Б.Номинчимэд, хариуцлагатай нарийн бичгийн дарга Ж.Батсайхан, сэтгүүлч Ш.Эрдэнэчимэг нар оролцов.
ЖДҮ, бизнес эрхлэгчид ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх сонирхолгүй байдгаас олон хүн нийгмийн даатгалаа төлөөгүй явсаар байна. Мөн ахимаг насныханд ажил олдохгүй байна, насыг мннь сонсчихоод л голох юм гэсэн гоморхол их байдаг….
-Ерөөсөө энэ бол нийтлэг хандлага. Тийм учраас энэ асуудлыг тавиад байгаа юм. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх сонирхол нэмэгдэж байгаа. Аж ахуйн нэгжүүд нийгмийн харилцаанд өргөн оролцох болсон. Жишээ нь: нэг барилгын компани байлаа гэхэд мэдээж тендерт оролцож ажил авах сонирхолтой. Гэтэл тендерт орлоо гэхэд хамгийн түрүүнд хэдэн ажилчинтай вэ гэдгийг нэг үзүүлэлт болгодог болсон. Нийгмийн даатгал төлсөн баримтаараа үүнийгээ нотолдог учир энэ асуултад худлаа хэлэх ямар ч боломж байхгүй. Тийм учраас аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүсийг ажилд авах сонирхолтой. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувиар төлөөд ажилчдаа авна гэхээр өсч томроогүй байгаа аж ахуйн нэгжүүдэд асар их дарамт учирдаг. Тэгэхээр 35, 45-аас дээш насныхны нийгмийн даатгалыг төр даагаад эхлэхээр тэр аж ахуйн нэгжүүд ажилчдаа аваад эхэлнэ. Ийм ийм нөхцөл байдлаас шалтгаалж хуулийн төсөл өргөн бариад байгаа юм.
-Иргэдийн дунд нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь юунд хэрэгтэй юм бэ гэсэн хандлага их байдаг. Хуулиа сайн сурталчлахгүй байна уу?
-Нийгмийн даатгал төлнө гэдэг нь тухайн хүн насны эцэст хэдэн төгрөгийн орлоготой явах баталгаа юм шүү дээ. Бусад улс оронд даатгалын систем нь их өндөр хөгжсөн байдаг. Зарим оронд байгууллагаар, хувь хүмүүсээр даатгал хийлгээд явж байна. Эсвэл нийгмийн даатгалын мөнгөө ашигтай том том аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийгээд хадгалуулдаг систем ч байна. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг бол иргэдийн тэтгэвэрт гарсан хойно амьдрах баталгааг бүрдүүлдэг. Иргэд сайн ойшоохгүй байгаа нь энэ чиглэлийн сурталчилгаа муу байсных. Харин одоо иргэд нэлээн сайн ойлгодог болж. Өнгөрсөн долоо хоногт С.Эрдэнэ гишүүн их сайхан хуулийн төсөл өргөн барилаа. 1990 болон 2000 оноос хойш олон аж ахуйн нэгж дампуурч, тэр хэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, ажилласан жил тасарсан. Тэгэхээр шимтгэлээ нөхөн төлөх юм бол тэр хугацааг ажилласан жилд бүртгэх юм. Төсөвт ямар ч дарамт байхгүй. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд тэтгэвэртээ гарах боломж бүрдүүлж байгаа. Эдийн засаг ийм боломжтой байгаа үед нийгмийн энэ асуудлыг шийдээд авах хэрэгтэй. 4-5 жилийн өмнө төсөв муу байсан болохоор ийм боломж байгаагүй. Одоо үүнийг шийдчихвэл цаашдаа бүх зүйл голдрилдоо ороод явна.
ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛД ЦАЛИНГ САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭЭД Ч НЭМЭРГҮЙ
-НӨАТ-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ч мөн өргөн барилаа. НӨАТ босгыг өндөрсгөх зайлшгүй шаардлагатай юу?
-Энэ хуулийн төслийг бас л иргэд сонгогчдын хүсэл, саналаар санаачилж байгаа юм. Манай татварын хуульд 2006-2007 онд нэг өөрчлөлт хийсэн. Тэр үеийн монгол орны нийгэм эдийн засгийн байдал одоогийнхоос өөр байсан. 10 саяас дээш төгрөгийн борлуулалт хийсэн аж ахуйн нэгжийг НӨАТ-т хамруулдаг. Тухайн үед 10 сая төгрөгийн борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүд дунд, дундаас дээш хэмжээнийхэд тооцогдож байлаа. Одоо бол 10 сая төгрөг хувь хүний халаасанд байдаг болсон. Борлуулалтын орлого нь 11-12 сая болоод ирэхээр НӨАТ төлдөг, тайлан гаргадаг. Тооцоо хийгээд үзэхэд 60300 аж ахуйн нэгжийн 54000 гаруй нь 100 саяас доош борлуулалттай байгаа. Тэгсэн мөртөө 100 саяас доош борлуулалттай хэдхэн аж ахуйн нэгж нь НӨАТ-ын 2.8-хан хувийг бүрдүүлдэг. Татварын орлогын 97 гаруй хувь нь 100 саяас дээш борлуулалттай аж ахуйн нэгжийн татвар байна. Тэдэнд хамгийн их дарамт нь НӨАТ-ын тайлан сар бүр гаргах. Тэд орон тооны нягтлан авах боломж байхгүй. Хэн нэг нягтланг гуйгаад л худлаа үнэн тайлан гаргаад явж байна. Төсөвт ямар ч нэмэргүй шахам мөртөө аж ахуйн нэгждээ их дарамттай байгаа юм. Иймээс ядаж 100 сая болгооч гэсэн хүсэлт их тавьдаг.
- Энэ асуудлыг нөгөө талаас нь харахад томоохон компаниуд олон жижиг компани болж задраад НӨАТ-аас зайлсхийгээд байгаа юм биш биз?
