БТСГ-ын мэргэжилтэн Ч.Базарсүрэн дасгалжуулагчтай манай паралимпийн жүдочид энэ сарын 21-нд Герман улсыг зорих юм. Тэд тус улсад гурав хоног үргэлжлэх Германы олон улсын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д П.Болортуяа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү, 66 кг-д А.Мөнхбат, 90-д Д.Ганбат, -100-д Д.Очирхуяг нар хүч, ур чадвараа сорино. Тамирчдаас гадна багийн бүрэлдэхүүнд эмч болон албаны хүмүүс багтаж байгаа юм. Уг тэмцээний дараа манай паралимпийн жүдочид Францаас ирүүлсэн урилгын дагуу тус улсад хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Мөн манай жүдочид харааныхаа ангиллыг тогтоолгож, дахин баталгаажуулах юм. Дашрамд сонирхуулахад, манай паралимпийн жүдочид 2012 оны Лондонгийн паралимпийн өмнө гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцож байсан тохиолдол байгаагүй билээ.
Д.Өлзий
МОНЦАМЭ