Төв Азийн улсуудын хувьд Цармын бүргэдээр ан хийлгэх нь эртний уламжлалт спорт урлаг бөгөөд голдуу эрчүүд бүргэд тэжээж сургадаг. Харин Казакстаны Макпал Абдразакова гэдэг 25 настай эмэгтэй бүргэдээр ан хийх тэмцээнд түрүүлж, эмэгтэйчүүд ч гэсэн муугүй анчид байдаг гэдгийг харуулсан байна. Тэрээр 13 настайгаасаа эхлэн бараг 10 жил бүргэдээр ан хийжээ. Абдразакова багадаа эхлээд морь сайн унаж сурсан. Удалгүй морин дээрээс бүргэд сургаж эхэлсэн байна. Тэрээр 2003 он гэхэд мэргэжлийн анчин болсон байжээ. Хүмүүс түүнийг “Беркучи” буюу “Цармын бүргэдтэй анчин охин” гэдэг нэрээр нь сайн мэддэг болсон байна. Тэрээр эмэгтэй хүн байж ийм хэцүү спортоор хичээллэхэд хэцүү байдаг уу гэсэн асуултанд дургүй гэнэ. Тэмцээний ялагчийг маш олон шалгуураар шүүж тодруулдаг. Нэг шалгуур нь гэхэд тухайн хүн бүргэдтэйгээ хэр ойрхон байгааг, хэр сайн сургасныг болон бүргэдтэйгээ хэр сайн ойлголцож байгааг шалгаруулдаг юм байна. Хэн нэгэн Абдразаковагийн бүргэдийг холоос тавихад эзнээ түвэггүй олоод очдог байна. Абдразакова анх аавтгайгаа бүргэдээр ан хийж сурсан. Аав нь 20 гаруй жил бүргэдээр ан хийсэн бөгөөд анх гэртээ бүргэд авчирч тэжээснээр тэдний гэр бүл бүргэд сургах урлагтай холбогджээ. Тэрээр анх аавыгаа эзгүйд бүргэдээ хооллодог байсан. Удалгүй бага багаар тэмцээнд орсоор байгаад нэг мэдэхэд мэргэжлийн анчин болжээ. Нутгийн туршлагатай анчид түүнийг байнга тэмцээн уралдаанд урьж оролцуулдаг бөгөөд мартагдах дөхөж байсан эртний урлаг Абдразаковагаар залуу үед дахин сэргэж байгаад нутгийн хөгшчүүл ам сайтай байна. Макпал Абдразакова ч өөрөө бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгч, түүнтэй өрсөлдөх эмэгтэй анчин гарч ирээсэй гэж хүлээж байна.
Shuum.mn
Shuum.mn