-Одоо манайд татварын бүртгэлийн систем төгс төгөлдөр болсон. Дээр нь Монгол орон өөрөө их жижиг, бүгд бие биенээ мэддэг. 4-5 жилийн өмнө бол зайлсхийх явдал гардаг байсан. Одоо эдийн засаг сайжирч байгаа энэ үед томоохон аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийх, зугтаах нь их багассан. Татвар төлж байгаагийнхаа хэрээр төрийн зүгээс дэмжлэг их авч, нэр хүнд нь өсч байна.
- Аж ахуйн нэгжүүд ашиг орлогынхоо 20 хувийг ажилчдынхаа цалинд зарцуулдаг. Уул уурхай дөнгөж гуравхан хувийг цалинд зарцуулж байгаа гэсэн судалгаа байна. Үүнийг өсгөх бололцоо байдаг уу?
-Энэ тооцоог нарийн хийж үзээгүй юм байна. Цалингийн асуудал их ээдрээтэй асуудал л даа. Нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалдаг юмуу, цалин нэмэхээр нэмсний хэрэггүй болчихоод байдаг. Өнөөдөр 30 хувь нэмэхэд маргааш нь 300 төгрөгийн бараа 330 төгрөг болж байна. Нөгөө талаар төрийн албанд ажилладаг 160-аад мянган хүн, тэтгэвэр авагчдын тэтгэврийг нэмлээ гэхэд цаана нь хувийн хэвшлийнхнийг хөлдөө чирэх гээд байдаг. Эдийн засаг маш сайн тогтворжсон, үнийн өсөлтөөс хамгаалдаг механизмтай болсон нөхцөлд цалин бодит нэмэгдэл болохоос одоогийнх шиг ийм нөхцөлд цалинг сая төгрөгт ч хүргээд нэмэргүй. Тэгэхээр цалин тэтгэвэр нэмэхдээ дам аргаар нэмэх нь зөв арга юмуу гэж боддог. Тухайлбал: цалинг 20 хувь нэмэхийн оронд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын 20 хувийг төр даачих юм бол цалингаас авдаг тэр 20 хувь иргэнд бодит нэмэгдэл болж очно. Чуулган дээр ч би үүнийг хэлж байсан. Тэрнээс биш ОХУ-д цалин 4 сая, Хятадад 2 сая байна, тэрэнд хүргэнэ гэж нэмнэ гэвэл нэлээн их тооцоо, судалгаа хэрэгтэй.
-Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 2 дугаар сарын 1-нээс 80 мянгаар нэмлээ, 5 дугаар сарын 1-нээс дахин нэмнэ. Таны үзэж буйгаар бол энэ нэмэгдлүүд үр ашиггүй болох нь ээ?
-Энэ бол их хэцүү. УИХ-ын чуулган дээр бидний маргалдаад байсан юм нь энэ шүү дээ. Улс орны хувь заяагаар улс төр хиймээргүй байна. Сая хөдөө орон нутгаар иргэд, сонгогчидтой уулзаад ярьж байхад цалин нэмэх гэсэн чинь АН нэмүүлсэнгүй, нэг сая төгрөгийн хувьцаа өгөх гэсэн чинь АН өгүүлсэнгүй гэсэн яриаг хавтгай тараасан байна. Би, цалин нэмэхийн төлөө байна. 30 хувь нэмэхээр барааны үнэ 30 хувь нэмэх гээд байна, нөгөө талаар хувийн хэвшлийг хөлдөө чирэх гээд байна. Тэгэхээр Засгийн газар энэ дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэдгийг хэлсэн. МҮЭХ-той уулзаач, том компаниуд, импортлогчидтой ч уулзаж болно шүү дээ. Улс орны төлөө нэг удаа үнээ бариач ээ гэж болно. Гэтэл энэ асуудал тэр чигээрээ хавтгай улс төр болоод явчихлаа.
ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦАА ГЭДЭГ НЭГ СУМААР ХОЁР ТУУЛАЙ БУУДМААРГҮЙ БАЙНА
-Тавантолгойн хувьцааны талаар ч мөн талцсан маргаан бий шүү дээ?
-Хувьцааны асуудал дээр ч би өөр бодолтой байгаа. Нэг сумаар хоёр туулай буудмааргүй байна. Хувьцааг тэртэй тэргүй өгнө. Цаана нь тэр амласан бэлэн мөнгөө өгөхгүй бол, нэг сая төгрөгийн хувьцаа өглөө, аваад хадгалаад байвал байж бай, хадгалахгүй бол худалдаж авъя, худалдаж авсан сая төгрөг чинь нөгөө сая төгрөг чинь шүү гэсэн ийм заль маягийн юм хэрэггүй байхгүй юу. Тэгэхээр улс орныхоо хув заяагаар улс төр хиймээргүй л байна. Бэлэн мөнгө тараах бол буруу, ингэхээ больё гээд бүгдээрээ яриад байгаа. Тэгсэн мөртөө өнөө маргаашийнхаа улс төрийг бодоод, эхчүүдэд урамшуулал олгоно гээд хуулийн төсөл оруулаад ирж байна. Тэгэхээр нь манай нам бэлэн мөнгөнөөс татгалзъя гэж байгаа болохоор наадах чинь болохгүй, больё гэхээр АН эхчүүдэд урамшуулал олгохгүй гэж байна гээд л улс төржүүлчихдэг. Тэгэнгүүт бид зөрүүлээд хүүхдийн мөнгө гээд тавихаас өөр аргагүй. Ингээд л бие биенээ хүнд байдалд оруулаад, ийм уралдааныг аяндаа бий болгоод байна. Тэгэхээр улс төрчид сонгууль гэдгийг толгойноосоо авч хаяад үнэхээр улс орныхоо төлөө гэж байгаа л юм бол зарим зүйл дээр хохирол амсаад ч хамаагүй зөв голдрил руу явмаар байна. Улс төрийн намын цаад зорилго сонгуулиар ялж засгийн эрхийг гартаа авч бодлогоо хэрэгжүүлэх. Гэтэл нөхцөл байдлын үүднээс нөгөө талтайгаа адил нэг юм гаргаж тавихгүй бол болохгүй байдаг. Ийм юмыг одоо хязгаарламаар байгаа юм.
