Америкийн арми байлдааны талбараас шархтнуудыг аюулгүйгээр зөөж чадахуйц цогц робот зохион бүтээх уралдаан зарлав гэж «The New Scientist» сонинд бичжээ.
Тус улсын армид зориулсан цэргийн эмнэлгийн зориулалттай роботын төрөл бүрийн загвар боловсруулах ажлыг олон жилийн турш хийж байгаа боловч хэд хэдэн шаардлагыг хангахгүй байгаа учраас төдийллөн үр дүнд хүрэхгүй байна.
Тухайлбал, цогц робот нь шархтанг дайсны галын дор цэргийн албан хаагчийн оролцоогүйгээр, эсвэл бага зэргийн оролцоотойгоор олох, таних, зөөж гаргах чадвартай байх ёстой гэнэ. Ийм робот нь янз бүрийн гадаргуутай газраар /хот дотор, барилга дотуур, шатаар, ширэнгэн ойгоор, уулаар/ хөдлөх чадвартай байх шаардлагатай юм.
Роботууд янз бүрийн гэмтэл, бэртэл, шарх авсан цэргүүдтэй ажиллахад тохирсон байх, тээвэрлэх явцад тэдний эрүүл мэндэд дахин хохирол учруулахгүй байх ёстой. Бас нэгэн шаардлага гэвэл, шархтанд эмнэлгийнхэнтэй зайнаас харьцах бололцоо олгох, мөн шархтнуудын биеийн байдалд урьдчилсан дүгнэлт өгөх чадвартай байх ёстой гэнэ.
Д.Жаргал
МОНЦАМЭ