logo
НАТО-гийн тусгайгийнхан хоёр минутад 52 удаа суниадаг

НАТО-гийн тусгайгийнхан хоёр минутад 52 удаа суниадаг

2012/03/21
НАТО-гийн тус­гай­гийнх­наас АНУ, Их Британи, Германых хам­гийн сайн бэлт­гэлтэй байдаг. АНУ: Энэ улсын тус­гай анги 1952 онд байгуу­лагджээ. Харин Вьет­­намын дайны дараа /1983 он/ нэгдсэн командлал үүс­­сэн байна. Тусгай ангид зөвхөн эрчүүдийг элсүүлдэг аж.
Тавих шаардлага:
-Америкийн иргэн, ял шийтгэлгүй
-Хоёр жил цэргийн алба хаасан
-I зэргийн  түрүүчээс доош­­гүй цолтой
-Дунд сургууль төгссөн
-Оюуны коэффициент 110-аас дээш. Гадаад хэлийг төгс эзэмшсэн бол 100 оноо.

Биеийн бэлтгэлийн анхан шатны тест:
-Цэргийн хувцас, бо­тинк­той 50 метр сэлэх
-Хоёр минутад 52 удаа шалан дээр суниах
-Нуруугаараа хэвтэж бай­гаад хоёр минутад 62 удаа биеэ өргөх
-3200 метр зайг 14 мин 52 секундэд гүйх.
Шалгалт 21 хоног үр­гэлжилдэг. Тэнцвэл тус­гай ангийн дэргэдэх мэр­гэж­лийн дамжаанд хоёр шат­лалтай сурна. 13 долоо хо­ногт цэргийн мэргэжил эзэмшээд, таван долоо хоног ганцаарчилсан болон тусгай ангийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийдэг.
Дараа нь 12 долоо хоног эрчимжүүлсэн бэлтгэл хийнэ. Сонсогчид хуурамч баримт бичиг үйлдэх, мөр­дөн байцаалтын үеэр, мөн олзлогдвол биеэ яаж авч явах, хэрхэн олзноос, мөрд­лөгөөс зугтаах, маш хүнд ор­­чинд амьд үлдэх зэрэг хи­чээл заалгаж, цэргийн 2-3 мэр­гэжил эзэмшдэг. Төгсөөд “Альфа” бүлэгт ордог.
Их Британи 21, 22, 23 гэ­сэн гурван тусгай хороотой. Цөм нь “SAS” /Special Air Services/ хэмээх агаарын десантын тусгай алба.
Английн анхны тусгай анги 1941 онд байгуулагдаж, 1941-1943 онд Умард Аф­рикт олон ажиллагааг ам­жилт­тай явуулсан байна. Дэл­хийн II дайны дараа тус­­гай ангиудыг тараасан ч Английн Зэвсэгт хүчний ко­мандлал сэргээжээ. Үүнээс хойш Малайз, Бруней, Оман, Йемен, Фолклэндийн арлууд, Борнео, Персийн булан гээд Их Британийн дэгдээсэн бүх дайнд тусгайгийнхан оролцсон.

Тавих шаардлага:
-Сайн дурын
-Эр, эм ялгаагүй элсүүл­дэг
-Офицерүүд 22-34 настай, бусад нь 19-34 настай.
-Сүүлийн ажлын газрын тодорхойлолт сайн байх
-Олон удаа марш хийх тэсвэр хатуужилтай байх

Их Британи:  Энэ улсын тусгай ан­гийн шалгаруулалт хамгийн аймшигтай. 120 хүн ороход бараг 90 хувь нь хасагдаж, үнд­сэндээ 12-15 нь л үлддэг аж. Гэхдээ маш энгийн бө­гөөд санхүүгийн том зар­далгүй байдаг.
Урьдчилсан шалгаруу­лалт дөрвөн долоо хоног үр­­гэл­жилж, хэдэн удаа марш хийдэг. Иймээс шал­гуу­­лагчид голдуу гүйх бэлт­гэл хийн, зайгаа өдрөөс өдөрт уртасгадаг. Дараа нь эм­нэлгийн үзлэгт орж, тест өгдөг. Харин офицерүүд удир­дагч байж чадах эсэхээ бас шалгуулдаг.