-Хүүхдийн мөнгө АН-ын хувьд улс төрийн тоглолт байсан гэж ойлгож болох нь ээ?
-Энэ олон шалтгаантай. Одоо 21 000 төгрөгийн халамж зогсоно. Тэрийг орлуулж халамж өгөх гэж байгаа бол хамгийн тохиромжтой нь өмнө туршаад үзсэн хүүхдийн мөнгө. Хүүхдээр дамжуулж халамжийг хүргэх нь хамгийн зөв арга.
- Ардчилсан нам МАН-ыг тодорхой зүйлээр шантаажилж, ямар нэг юм амлуулж аваад чимээгүй болчихдог. Тэр тавьсан асуудлаа эцэст нь хүртэл хөөцөлддөггүй нь зүгээр улс төрийн жүжиг биш үү?
-Улс төр бол зөвшилцөл хийж байж үр дүнд хүрдэг зүйл. Хоёр тийшээ хараад суучихвал нийгэмд ч, ард түмэнд ч их хохиролтой юм болох гээд байдаг учраас тийм нэг зөвшилцлийн зүйл байдаг. Боловсролын тухай хуулийг хэлэлцэхгүй бол энэ хуулийг хэлэлцэхгүй гэх юм бол гарч л байдаг. Энэ нь хувь хүний юмуу, намын эрх ашигтай холбоотой гэхээсээ илүү нийгэмд хүлээгдэж байгаа асуудлыг гацаахгүй явъя гэдэг үүднээс ийм нөхцөл үүсдэг. Зарим нь ч зогсохоос өөр арга байхгүй. Жишээ нь Батлан хамгаалахын сайдын асуудлыг бид тулгаад л орхисон. Энхбаяр сайдын сонинд ярьсан зүйл нь улсын нууц мөн байна гэдгийг тэр чуулган дээр сууж байсан Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга, жанжин штабын дарга нь хэлсэн шүү дээ. Үүнийг хэлэлцсэн ч улс төрийн шалтгаанаар аваад үлдчихээр бид яах вэ дээ. Яах ч арга байхгүй.
-2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан цагдаагийн дарга нарыг хорих шийд гаргачихлаа. Тэд үнэхээр гэм буруутай гэж батлагдчихав уу гэтэл их эргэлзээтэй. Цаана нь улс төр бас явчихсан юм биш байгаа. Таны байр суурь ямар байна?
-Энэ их ярвигтай асуудал. Манайд урьд нь ийм үйл явдал болж, онц байдал зарлаж байсангүй. Тэр үед яаж ажиллах туршлага ч байхгүй , гэнэтийн үйл явдал болсон. Үүнээс үүдэлтэй алдаа мадаг их гарсан байх аа. Яг үнэнээр нь гаргаж тавья гэвэл тэр үед ажиллаж, шийдвэр гаргасан бүх хүмүүс шүүх хуралд ороод нээлттэй тайлан тавих ёстой байх. Бүх нийтийн нүдэнд дээр ил болоогүй юмыг хүртэл манайхан илрүүлж чаддаг шүү дээ. Яагаад илрүүлж чадахгүй байгаа юм. Тэгэхээр бодит байдлыг ил болгох хэрэгтэй. Нуугаад л байх юм бол хэзээ ч шийдэгдэхгүй. Тэр үед шийдвэр гаргасан хүмүүс бүгдээрээ байгаа шүү дээ. Одоо ард түмэнд бүх юм ойлгомжгүй болоод байна. Цагдаа тушаал биелүүлэх үүрэгтэй.
Хэн ч гэсэн хар ухаанаар бодоход тушаал биелүүлэхгүй гээд яах юм бэ. Тэгэхээр цагдаагийн дарга нар буудах тушаал аваагүй гэсэн байр суурь дээрээ байгаа. Гэтэл буудсаныг нь яагаад илрүүлэхгүй байгаа юм гээд бөөн сүлжилдсэн зүйл болчихлоо. Сүүлдээ ч өөрсдөө ч ойлгож байгаа юмуу гэмээр байна.
-Сонгууль будлиантай болсон гэсэн асуудлаас болж үймээн гарсан. Гэтэл сонгууль будлиантай болсон гэдэг асуудлаар өнгөрсөн жилүүдэд нэг ч асуудал үүссэнгүй, шалгасангүй. Үнэхээр сонгууль будлиантай болсон бол тэрийг нь шалгах, будлиантай болоогүй юм бол будлиантай болсон гэж иргэдийн хөөрөгдөн турхирсан, хэлсэн хүмүүсийг шалгах хэрэгтэй юм биш үү?
-Ард түмэн жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Тэрийг даамжруулахгүй, үймээн болгохгүй байх нь төрийн үүрэг. Тэр үүргээ яагаад биелүүлээгүй юм бэ. Үүнийг ярьж байгаа юм. Сонгууль будлиантай болсон асуудлыг иргэний журмаар ярих ёстой. Будлиантай болсон гэдэг хүн нь холбогдох газарт хандаад шалгуулах ёстой. Хуулийн хүрээнд зохион байгуулаад барьж чадалгүй үймээн болгосон гэвэл бас нэг өөр.
ГАЗРЫН ТОСНЫ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ БОЛСОН
-Та бол байгаль орчны асуудлаар хүчтэй ярьдаг гишүүний нэг. Байнгын хороо удирдахаа больсон ч гэсэн энэ асуудлаа яаж үргэлжлүүлж байна?
