн цагдаагийн даргаар 14 жил ажиллаж, үйл ажил­лагааг  нь  жигд сайн удирдаж, хөл дээр нь баттай зогсоож чадсан  алдар гавьяатай хүн. Түүнийг төр үнэлж, Цэргийн гавьяаны улан тугийн одонгоор шаг­насан юм. Хурандаа Ш.Батсүх аливаад махруу, зорьсноо ажил хэрэг бол­гож чаддаг, ажилсаг, аж ахуй­чаараа цагдаагийн бүх байгууллага, хамт олныг ман­лайлдаг, хүнийхээ хувьд өөрийн гэсэн бодолтой, ямар ч хүнтэй хэзээ, хаана, яаж харьцахаа мэддэг на­рийн торгон мэдрэмжтэй, нө­хөр­лөл түншлэлдээ үнэнч, найрсаг  наргианч  зөв сайхан эр хүн гэж хэлж болно. Хүнд ноцтой, эзэн тодорхойгүй олон зуун гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар, уйгагүй хичээл зүтгэлээр илрүүлсэн, ажлын хэсгийг удирдан ажилласан тухай цагдаагийн байгууллагын түүхэнд түүний нэр тодоос тод бичигдсэн байдаг.
Тэр үед Нийслэлийн цаг­даагийн газрын хэв жу­рам хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан Галсандоржийн Ганбаатар нь 1971 онд төрсөн, 18-хан насандаа эргүүлийн цагдаа болж, улмаар Цагдаагийн дээд сургууль, удирдлагын академи, магистрт сурал­цан төгсөж,  дүүргийн  цаг­даагийн хэлтэс, Эрүүгийн  цагдаагийн газрын тасгийн дарга, дараа нь НЦГ-ын хэв журам хамгаалах тасаг, хэлтсийн даргаар дэв­шин ажиллаж байсан өсөх ирээдүйтэй удирдах ажилтны нэг юм.
Монгол Улс ардчиллын замыг сонгосон цагаас эхлэн төр, засгийн эрхэнд гарсан шинэ цагийн эрхтэн дархтнууд цагдаагийн байгууллагаа ямар ч эрх мэдэлгүй зарц боол мэт үзэж  зөвхөн  “нохойд  барьдаг мод” болгон ашигласаар байна. Үүний нэг ил тод нотолгоо нь долоон сарын нэгний хэрэгт хандаж буй хандлага, эцэст нь цагдаагийн дарга нарыг яллахаар улайрч байгаа явдал гэж бодож байна.
Монгол түмний нүдэн дээр ил тод болж өнгөрсөн үйл явдлын буруутнаар өөрсдөө асар ихээр хохирон байж олон түмнийг авран хамгаалсан цагдаагийн байгууллагын дарга нарыг нь барьж аваад яллаад эхэлбэл цаашдаа юу болох вэ? Цагдаад ажиллах хүн олдох уу? Та бодоод үз л дээ! Цагдаагүй бол ард иргэд яаж амар тайван ажиллаж амьдрах вэ. Цагдаагийн үйл ажиллагааг ганц өдөр л 24 цагаар зогсоовол энэ самуун цаг үед юу болох бол гэж бодохоос үнэхээр айдас түгшүүр төрнө. 2008 онд шиг санаж байна сэтгүүлч Р.Энхтуяа “Өмч хөрөнгө, амь насыг нь хамгаалж байдаг нохойгоо эзэн нь зодоод эхэлбэл эргээд ноцох нь эргэлзээгүй” гэж бодит байдлыг үнэлж дүгнэж үнэн үг хэлсэн юм.
Цагдаа төр засаг, ард иргэдийнхээ аюулгүй, ам­галан тайван байдлыг хам­гаалж, тэдний өмнө өр­гөсөн тангарагтаа үнэнч байх үүрэгтэй, үүнийхээ төлөө зүтгэдэг. Тангараг өргөсөн тэдний итгэл зүтгэл, урам зоригийг мохоож унт­раа­гаад байвал эцэст нь хор хохирлыг хэн амсаж эд­лэх вэ? Ард түмэн бид л хохирно. Хэрвээ цагдаа хэ­рэггүй, буруу ажиллаад байгаа юм бол  цагдаагийн байгууллагыг татан буулгаад үзье л дээ!

Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш