logo
Шинэ хорооллуудын эрчим хүчийг хэн шийдэх вэ?

Шинэ хорооллуудын эрчим хүчийг хэн шийдэх вэ?

2012/03/21
Нийслэл хотын гудамжаар алхах гэдэг маань ширэнгэн ой дундуур бүдчин явахтай эгээ л адил болжээ. Машины зогсоол байтугай хүн зогсох газар үгүй болтол зай талбайг гаргууд ашигласан барилга байгууламжууд яг үнэндээ “ядаргаа” болж байна. Энэ олон байшин барилгыг багтааж ядан хөгжиж буй Улаанбаатар хотын маань зүрх нь болсон цахилгаан дулааныг нь түгээж буй газрууд амь тасрахгүй шиг яваад байгаа нь ёстой л бурхны аврал гэлтэй.

Шинээр баригдаж, сүндэрлэн боссоор байгаа орон сууц, барил­гуудаа одоохондоо яаж ийгээд аргалаад байгаа гэхэд үүнээс хойш баригдах өч төчнөөн хорооллуудыг яаж дулаан цахилгааны доголдолгүй байлгах вэ гэдэг нь асуудалтай болж ирж байна.
Манайд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй компаниуд цөм төрийн мэдэлд байдаг. Төр өөрөө энэ бүхнийг зохицуулдаг учраас энэ салбарт хувийн хөрөнгө оруулалт орж ирэх магадлал маш бага. Энэ бүхнийг эдийн засагч, судлаач Отгочулуу “Төр өөрөө таны өрсөлдөгч мөртлөө өөрөө шүүгч нь болж байгаагийн хамгийн том илрэл эрчим хүчний салбарт бий. Энэ бол хамгийн аюултай тоглоом. Энд хувийн хөрөнгө оруулалт орохгүй, тийм таатай боломж байхгүй” гэж хэлсэн.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг 1 квт цаг нь дунджаар 115 төгрөг. Үүнийг ард иргэдэд 80 орчим төгрөгөөр худалдаж байгаа. Харин алдагдлыг нь татвар төлөгчдийн мөнгөөр зохицуулж байгаа нь тодорхой. Энэ бол төр сайндаа ч биш, бидний татварын мөнгийг өөрт нь буцаагаад өгч байгаа л хэрэг гэдгийг хэн ч ойлгох энгийн зүйл. Үүнийг нь татаас гэж нэрлэдэг юм билээ. Энэ татаас өндөр байх тусам хувийн хэвшлийнхэнд ашиггүй. Хэрэв хувь хүн энэ салбарт хөрөнгө оруулалт хийж технологи оруулж ирье гэхэд үнэ нь баталгаатай, бизнес нь алдагдалгүй байх шаардлагатай болно. Алдагдал хүлээх салбарт хувь хүн хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй нь мэдээж хэрэг.
Ачааллаа дөнгөн данган үүрч яваа цахилгаан станцуудын өвгөрч хөгширснийг бид гайхан, өрөвдөж суусаар удлаа. Тавдугаар цахилгаан станцын тухай яриа үе үе гаравч яагаад ч юм тэгсхийгээд л сураг ажиг тасарчихдаг. Хэрэв одоо туйлдаа хүртэл ажилласан “өвгөн станцууд”-ын аль нэгэнд доголдол гарлаа гэхэд түүнийг нөхөх нөөц хүчин чадал манайд хараахан байхгүй. Өдөр бүр нэмэгдэж байгаа байшин болон гэр хорооллынхны цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг хэрхэн зохицуулах гээд байгаа нь ч тодорхой биш. Эрчим хүч, дэд бүтцийнх нь асуудлыг шийдээгүй, тэр тухай дугарах зоригтон байхгүй атлаа “төчнөөн мянган айлын орон сууц” гэж чих шуугитал ярих нь гайхалтай.
Таван жилийн дараа манай улсын эрчим хүчний эрэлт хоёр дахин нэмэгднэ гэж эдийн засагчид тооцож байгаа. Тэр үед бид хаанаас хэрхэн яаж эрчим хүчээ авах вэ? Арваад жил яригдсан ТЭЦ-5-ын хувь заяа шийдэгдэх цаг хаяанд ирлээ гэж ярих ч бүрхэг асуудлын нэг хэвээр байсаар. Төр энэ мэт асуудалд хэтэрхий их оролцоотой байгаа нь асуудлыг шийдэхэд чөдөр тушаа болж байгааг учир мэдэх олон хүн дугардаг. Ойрын хугацаанд хувийн хэвшлийн оролцоог энэ салбарт түлхүү оруулж ирэх нь хамгийн боломжит хувилбар ч байж мэдэх. Хувийн хэвшилдээ илүү их боломжийг олгодог улсуудын жишээ Сингапураас эхлээд олныг дурьдаж болох.
Гэтэл манайхан ашигтай зүйл рүү дээр доргүй ханцуй шамлан ороод, хашгичиж гуугачих нь холгүй зурагт радиогоор “сурталчлан таниулах ажилд” тун идэвхийлэн зүтгэдэг. Орон сууц хороолол барих нь, бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулна гэдэг нь нэг талдаа их л энэрэнгүй нинжин бодлого явуулаад байгаа мэт харагдавч хачир дээрээ эндээс олох ашгийн төлөө батгана адил шавах дүр зураг л үзэгдэж байна.
Сонгуулийн салхи сэвэлзсэн хаврын урт өдрүүдэд бага хүүтэй орон сууцны зээлэнд хамрагдах гэсэн иргэд Орон сууц санхүүжилтийн корпораци, иргэний бүртгэлийн газрын босгыг элтэл орж гарах бүтэх бүтэхгүй нь мэдэгдэхгүй төвөгтэй ажилтай болцгоов. Иргэдэд ийнхүү үхэн хатан хөөцөлдөж байж олж авах зээлийн байрных нь дэд бүтэц, дулаан цахилгааны асуудлыг хэн хэрхэн шийдэх нь одоохондоо огт хамаагүй. Тэдэнд гагцхүү тохилог орон сууцыг хямд төсөр үнээр, бага хүүтэй зээлээр, хэрхэн яаж худалдан авах нь л сонин. Харин төр бол иргэдийг хошууруулаад байгаа энэ барилга орон сууцных нь дэд бүтэц гэх мэт цаад асуудлыг нь ул суурьтай шийдвэрлэх үүрэгтэй.
Ялангуяа хоногийн хоолоо дийлэхгүй шахам байдалтай ажиллаж хөдөлмөрлөж яваа жирийн иргэддээ ахадсан нөхцөлтэй зээлийн журам танил­цуулан санаа алдуулж суугаа төрийн түшээдэд үүнээс илүү онц шаардлагатай ажлууд олон байна. Энэ бол мэдээж түрүүнээс хойш өгүүлсэн дэд бүтцийн асуудал. Тэр дундаа шинэ хорооллуудын дулаан цахилгаан. Хамгийн хүйтэн уур амьсгалтай орнуудын тоонд ордог манай орны хувьд өвөлдөө үстэй дээл, эсгий гуталтай байхаас аргагүй цэвдэгшсэн орон сууц хорооллууд захаас аван бий. Үүн дээр нэмэгдэх ачааллыг даах, цахилгаан дулааныг нь таслалгүйхэн шиг түгээгээд байх станцыг хэн ярих юм бол? Эсвэл өргөжин тэлж, өндөр барилгууд өглөө бүр хаяа дэрлэн боссоор байгаа нийслэл хотод маань нэмэгдэл эх үүсвэрийг хангах цахилгаан станц хэрэггүй юм уу?