-Гишүүний асуудал нэг тойргийн асуудал биш л дээ. Улс орны хэмжээний асуудлыг тавьж л байхгүй бол болохгүй. Улаанбаатарын агаарын бохирдлын асуудлыг байнгын хороогоор оруулаад УИХ-аар хэлэлцүүлж байхад зарим нь «Чи хөдөөнийх байж» гэх хандлага гарч л байсан.
Гэхдээ энэ бол миний үүрэг учраас энэ асуудлын хойноос явахгүй бол болохгүй. Улаанбаатарын агаар бохирдсон нь хөдөөгөөс сонгогдсон гишүүнд хамаагүй асуудал биш шүү дээ. Тэгээд ч агаарын бохирдол зөвхөн нийслэлийн асуудал биш боллоо. Аймгийн төв ч хүнд болоод байна. Нэг мэдэхнээ л аймгийн төв нийслэл шиг болчихсон байвал бид яах билээ гээд сууж байхгүйн тулд одоо ярьж байх хэрэгтэй. Байнгын хороо удирдаж байхад чухал хуулиудыг хэлэлцсэн. Газрын тухай багц хуулийн төслийг нэлээд явуулаад байна. Байгаль орчны багц хуулийг ч нэлээн явуулсан. Манай байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаад хаврын чуулганаар энэ хуулиудыг явуулъя гэж ярилцлаа.
Усны төлбөр, Хүнсний тухай хууль гээд чухал асуудлууд бий. Ийм хуулиудыг хурдан батлуулах хүсэл эрмэлзлэлтэй л байгаа.
-Өөрийн чинь тойрог газрын тосны цөм болсон газар. Тэр утгаараа нэлээн анхаарал татсан тойргийн нэг. Танай тойрогт Хятадын «Дачин Тамсаг» компани газрын тос олборлож байна. Энэ талаар манайд гомдол, санал ирж байгаа. Хятад жолооч нар орон нутгийнхныг дарамталдаг дээрэлхдэг, машин дотроосоо бохироо шиддэг гэх мэт. Үүнтэй холбоотой мэдээлэл танд хэр их ирж байна?
-Манай тойрогт газрын тос, урантай холбоотой нэлээн асуудал байсан. Сүүлийн 1-2 жилд гайгүй боллоо. Манай мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгаад үүрэг даалгавар өгөөд нэг үеэ бодвол арай дээр болсон. Гэхдээ энэ бол байнга хяналтад байхгүй бол болдоггүй асуудал.
Манай байнгын хорооны төлөвлөгөөнд, Байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг хянахаар ирэх тавдугаар сард явж ажиллахаар тусгагдаад байгаа. Газрын тосны асуудлаар би хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Орж ирэнгүүтээ нэг хуулийн төсөл өргөн барьсан. Өнгөрсөн жил бүр шинэчилсэн найруулгын хэмжээнд нэг хуулийн төсөл өргөн барилаа. Засгийн газар болохоор, бид яг ийм хуулийн төсөл боловсруулаад байна. Өргөн барих гэж байна гэж хойшлуулсаар байгаад одоо энэ чуулганд амжихгүй боллоо.
Газрын тосны хууль 1995 оны хууль. Энэ хууль одоо эрх зүйн зохицуулалт хийх чадваргүй болсон. Үндсэндээ хуульгүй юм шиг шиг явж байна.Үүнийг шинэчилсэн найруулгын хэмжээнд авч өөрчлөхгүй бол ойлгомжгүй байдалд яваад байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ энэ хуулиар зохицуулж чадахгүй байна. Бусад эрх зүйн зохицуулалтыг ч одоогийн нөхцөлд тохируулж чадахгүй байгаа. ЭБЭХ-ний сайдтай энэ асуудлаар олон ч удаа маргалдсан даа. ЭБЭХЯ дээр хуулийн төсөл бэлэн болсон гэтэл Сангийн яам дээр татвараа яаж авахаа эцэслэж чадахгүй хүлээгдээд байна гэдэг юм байна. Бүр сүүлдээ бид шийдэж чадахгүй байгаа болохоороо гадаадаас шинжээч уриад байна гэсэн инээдтэй юм яриад сууж байх юм. Тэгээд л ерөөсөө энэ хуулийг энэ чуулганы хугацаанд батлуулж чадахгүй юм байна гэж бодоод ядаж өөрсдөө нефть боловсруулах үйлдвэртэй байх хэрэгтэй гэсэн бодлоор тогтоолын төсөл өргөн барьж батлууллаа. Манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ийм үйлдвэр байгуулна гэж тусгасан ч урагшаа явдаггүй юм. Үүний учир шалтгааныг би ер ойлгодоггүй. Үүний цаана нефть боловсруулах үйлдвэртэй болох сонирхолгүй болгох ямар нэг бүлэг хүчин байна л гэж боддог. Нефтийг хялбар аргаар аваад боловсруулах боломжтой гэдгийг тогтоосон. Дорнод аймгийн 19 дүгээр талбай дээр 174 сая тонн түүхий тосны нөөц бий гээд улсын бүртгэлд авчихлаа. Шууд хялбар аргаар аваад боловсруулах боломжтой нь 20 сая тонн. 16 аж ахуйн нэгж нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гээд байхад «та нар чадахгүй гээд» зөвшөөрөл өгдөггүй. Та нар санхүүгээ яаж босгох юм гэдэг, цаадуул нь тусгай зөвшөөрлөө өгчих юм бол тэрийгээ үзүүлээд санхүүгээ босгоно гэхэд нь санхүүжилтээ авчихаад дараа нь тусгай зөвшөөрлөө ав гээд байдаг. Тэгэхээр энэ цаанаа нэг учир шалтгаан байна. Зарим компани 123 мянган тонн түүхий тос боловсруулах үйлдвэрийг зөвшөөрөл авсан өдрөөсөө 24 сарын дотор барина гэж байгаа. Америкийн технологи оруулж ирнэ гэсэн. Тунгалаг бүтээгдэхүүний гарц 85 хувь. Тэгэхээр 100 орчим мянган тонн нефть гарна. Зүүн гурван аймгийн хэрэгцээ жилдээ 60 мянган тонн байдаг гээд бодоход энэ хэрэгцээг хангах бололцоотой болно.
Ийм асуудлыг шийдэхээр 2012 оны 2 дугаар сарын 10 гэхэд тусгай зөвшөөрөл өгсөн байх, 2013 оны 6 сар гэхэд үйл ажиллагаа жигдэрсэн байх гэх мэт заалттай тогтоол гаргуулсан. Нефть илэрсэн газар бүхэн жижиг үйлдвэр байгуулаад, нефть илрээгүй газарт занар, нүүрснээс шингэн түлш гаргаад шийдээд явах гэсэн юм. Тэрнээс биш Дарханд 2 сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд түүхий тосоо бас л импортоор авна, энэ нь бензинээ импортолж байгаатай адилхан.
-Түрүүнд хөндөж ярьсан. «Дачин Тамсаг» компанийн хууль журам зөрчиж буй үйлдлийг хил, гааль, мэргэжлийн хяналтынхан хянах шалгах, зогсоох эрх байхгүй. Ямар нэг байдлаар хянах гэсэн хилийн цэргийн офицерийг бүр тэр салбараас нь зайлуулсан. Дараагийн хүнийг аваачиж тавихдаа энэ асуудалд орооцолдож болохгүй гэсэн мэдээлэл ч бий. Хятад жолооч нар монголчуудын малыг дайраад 7-8 км газар чирээд явдаг гэх мэт мэдээллүүд ирдэг. Энэ хэр бодитой вэ?
-Би нүдээрээ хараагүй учраас бодитой гэж хэлэх хүнд байна. Энэ асуудлыг л байхгүй болгох гээд байгаа юм чинь өнөөх хууль эрх зүйн орчин. Хуулиа л барих ёстой. Гэтэл манайх бараг хуульгүй явж байна. Газрын тостой харьцдаг нарийн зохицуулалт байхгүй. Хуультай болчихвол хуулиа бариад манайхан яваад байж чадна. Энэ хуулийг эцэслэж гаргаж чадахгүй өдий хүрлээ. Ядаж хуулиа гаргаж чаддаггүй юмаа гэхэд Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр орж байгаа мөнгөөрөө ганц Итгэмжлэгдсэн лаборатори байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол 20 тонн түүхий эд гарлаа, Хятадын талд шинжлүүлээд 5 хувь нь ус байна гэхэд бид «Өө тийм үү» гээд аманд нь ороод л явж байна. Манай яам ядаж л ийм лаборатори байгуулж чадахгүй сууж байна шүү дээ.
- Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хэдий хэмжээний мөнгө орж ирдэг юм бол ?
-Сүүлийн 2 жилд 60 тэрбум ч гэл үү төгрөг орж ирдэг гэсэн. Сайн санахгүй байна. 40, 60 хувь гэдэг ч үндсэндээ манайд 24 хувь л орж ирж байгаа юм. Гэхдээ тэр 24 хувийн мөнгө чинь хөөрхөөн мөнгө болдог. Нэг байтугай хэд хэдэн лаборатори байгуулах боломжтой мөнгө. Бүтээгдэхүүн хуваах гэрээ манайд ашиггүй байна, шинэчилье гэхээр нөгөө Газрын тосны хууль шинэчлээгүй бол болохоор тээг болоод байна.
- Батлагдсан тогтоолоор бол 2 дугаар сарын 10 гэхэд зөвшөөрлөө өгсөн байх ёстой юм байна. Зөвшөөрлөө өгсөн болов уу?
-ЭБЭХЯ руу асуулт тавина. 14 хоногт хариуг нь байнгын хороо дээр сонсдог. Эсвэл Ерөнхий сайдад асуулга тавиад чуулган дээр сонсдог. Энэ хөшүүргээ хэрэглэнэ.Зэс боловсруулах үйлдвэр шиг болгохгүйн тулд мөнхийн л асууж, шалгааж, чихнээс нь хонх уяж байх болно.
-Гаднаас бензин шатахуун импортолж байгаа компаниуд бүгд эрх барьж байгаа хоёр намын мэдэлд байгаа. Газрын тосны үйлдвэр барихгүй байхад энэ компаниуд төрд нөлөөлөөд байгаа гэж ойлгож болох уу?
-Би бол тэрнээс өөр шалтгаан хараад байгаа юм. Монгол газар зүйн байрлалын хувьд их сонин. Хоёр их том гүрний дунд. Орос Монголыг барьж байх сонирхолтой байгаа. Барьж байхын тулд V цахилгаан станцыг бариулахгүй байх сонирхолтой ч байж болно шүү дээ. Манайх Зүүнбаянд нефть боловсруулах үйлдвэртэй байхад оросууд хэрэггүй, манайх танайхыг хангана гээд хаалгаж байсан. Тэгэхээр нефтээрээ хараат байлгах сонирхолтой байж болно. Улсын хувьд бие даасан байх хоёр гол хөшүүрэг нь эрчим хүч, нефть бүтээгдэхүүн хоёр. Энэ хоёроор хараат байх юм бол хэзээ ч бие даасан байж чаддаггүй. Тэр хоёроор хараат байдалд бариад байх сонирхол хэнд байж болох вэ гэхээр янз бүрийн л асуудал ургаад гараад ирнэ.
ХУВЬЦААГАА ҮНЭГҮЙДҮҮЛЭХ АЛХМАА БОДЛОГООР ХИЙГЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ
-Байгаль орчны асуудалтай холбоотой бас нэг том асуудал яригддаг. Энэ бол цөмийн хаягдал булах тухай. Энэ асуудал дахин яригдаад эхэллээ. Иргэд энэ талаар ямар ч ойлголтгүй толгой нь эргэчихсэн байна. Та ямар мэдээлэлтэй байна?
-Цөмийн эрчим хүч аль нэг орны хууль дүрэм, хүсэл зоригоор явдаг эд биш. Дэлхийн асуудал. Дэлхий даяараа цөмийн асуудал ийм бодлогоор явна гээд тодорхойлчихвол тэрийг хүссэн хүсээгүй улс орнууд дагана. Цөмийн эрчим хүч, ураны асуудал өнгөрсөн жил 3 дугаар сард Японд болсон үйл явдлаас болоод чиг хандлага нь өөрчлөгдөж байна. Герман 2020 он гэхэд цөмийн эрчим хүчийг зогсооно гэж байгаа. Дэлхийн цөмийн эрчим хүчний бодлого хаашаа явна манайх тийшээ л явна. Ер нь манай улс одоохондоо тэр уранаар оролдоод байх шаардлагагүй. Нөөц нь байж л байг. Яваандаа их ашиг олдог хэрэгсэл ч болж болохыг үгүйсгэхгүй. Одоо хүрэн нүүрсний нөөц их байна. Нар, салхины нөөц ихтэй орон учир сэргээгдэх эрчим хүчний бодлогоо маш хүчтэй тавиад энэ хоёроороо эрчим хүчээ хангаад байж болно гэж би хувьдаа боддог. Цөмийн хаягдал булах тухай асуудалд эцэслэн цэг тавих ёстой. Ерөнхий сайдын шууд мэдэлд байдаг Цөмийн энергийн газрын дарга нь, цөмийн хаягдал булах асуудлыг ярьж байсан. Одоохондоо нэрийг нь хэлэх болоогүй гэж байгаа чинь юу гэсэн үг юм бэ. Төрийн өмнө үүрэг хүлээсэн агентлагийн дарга юм бол энэ энэ ингэж ярьж байсан гэдгийг хэлэлгүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй яваад байдаг. Эсвэл хууль хяналтын байгууллага нь асуудал үүсгээд шалгах ёстой.
- Ашигт малтмалтай холбоотой асуудал их байна. Тавантолгойн IPO-г хойшлуулчихлаа. Ингэж хойшлуулдагийн шалтгаан юу байна?
-Уг нь Тавантолгойг нэг барьж авсан дээрээ урагшлуулчих л байсан юм. Дундуур нь янз бүрийн юм их үүсдэг л дээ. Наад зах нь гэхэд аж ахуйн нэгжид өгөх юмуу үгүй юмуу, иргэдэд хэдэн хувь өгөх юм гээд л . Уг нь Засгийн газар Тавантолгойн хувьцааны үнийг үнэд хүргэх түвшинг бодлогоороо барьж байх ёстой. Тавантолгойн хувьцааг үнэгүй тараагаад байх тусам үнэ нь унана. Ханшгүй болно. Ядаж үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжье гэж байгаа юм бол нэрлэсэн үнээр нь өгөх ёстой. Тэр босгосон мөнгөөрөө Тавантолгойгоо босгох ёстой. Одоо бараг 30 хувийг үнэгүй өгөх болчихлоо. Үлдсэнийг нь бид хаанаа хэнд үнэ хүргэх юм. Ингэж өөрсдөө үнэгүйдүүлэх алхмаа бодлогоор хийгээд байж болохгүй.
- Байгаль орчинтой холбоотой өөр нэг асуудал ярихад олон жил яригдаж байгаа урт нэртэй хууль. Энэ хууль хэрэгжиж байна уу?
-Ний нуугүй хэлэхэд энэ их хэцүү хууль байгаа юм. Сайн тооцоо судалгаа хийж байж батлах байсан. Хуульд хориглох гэдгээс гадна хязгаарлах гэдэг зүйлийг оруулсан бол хэрэгжүүлэхэд хялбар байх юм. Гэхдээ хуулийг хэрэгжүүлж байгаа. 240 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Энд нөхөн олговор өгөх асуудал бий. Хуулиар нөхөн олговрыг олгосны дараа цуцална гэж байдаг. Гэтэл нөхөн олговор олгоогүй байж цуцалж болохгүй. Иргэд энэ хуулийг дэмжиж байна. «Шижир алт» гэдэг компани дээр очиж үзлээ. Тэгэхэд тэндхийн иргэд, энэ компанийг хаах юм бол энэ тосгон сүйрлээ. Халаалт, цахилгаан, сургууль, цэцэрлэгийг тэжээж байсан. Хоёрдугаарт шууд хаах юм бол тэнд алт байгаа гэдгийг мэдэж байгаа учраас нинжа нар орно. Бид тэднийг зогсоож чадахгүй гэж байна билээ. Нинжа нар орох юм бол байгаль орчинд өмнөхөөсөө илүү хор хохирол учруулах болно. Тэгэхээр хязгаар тогтоогоод энэ хөндсөн хэсэгтээ л олборлолт явуулаад, хаагаад нөхөн сэргээлт хийгээд яв гэх байсан юм. Өөр нэг зүйл бол шууд зогсоохоор олон мянган хүн ажилгүй болно. Иргэд банкны зээлээ төлж чадахгүй болно, банк дампуурна. Тэгэхээр хуулийг маш сайн бодож байж гаргахгүй бол тэрнээсээ илүү хор хохирол дагуулдаг. Энэ хууль хэрэгжих ёстой хууль. Хориглох гэдэг дээр л хязгаарлах гэдгийг нэмж оруулах хэрэгтэй.
-Энэ хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн бариад хэлэлцэж эхэлсэн байсан. Тэр юу болсон бэ?
-Оруулна гээд байнгын хороо хэлэлцээд хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд байтал баахан нөхдүүд гарч ирээд хэл ам хийгээд зогсчихоод байж байна.
6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ БОЛ БАРИЛГА НЬ БОРЛОГДОХГҮЙ ЯВАА ХЭДЭН КОМПАНИЙН ЛОББИ
-Тавантолгойн хувьцаа үнэгүйдэж байна гэсэн. Та сая төгрөгөө авах уу? Хувьцаагаа авах уу?
-Өнөө маргаашгүй мөнгө хэрэгтэй болоогүй байгаа болохоор хувьцаа нь байж байх нь хэрэгтэй юм даа гэж бодож байна. Өнөө маргаашгүй мөнгө хэрэгтэй байгаа хүмүүс сая төгрөгөө л авна шүү дээ.
-Хувьцаагаа гарахаар өгнө гэсэн барьцаагаар иргэдийн дунд зээл авах явдал нэлээд гарч байна…
-Иргэд хувьцаагаа худалдана. Монгол Улсын иргэн сая төгрөгийн хувьцаа эзэмшигч биш болно. Уг нь анх ярьж байснаараа 536 хувьцаагаа өгнө. Зарж болохгүй, барьцаалж болохгүй гээд амласан сая төгрөгөө ингэж ингэж өгье гээд тусдаа явсан бол нөгөө хувьцааны үнэ цэнэ хадгалагдах ёстой байсан. Хувьцаагаа олон улсын зах зээлд гаргаад худалдаад хувьцааны үнэ өсөөд ирэхээр таны ногдол ашиг төд болно гэсэн бол таван жилийн дараа тэр хувьцаанаасаа овоо юм олж мэднэ шүү. Тийм нөхцөлгүй болчихлоо. Одоо иргэд сая төгрөгөөр өөрт оногдсон хувьцаагаа худалчихаар Тавантолгойн хувьцаа эзэмшигч биш болно.
-6 хувийн хүүтэй байрны зээлийн асуудал яригдаж байна. Иргэд бужигначихлаа. Гэтэл үйл явдлаас харж байхад энэ зээлд хамрагдах магадлалтай хүний тоо их цөөхөн болж байх шиг байна?
-Жамаараа явж байгаа асуудал руу сайн хүн болох гэж оролцох нь их буруу гэж бодож байна. Орон сууцны асуудал тэртэй тэргүй жамаараа л явна. Нөхцөл бололцоог бүрдүүлье гэвэл дэд бүтцээ л бий болгоход анхаарах хэрэгтэй. 100 мянган айлын орон сууц баръя гэхэд одоо хаана барих юм бэ? Орон сууц барих нөхцөлөө л бүрдүүлэх ёстой. 16 сарын дотор ашиглалтад орох магадлалтай 20 гаруй мянган орон сууц байна гэж байна. Одоо энэ бодлогоор маш олон сөрөг үр дагавар бий болгож байна. Дампууруулах чиглэл рүү л явж байна гэсэн үг. 6 хувийн хүү байж болно. Тэртэй тэргүй зах зээлийн жамаараа 6 байтугай бага хувийн хүүтэй болох ёстой. Гэтэл чи 6 хувийн хүү өгч байна уу, тэгвэл би гээд орон сууцны нэг ам.метрийг 1500 000 төгрөгөөс дээш болгочихлоо. Энэ үнээр 50 ам. метр талбайтай байр авах гэхэд 70-80 сая болж байна. Тэр байтугай энэ журмаар хүний эрхэнд хүртэл халдаж байна шүү дээ. Нэг хүн хэдэн жилийн өмнө нэг найзтайгаа маргалдаад шалихгүй хэрэг үүссэн байх юм бол цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор тэр нь гарч ирээд, орон сууц авах эрхгүй болж байна. Баахан бужигнаан болж болж орон сууц авах дээрээ цөөхөөн хэдэн хүн л авна. Барилга нь борлогдохгүй байгаа хэдэн компаниудын лобби явж байгаа. Тэгэхээр л миний түрүүний хэлсэн «жамаараа явж байгаа юмны урдуур сайн хүн болох гэж оролцвол дандаа сөрөг үр дагавар авчирдаг» гэгч болно. Би бол энэ орон сууцны дэд бүтцийг байгуулаад өгчихвөл их сайхан зөв явах байх гэж бодсон. Одоо бүр жонхуурчихлаа л даа.
-Хэдэн компанийн лобби явж байна гэлээ. Өөрөөр хэлбэл олигархийн засаглалын нэг илрэл мөн үү?
-Би ч гэсэн тэгж бодож байна.
-Олигархийн засаглал үнэхээр бодитой харагдаж байна уу? Үүнээс яаж салах вэ?
-Манай монголд их гоё уламжлал бий шүү дээ. Самбуу гуай гэх мэтийн Монгол төрийн хар хүн зөндөө байдаг. Монгол төрийн хар хүн гэхээр ашиг сонирхлын зөрчилгүй, хоёр идэхгүй хоосон хонохгүй явбал боллоо гэдэг. Эд хөрөнгөнөөс өөр юмыг том өв хөрөнгө гэж боддог, эх орон ард түмнээ гэсэн хоёргүй сэтгэл өвөрлөсөн хүмүүс байгаад байдаг. Тэрийг чинь монгол төрийн хүн гэдэг.УИХ дээр нэг хууль ороод ирэхэд л миний эрх ашгийг, миний компанийн эрх ашгийг яаж хөндөх бол гэж боддоггүй хүн олон байвал мөн сайхан болно доо гэж би байнга боддог юм.
-Таны хэлж буй шиг шуналгүй, жинхэнэ төрийн хар хүмүүс өнөөгийн сонгуулийн тогтолцоогоор гарч ирэхэд хэцүү биш үү. Хүмүүсийн үнэлэмж өөр боллоо. Мөнгөтэй хүнээ л сайн сайхан хүн гэж хардаг болчихлоо шүү дээ?
-Аливаа асуудлыг өргөс авсан мэт арилгах боломжгүй. Байгалийн шалгарал шиг нийгмийн шалгарал явсаар байгаад аятайхан байдал руу орох болов уу гэж бодож байгаа. Нэг сонгуулиар гэнэт сайжрахгүй л дээ.
СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ХУГАЦААГ САР ӨДРӨӨР ТООЛДОГГҮЙ
-АН-ын дотор жигүүрүүд байгуулагдаж байна. Энэ байх ёстой хэвийн үзэгдэл үү? Зарим нь АН задрах гэж байна гэж ярьж ч байна?
-Манайх фракцтай байж сурсан нам шүү дээ. Аягүй бол фракцгүй байвал манай нам оршин тогтнохгүй. Фракцтай байж оршин тогтдог. Гол гаргалгаа нь тэр олон фракц нь намынхаа бодлогыг шүүмжилж, зөв бодлого руу нь чиглүүлдэг. Тэгээд зөв боллоо гэхээрээ больдог тийм зүй тогтолтой. Би бол энэ хэм хэмжээнээсээ халиагүй байгаа гэж бодож байна.
-Ирэх сонгуулийг хэрхэн төсөөлж байна. АН ялах магадлал хэр байна вэ?
-АН ялна гэсэн итгэлтэй байгаа. Яагаад гэхээр сонгууль дөхөөд ирэхээр хувь хүн ч гэсэн, улс төрийн нам ч судалгаа хийдэг. Энэ судалгаагаар тийм дүр төрх харагдаж байгаа.
-Та өөрөө судалгаа хийв үү? Бусад судалгааг хараад хэлж байна уу?
-Би өөрөө ч судалгаа хийлээ. Намын судалгаагаар ч ингэж харагдаж байгаа. АН-ын гишүүний хувьд надад ингэж харагдаж байгаа юм биш. Ерөөсөө бодит судалгаагаар ингэж харагдаад байгаа. АН нэг номерын сайн нам байсан гэдгээрээ ч ийм рейтингтэй байгаа гэж бодохгүй байна. АН сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хүнээр бодох юм бол насанд хүрсэн, төлөвшсөн хүн шиг аядуу зөөлөн байлаа. АН-ыг голдуу л байнгын босоод, сөргөлдөөд байхыг ард түмэн хараад сурсан. Улс төрийн намуудын туулах замыг бид 20 жил тууллаа. Тэр утгаараа одоо төлөвшсөн. Хэдийд нь аядуу зөөлөн явах вэ, хэдийд нь тэмцэх вэ гэдгийг мэддэг болсон. Энэ аядуу зөөлөн явсан 4 жил манай намд их сайн үнэлгээ болсон гэж бодож байна. Эвлэрлийг хичээж явсан энэ бодлого манай намд их сайн үнэлэлт боллоо. МАХН нэрээ өөрчилж, МАН боллоо, МАХН байгуулагдсан гэх мэт гадаад хүчин зүйл ч манай намын рейтинг тогтмол өндөр байгаад нөлөөлж байна
-Орон нутгийн сонгуулийн хуультай холбоотой МАН-ын саналыг танай намын бүлэг юу гэж үзэж байгаа вэ?
-Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөл өргөн бариад баахан бужигнуулдаг нь буруу. Тэртэй тэргүй 2008 онд хуулиа баталчихсан. Хэрэгжүүлж, сайн мууг нь мэдээгүй байж ингэж зүтгэх хэрэггүй. Энэ асуудал дээр яриад байх юм байхгүй, сонгуулийг хамт явуулах хуультай. Орон нутгийн сонгуулийн хуульд санал хуруалт дуусах цаг 22.00 цаг гэснийг 20.00 цаг, ням гараг гэдгийг нь лхагва гараг гэж өөрчлөөд, сонгуулийг төрийн алба зохион байгуулна гэж оруулахад л болно шүү дээ.
-Хоёр сонгууль зэрэг болох юм бол сонгууль хүчингүй болж магадгүй гэсэн тайлбар өгөөд байгааг та юу гэж үзэж байна?
-Юмыг урьдчилж хараад байж болохгүй шүү дээ. Туршлага судлах хэрэгтэй. АНУ-ын машинаар санал тоолно. Тэр машинаар америкчууд сонгуулиа явуулж, саналаа тоолдог. Тэд 26-27 сонголт хийдэг. Сая ОХУ Ерөнхийлөгчийн сонгуультай хамт бусад сонгууль хамт явуулсан. 10-аад сонголт хийсэн юм шиг байна билээ. Манайх бол 6 орчим сонголт хийх байх. Манай иргэд сонгууль өгч сурсан. Иргэдийн маань 97-98 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Америкийн иргэд 27-28 сонголт хийж чадаад байхад Монголын иргэд 5-6 юман дээр төөрөөд байхгүй байлгүй дээ. Хонь хурга нийлсэн юм шиг болно гэж бодохгүй л байна.
-Орон нутгийн өөрөө удирдах эрхэд халдсан хэрэг болно. Бүрэн эрхийн хугацаа 4 жил байхад эрхэд нь халдаж , наана нь дуусгаж, Үндсэн хууль зөрчих гээд байна гээд байгаа шүү дээ?
-Хуулийг 6 дугаар сарын 20-нд дуусна, 10 дугаар сарын 20 дуусна гэж заадаггүй. Сонгуулийн жилийн хугацааг жилээр тайлбарлах болохоос биш сар өдрөөр тоолдоггүй юм. Тийм туршлага ч бий. Ардын Их Хурлыг 5 жил, Бага хурлыг 4 жилээр байгуулаад, үйл ажиллагаа нь 2 жил болоод дараагийн сонгууль явуулж байсан түүх манайд байж л байна.
Тэмдэглэсэн Ш.Эрдэнэчимэг
МОНЦАМЭ