Биеийн бэлтгэлийн анхан шатны тест:
-Бүрэн хувцас хэрэг­лэл­тэйгээр 2,5 км зайд 13 минут гүйх.
-Мөн зайд ганцаараа 11,5 минут гүйх.
Тэнцэхгүйг нь шууд хас­даг. Дараа нь зэр зэвсэг, дү­рэмт хувцас, хэрэглэлээ авч, Өмнөд Уэльсийн ууланд ор­ших сургалтын төвд очдог.
Шалгаруулалт 10 км-ын маршаар эхэлнэ. Үүргэвч 18 кг, винтовк 4,5 кг бөгөөд 23 км-ыг 4 цаг 10 минутад туу­лах ёстой. 2-3 дугаар до­лоо хоногт ганцаарчилсан маршыг газрын зурагтай, зу­раггүй хийж, тухайн ну­тагт зүг чигээ олж, заасан цэгт очно. Бүлгээр явж бо­­­лохгүй, зам, тээврийн хэ­­­­рэгсэл ч ашиглахгүй. Бү­­­лэгт дунджаар 120 хүн байх ч багийн бус хувь хүнд анхаарал хандуулдаг. Иймээс зөвхөн өөрийн хү­чид найдах хэрэгтэй. Заа­вар­лагч туслахгүй, гэхдээ саад болохгүй. Тэд зөвхөн хэ­­­рэгтэй мэдээллийг өгч, марш­ру­тыг аюулгүй туу­лахад санаа тавьдаг.
Сүүлийн долоо хоногт 25-28 км-т зургаан удаа ганцаар­чилсан марш хийнэ. Үүр­гэвч /зэвсэггүй/ 20,4-25 кг жинтэй бөгөөд заасан цэгт ирмэгцээ аль нэг гадаад улсын бууг задалж угсрах, явсан газраа нарийвчлан дүрс­­лэх зэрэг даалгавар биелүүлдэг.
Төгсгөлийн маршийн үеэр 25 кг үүргэвч үүрч, 64 км зайг 20 цагт туулна.
Эцсийн шатад үлдсэн 12-15 хүн тусгайгийнхны сур­галтын төвд 24 долоо хоног бэлтгэл хийнэ. Энд тусгай ажиллагаа явуулах, тагнуул хийх, хорлон сүйтгэх ажил­ла­гааны талаар  хичээл зааж, тактик, мин, шүхэр, га­­лын бэлтгэл, эрсдэлтэй нөх­цөлд болон олзонд биеэ авч явахад сургадаг.
Англичууд өөрсдийн тус­­­гайгийнхныг хэзээ ч бууж өгөхгүй, урвахгүй гэ­­­дэгт итгэлтэй байдаг. Бэлт­­­гэлийн үеэр металл ч цуу­­­рахаар аймшигтай дуу чимээтэй газар сонсогчдыг орхих, төмөр замын рельсэд гавлах, бензин асган ил га­лын дэргэд орхих зэргээр айм­шигтай сорьдог. Давсан нь шалтгалтаа өгч, Бруней дэх сургалтын төвд зургаан до­лоо хоногийн турш ши­рэнгэн ойд хээрийн сур­гуу­лилт хийдэг. Сүүлийн үед хот, элсэн цөлд сургалт явуул­­даг болжээ. Одоо агаа­рын десантын бэлтгэл хийж, 300 м өндрөөс шүхрээр үсэрнэ. Дараа нь ачааны контейнертэй цуг, зэвсэг үүрэн шөнөөр үсэрдэг.
Ингээд тэнцсэн эрчүүд “SAS”-ын нэг суманд жирийн цэргээр хуваарилагддаг. Ха­­рин цалинг хуучин цо­лоо­­роо авна. Ийм аймшигт туршилтуудыг давсан хэрнээ алба хаах эхний жилийг тур­шилтын гэдэг. Бүлэгт дөрвүүлээ байх ба хор­лон сүйтгэх, радист, ор­чуулагч, эмнэлгийн гээд өөр өөр мэргэжилтэй. Халагдах үедээ бүгд хос мэргэжил эзэмшдэг.

Герман:  Энэ улсын тус­гай анги Зэв­сэгт хүчний агаарын де­сантын 25 ду­гаар бааз дээр 1996 онд бай­гуулагджээ. Офи­церүүд 27-аас доош, унтер-офи­церийнх 32-оос доош нас­­тай байна. Германы тус­гай­гийнхан 38 хүртлээ алба хаадаг аж. Тэд­­ний дүрэм нь Английн “SAS”, АНУ-ын “Дельта”-гийнх дээр үндэслэсэн.
Шалгаруулалт, бэлт­гэл дам­жаа гурван сар үр­гэл­жилж, дараа нь гур­ван жил тусгай бэлтгэл хий­нэ. Дэл­хийн аль ч оронд тус­гай­гийнхныг ийм удаан бэлт­гэ­дэггүй.
Таг­нуул, хорлон сүйтгэх, бууд­лага, шүхэр, десантын, эмнэлгийн бэлтгэл, холбоо, ууланд, өвөл гээд маш хүнд нөхцөлд бэлтгэл хийж, хэд хэдэн цэргийн мэргэжил эзэмшсэний дараа л эрчүүд Гер­маны тусгай ангийн бие бүрэл­дэхүүнд багтдаг.

Эх сурвалж: Өглөөний сонин

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш