-Ардчилсан нам орон нутгийн сонгуулийн хуулийг заавал зэрэг явуулах ёстой гэж үзэж байгаа. Харин Ардын намынхан цаг хугацаа байхгүй, боломжгүй гэж үзэж байна. Та юу гэж бодож байна?
-Хоёр хуулийн төслийг нэгтгээд зохицуулалт хийхэд болохгүй зүйлгүй. Тэгээд ч хуулиа мөрдөх ёстой. 1990 онд УИХ болон Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулж байсан. Тэр үед хүндрэлтэй байгаагүй биз дээ.
-Ардын намынхан сонгууль шударга явуулах уриалгыг гаргасан. Гэтэл саяхан санал тоолдог машин хэвлэх сонгон шалгаруулалтад МАН-ын бага хурлын гишүүний компани шалгарсан байсан. Ингэхээр сонгууль шударга явагдах боломж бий болов уу?
-Сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл аваагүй байна. Гэхдээ сонгууль шударга явуулахын тулд гаргахдаа гол биш. Төсвийн мөнгийг сонгуульд ашигладаг байдлыг халж чадвал сонгууль шударга болно. Үе үеийн сонгуулийг будлиулдаг арга нь төсвийн мөнгөөр хүмүүсийн саналыг худалдаж авдаг байсан.Нэг баяр болохоор олон хүн ээлжилж шагнадаг, гадаад руу аяллаар явуулдаг гэх мэтээр энэ бүхэн өөрөө сонгуулийн булхай.Тэгэхээр төрийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр тууз хайчлахаа зогсоо л доо. Ийм увайгүй алхмуудаа Ерөнхий сайд зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй. Мэдээж уриалга гаргаж болно. Гэхдээ тэр нь тодорхой байх ёстой. Төсвийн мөнгөөр баяр тэмдэглэдгээ, баярын шалтгаанаар намын нэрээр хүмүүст мөнгө өгдөгөө боль. Энэ бол далд сурталчилгаа.
-Ардчилсан нам санаатайгаар эсэргүүцээд байгаа юм биш үү?
-Одоогийн мөрдөгдөж байгаа хууль таван жилийн өмнө батлагдсан. Баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй өөрчлөөд байх юм бол хууль батлаад яах юм. Өчигдөр баталсан хуулиа өнөөдөр өөрчилнө гэж байхгүй. Энэ бол Ерөнхий сайд хуулиа хэрэгжүүлэх чадваргүй байгааг л харуулж байгаа. Ардчилсан нам санаатайгаар эсэргүүцэх биш ажлаа хийхийг шаардаж байна. Засгийн газар хууль хэрэгжүүлэх ажлаа хийхгүй болохоор гишүүд өмнөөс нь ажлыг нь хийж байна. Монгол Улсад хууль хэрэгжүүлэх үүрэгтэй, түүнийг Их хурлын өмнө тайлагнадаг цорын ганц хүн бол Ерөнхий сайд. Ерөнхий сайдаа ажлаа л хий. Долдугаар сарын 1-ний өдөр гэхэд тухайн үед хууль хэрэгжүүлэх үүрэгтэй хүн нь Засгийн газрын тэргүүн байсан С.Баяр л байсан. Өөр хэн ч биш. Тэр л энэ хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Ерөнхий сайд ямар нэг том асуудалд шийдвэр гаргаж чадахгүй бол өөрийгөө боомилох ёстой, ажлаа өгөх ёстой. Энэ сонгуулийг шударга явуулж чадахгүй бол С.Батболд ч шондоо өлгөгдөх хэрэгтэй.
-Цагдаагийн экс дарга нарт шүүхээс хорих ял оноосон. Шүүхийн шийдвэр зөв, буруу боллоо, хэлмэгдүүллээ гээд олон янзаар дүгнэж байна. Таны хувьд энэ шийдвэрийн талаар ямар бодолтой байна вэ?
-Шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж ярьж болохгүй. Шүүх бол бие даасан байгууллага. Шүүхийн эсрэг төр ажиллаж байгаа нь буруу. Шүүхийн шийдвэрийг шүүлгэж байгаа хүн л эсэргүүцэж болно. Ингэхдээ зөвхөн давж заалддаг л аргатай.
-Цагдаагийн дарга нарыг хэлмэгдүүлж байна. Улс төрийн золиос боллоо гэж байгаа?
-Тухайн үед тушаал, үүрэг өгсөн цагдаагийн дарга нар асуудлаа өөрсдөө тодорхой болгох хэрэгтэй. Би энэ хэргийн тал дээр улс төрчийн байр сууринаас хандаж шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж болохгүй.
Зууны мэдээ