logo
Хиймэл дагуул хөөргөхөө хойшлуулахгүй

Хиймэл дагуул хөөргөхөө хойшлуулахгүй

2012/03/20
«БНАСАУ НҮБ-ын тогтоолыг зөрчин дөрөвдүгээр сард алсын тусгалтай пуужин туршихаар төлөвлөж байгаа тухай үнэнд өчүүхэн ч нийцэхгүй цуурхал тарааж байна» хэмээн БНАСАУ-ын тал АНУ, Япон болон Өмнөд Солонгосыг эрс шүүмжлэн буруушаалаа.
Умард Солонгосын төв цахилгаан мэдээний КСNА агентлагийн мэдэгдэлд «энэ цуурхал бол сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах гэсэн БНАСАУ-ын боломжийг үгүйсгэх гэсэн оролдлого» дүгнэжээ. «Дэлхий орчмын тойрог замын орон зайг зөвхөн хэдхэн орны эзэмшил болгон хувиргаж болохгүй» гэдгийг уг мэдэгдэлд дурдаад «БНАСАУ өөрийн технологид түшиглэн зохион бүтээсэн «Кванмёнсон-3» хиймэл дагуулаа дөрөвдүгээр сард хөөргөх төлөвлөгөөгөө хойшлуулна гэж АНУ, Япон, Өмнөд Солонгос найдаж байгаа нь төөрөлдсөн хэрэг мөн» гэж тэмдэглэсэн байна.
«БНАСАУ хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа талаарх бүхий л шаардлагатай мэдээллийг олон улсын зохих байгууллагуудад илгээсний сацуу тус улсын Сансрын судалгааны хороо хиймэл дагуул хөөргөх явцад ажиглалт хийх тухайн салбар дахь гадаадын туршлагатай шинжээчид болон сэтгүүлчдийг урихаар төлөвлөж байна» гэдгийг агентлагийн мэдэгдэлд дурджээ.
Өмнө нь мэдээлснээр, дээрх хиймэл дагуулыг Пхёнян-пукто мужийн Чолсан тосгон дахь сансрын буудлаас дөрөвдүгээр сарын 12-ноос 18-ны хооронд хөөргөнө гэдгийг зарласан бөгөөд энэ нислэг нь БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үйл явдал юм.
Б.Адъяахүү
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш