logo
Минскийн террористуудыг цаазлав

Минскийн террористуудыг цаазлав

2012/03/20
Минскийн метронд террор үйлдсэн хэргийн гол гэм буруутан болох Дмитрий Коновалов, Владислав Ковалев нарыг цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тухай Беларусийн телевизээр мэдээлжээ.

Владислав Ковалевыг буудан хороосон тухай Беларусийн Дээд шүүхийн гуравдугаар сарын 16-ны мэдэгдлийг түүний ээж нь өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт авсан байна.

Коноваловын гэр бүл сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүй байгаа учир шүүхээс ямар нэг бичиг авсан эсэх нь тодорхойгүй байгаа аж.

2011 оны дөрөвдүгээр сарын 11-нд Минскт террорист ажиллагаа үйлдсэний улмаас 15 хүний амь эрсдэж, 200 гаруй хүн шархадсан байна.

Метронд дэлбэлэлт үйлдсэн буруутай болох нь тогтоогдсон Коновалов, террорист ажиллагаа үйлдэхэд хамтран оролцсон Ковалев нарт Беларусийн дээд шүүх 2011 оны 11 дүгээр сарын 30-нд цаазаар авах ял оноожээ.

Шүүх ажиллагааны үеэр Коновалов Минскт хоёр террор үйлдсэнээ, тодруулбал, 2011 оны дөрөвдүгээр сарын 11-нд метроны өртөөнд, 2008 оны долдугаар сарын 4-нд Тусгаар тогтнолын баярын өдөр гэмт хэрэгт үйлдсэн буруутайгаа хүлээжээ. Харин Владислав Ковалев метронд террор үйлдэхэд оролцоогүй, урьдчилан мөрдөн байцаалтын үеэр дарамт шахалтан дор мэдүүлэг өгсөн гэж мэдэгдсэн байна.

Ковалев өөрийгөө буруугүй гэж мэдэгдээд ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн бол Коновалов өршөөл хүсээгүй ажээ.

Ковалев, Коновалов нарт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өршөөл үзүүлэхгүй гэдэг нь мөн өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон билээ.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш