Сирийн эрх баригчид ОХУ болон Арабын улсуудын холбооноос /АУХ/ санал болгосон хямралыг энхийн замаар зохицуулах төлөвлөгөөг зөвшөөрчээ. Энэ тухай Москва дахь Сирийн Элчин сайд Риад Хаддад мэдэгдсэн байна.
Тэрбээр «Дамаскийн эрх баригчдын хувьд таван хэсгээс бүрдэх уг төлөвлөгөөнөөс татгалзах зүйл байхгүй, хүчирхийллийг зогсоож, ямар нэг урьдчилсан болзолгүйгээр асуудлыг шийдэхийн тулд яриа хэлцээ хийхэд бэлэн байгааг» дурджээ.
Гуравдугаар сарын 10-нд Каир хотноо АУХ болон Оросын төлөөлөгчдийн баталсан уг төлөвлөгөөнд мөргөлдөөнд оролцогч талууд хүчирхийллээ зогсоох, хяналтын механизм бий болгох, нийт бүс нутагт ямар нэгэн саад тотгоргүйгээр хүмүүнлэгийн тусламжийг хүргэх, Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны Сири дэх үйл ажиллагааг дэмжих талаар тусгасан байна.
Сирийн хямралыг зохицуулах тусгай төлөөлөгч Кофи Аннан өнгөрсөн ням гарагт Дамаск очсон бөгөөд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай хэлэлцээ хийсэн юм.
Д.Жаргал
МОНЦАМЭ