Г.УрантуяаМОНГОЛ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Энэ сарын 15-нд Монгол банкны захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 12.75 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
Монгол банкнаас эрэлтийн хүчин зүйлээс хамааран инфляци буурахгүй байгаа хэд хэдэн үзүүлэлтүүдийг тодорхойлжээ. Манай эдийн засаг 2012 онд үнийн өсөлтийг эрчимжүүлэх нийлүүлэлтийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөж байна.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ оны эхнээс 29.6 хувиар өсч Улаанбаатар хотын эхний хоёр сарын инфляцийн 58 хувийг бүрдүүлж байгаа аж. Мөн шатахууны үнэ 15.6 хувиар өссөн бөгөөд хүнснээс бусад бараа үйлчилгээний үнэ нийтдээ мөн хугацаанд 2.4 хувиар өсч нийт инфляцийн 31 хувийг бүрдүүлжээ. Энэ оны төсвийн тодотгол эдийн засаг дахь илүүдэл эрэлтийг өсгөж, улмаар эрэлтийн төдийгүй нийлүүлэлтийн инфляцийг нэмэг­дүүлж байна.
Иймд Монгол банк инфляцийг хязгаарлах, гадаад  валюттай  харьцах төгрөгийн ханшид ирэх дарамтыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хам­гаалах зорилгоор төгрөгийн хүүний бодит өгөөжийг нэмэгдүүлэн мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээг авч байгаа юм. Бодлогын хүү арилжааны банкууд дээр орлого болж очдог учраас хүүг өсгөснөөр банкуудын зээлийн хүүнд шууд нөлөөлөхгүй.
Бодлогын хүүг 0.5 хувиар өсгөснөөр инфляцийн хүлээлтийг тодорхой хэмжээнд барьж чадна. Хөгжлийн банкнаас 570 сая дол­ларын бондыг гадаад зах зээлд амжилттай борлуулж чадсан. Хэд хэдэн банкууд энэ асуудал дээр судалгаа хийж байгаа. Энэ нь Төв банкны нөөцийг нэмэгдүүлэх эерэг үр нөлөөтэй. Монгол банк Хятадын Төв банктай мөнгөний солилцоо хийх ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Цаашид Монгол банк инфляцийг хязгаарлах арга хэмжээг тухайн шаардлагатай тохиолдол бүрт цаашид авч байх болно гэж Монгол банкны удирдлагууд мэдэгдлээ.
С.Уянга
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш