Гэхдээ энэ бол зөвхөн Хөшөөт багийн иргэд. Үүнээс гадна Хөшөөтөөс Ярантын боомт хүрэх хатуу хучилттай замыг Цэцэг сумын төвөөр дайруулж, тэнд жолооч нарын амралтын байр, цайны газар гээд бүхий л үйлчилгээг бий болгохоор тохиролцсон юм байна.
Харамсалтай нь Хөшөөтийнх ч биш “Мон Эн Ко”-гийн гэж нутгийнхны тодорхойлсон зам Цэцэг сумын төвөөс 10 орчим км-ийн алсуур өнгөрчээ.
Ийнхүү орон нутгийн иргэд их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн үлгэрээр уурхайн ажилтан болно гэж мөрөөдсөөр суугаа аж. Хөшөөт багийн засаг дарга С.Даваасүрэн “Хөшөөтийн уурхайг түшиглэн сум, орон нутаг хөгжинө гэж их хүлээлээ. “Мон Эн Ко”-гийн гэрээт хугацаа дуусчихвал энэ мөрөөдөл талаар болох нь тодорхой. Ер нь үйлчилгээний ажлыг ихэвчлэн гадныхан хийж байна” гэсэн.
Анх гэрээ байгуулахдаа Хөшөөтийн уурхайн үйлчилгээний хамгийн багадаа 39 хувийг орон нутаг хангана гэсэн байна. Гэтэл бодит байдал дээр орон нутгийн иргэд Хөшөөтөд хувиараа дэлгүүр, цайны газар л ажиллуулахаас өөр үйлчилгээ хийх боломжгүй гэжээ.
Уурхайчдын хэлж буйгаар (бүгд нэрээ нууцлахыг хүссэн) энд сум, багийн Засаг дарга нарын оролцоо, үүрэг огт байхгүй. Тэр ч бүү хэл уурхайн удирдлагууд орон нутгийн захиргааныхантай уулзаж, учир байдлыг сонсохыг хүсдэггүй. Хашааны хаалганаас буцаадаг бөгөөд уулзлаа ч тоймтой хариу хэлж чадахгүй инженер, менежерүүдээ гаргадаг гэсэн.
Уурхайн туслах ажилтан Р.Дорж “Энд жирийн ажилчдад зориулсан халуун ус ч байхгүй. Бүгд уурхайн хир, тоосыг гэртээ угаасан болдог. Анх энд ирэхдээ 10 мянган хүнтэй уурхайчдын хотхон байгуулна гэсэн ч өнөөдөр бид монгол гэр, шавар амбаартай хэвээр л байна. Ажлын байраар хангасан гэдэг ч цалин маш бага. Сард шимтгэл, хураамж төлөөд 300 мянган төгрөг л гар дээр авдаг. Ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг хангасан гэж телевизээр ярьж байна билээ. Хөшөөт Монголын нүүрсний уурхайнуудаас хамгийн их тоостой нь. Ядаж байхад энд гадаргын усны нөөц бага. Одоо бөгшүүлж ханиалгадаггүй хүн энд лав байхгүй” гэсэн.
Биднийг Хөшөөтөд очих үеэр иргэдийн хэлсэн гол зүйл бол нутгийн байгаль “Мон Эн Ко”-гийн үйл ажиллагаанаас болж сүйдэж буй явдал. Өдгөө тус бүс нутгийн усны гол бүс Хөндлөнгийн гол, Хөшөөт гол, Тахилтын булгийн ундарга багасч, зундаа бороо орохгүй л бол зарим газраа тасардаг болсон байна.
Дээр нь “Мон Эн Ко”-гийн MV 001414, MV 001640, MV 004322, MV 0065258, MV 011887, MV 011888, MV 011889, MV 011890, MV 015289 лиценз Дарви сумын нутаг дэвсгэрийн 74 мянган га газрыг хамардаг. Гэвч засаг захиргааны хувьд Хөшөөтийн уурхай Цэцэг суманд харьяалагдах болсон тул Дарвийнхан шууд удирддаггүй юм байна. Гэхдээ л компанийн эзэмшил дэх газар нутгийн эзэн тул Хөшөөтийн үйл ажиллагаа шууд хамааралтай. Энэ уурхай хариуцлагатай үйл ажиллагаа явуулж чадах эсэхээс Дарвийн газар нутаг, байгаль орчны аюулгүй байдал шалтгаална.
Дарви сумын нутагт Бага богд, Хөшөөтийн нуруу, Хүрэн өндрийн нуруу, Бумбат хайрхан оршдог. Эдгээр уул нь Төрийн тахилгат Сутай хайрхны салбар. Гэхдээ Төрийн тахилгатайдаа биш эдгээр уул Дарви төдийгүй Цэцэг, Зэрэг, Чандмань болон Говь-Алтай аймгийн Тонхил сумын усны хагалбар болдгоороо Монгол Улсын тусгай хамгаалалттай газарт багтдаг юм билээ.
Сумын ИТХ-аас 2007 онд 18 тоот тогтоол гаргаж, дээрх уул нуруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан ч баталгаажуулалгүй үлджээ. Тогтоол хэрэгжээгүй шалтгааныг сонирхвол, тусгай хамгаалалтад орох ёстой энэ газар нутагт “Мо Эн Ко” компанийн эзэмшлийн лицензэт талбайнууд багтдаг юм байна. Тиймээс үүнийг хэрэгжүүлэлгүй, хав дарж, “хиймэл” баримт болгосон байх юм. Нэг үгээр “Мон Эн Ко”-той холбоотой асуудал шууд дархлагддаг тогтолцоо Хөшөөтөд бий болжээ.