logo
Шинжлэх ухааны хамгийн үнэтэй 5 төсөл

Шинжлэх ухааны хамгийн үнэтэй 5 төсөл

2012/03/22
Хүн төрөлхтөн «ухаантай» гэдгээ батлахын тулд чухам юунд хамгийн ихээр мөнгө зарцуулсан бэ? Ингээд уншигчиддаа шинжлэх ухааны хамгийн үнэтэй 5 төслийг танилцуулья.
1. Олон улсын сансрын станц /ОУСС/. Өртөг 157 тэрбум доллар.
Тус станц нь Дэлхийн тойрог зам дахь хамгийн том хиймэл дагуул юм. Бас ирээдүйд гараг хооронд нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой түшиц бааз юм. Тус станцын инженер, программ зохиогчид тойрог зам дахь аварга том модулийн талаар мэдээлэл цуглуулахдаа асар их туршлага хуримтлуулж, сансрын аппаратуудыг станцтай холбогдох үед ашиглах маш нарийн технологийг боловсруулжээ. Харин биологчид болон анагаахын мэргэжилтнүүд маш олон тооны туршилт явуулсан байна.
Одоогоор Ангараг гараг руу жолоодлогот хөлгөөр үйлдэх нислэгийг 2030 онд хийхээр төлөвлөөд байгаа ба уг гараг руу очих болон буцан ирэхэд 500 хоног шаардлагатай гэнэ. Тиймээс багийн гишүүдийг зайлшгүй шаардлагатай амин дэмүүд, бичил элементүүд болон эслэгээр хангахын тулд сансрын хөлгийн бүхээгт хүлэмж /оранжерея/ заавал байх ёстой ажээ.
Одоо ОУСС дээр бараг дэлхийтэй адил нөхцөлд ургамал, ногоо тарьж ургуулж болох «Лада» хэмээх хүлэмж байгаа гэнэ. Хөлгийн багийнхан уг хүлэмжид үр тариа, улаан лууван /редиск/, салатны навч гээд 20 орчим төрлийн ургамал, ногоо тарьж ургуулжээ. Амьтдаас ОУСС руу мэлхий, эмгэн хумс, хавч, хулгана, харх, ялаа, цох хорхой гэх зэрэг амьтдыг хөөргөж байв. Эрдэмтэд амьд бие организмд цацрагийн туяа хэрхэн нөлөөлж байгааг судалж, ургамал амьтад мутацид ордоггүй болохыг тогтоожээ. Харин таталцлын хүчгүй нөхцөлд зөвхөн ургамал ногоо л тэсч чаддаг байна. Жишээ нь, шувууд таталцлын хүчгүй орон зайд зүг чигээ олж чаддаггүй учир нисч чаддаггүй ажээ. Эрдэмтэд энэ оны эцсээр ОУСС дээр загасан дээр туршилт явуулахаар төлөвлөжээ.
2. Их адроны хурдасгуур (Large Hadron Collider). Өртөг 10 тэрбум доллар
Энэ бол дэлхийн хамгийн том микроскоп юм. Цагираг хэлбэртэй түүний тойрог нь 27 км бөгөөд Франц, Швейцарийн хил дээр 50-175 метрийн гүнд байдаг ажээ.
Эгэл хэсгүүдийн хоёр цацраг эсрэг чиглэлээр цагираган дотуур хөдөлж байдаг ба бараг гэрлийн хурдтай тэнцэх хурдаар хоорондоо мөргөлдөж, нэг төрлийн Их тэсрэлтийг бий болгодог ажээ. Иймэрхүү тэсрэлт 15 тэрбум жилийн өмнө болж байсан бөгөөд манай Орчлонт ертөнцийг үүсгэсэн гэж үздэг байна.
Ийм тэсрэлтийг аливаа материйн шинэ шинж чанаруудыг илрүүлэхэд ашигладаг ажээ. Орчлонт ертөнц үүсэн бий болохдоо кварк-глюнн гэдэг шингэнээс бүрэлдэн тогтож байсан гэнэ.
Судлаачид уг хурдасгуурыг ашиглан бозон Хиггс гэж нэрлэдэг эгэл хэсгийг барьж авахыг оролдож байгаа юм. Энэ эгэл хэсэг нь Орчлонт ертөнцөд оршин байгаа бодисуудыг массаар нь хувааж байдаг байна.
3. «Жеймс Вебб» сансрын телескоп /James Webb Space Telescope(JWST)/. Өртөг 6,8 тэрбум доллар
Тойрог замын хэт ягаан туяаны одон орны төв болох «Жеймс Вебб» нь одоо хуучраад байгаа «Хаббл» дуранг орлох юм. Уг дурангаар одон орон судлаачид маш жижигхэн биетүүдийг харах боломжтой болно.
«Жеймс Вебб» дуран нь «Хаблл»-аас хэмжээгээр харьцангуй том байх ажээ. «Хаблл» дурангийн толины голч нь 2,4 метр бол «Жеймс Вебб»-ийнх 6,5 метр гэнэ.
Уг дуран нь Дэлхийгээс хагас сая гаруй км-ын зайтай орон зайд байгаа биетүүдийг ойртуулах ажээ. Шинэ дуранг 2018 онд хөөргөхөөр төлөвлөж байна.
4.Үндэсний асаах төхөөрөмж /National Ignition Facility (NIF)/. Өртөг 4,2 тэрбум доллар
Америкчууд туршилтын байгууламж барихад 12 жилийн хугацаа зарцуулжээ. Энэ байгууламжид цөмийн дулааны урвалыг бий болгоход лазерын туяаг ашиглах юм. Калифорнид оршдог энэ байгууламжид Америкийн цөмийн томоохон төв болон цэргийн лаборатори болох Лоуренсын нэрэмжит үндэсний лабораторийн эрдэмтэд судалгаа явуулдаг байна.
Хөл бөмбөгийн хоёр талбайтай тэнцэх асар том уг байгууламжийн дотор 10 метрийн хэмжээтэй бөөрөнхий камер суурилуулжээ. Түүн дээр 150 микрограммтай дейтерия болон трития гэдэг бодисын холимог бүхий 2 мм орчим голчтой бичил шаариг суурилуулсан байна. Энэ холимогийг устөрөгчийн бөмбөг хийхэд ашигладаг ажээ.
Бичил шаариг руу 500 триллион хүртэл ваттын хүчин чадалтай 192 лазерын туяа явуулдаг байна. Эдгээр туяанууд нь шаариг дотор шатаж, улмаар агаар мандлын температураас 100 тэрбум дахин их буюу Цельсийн 100 сая градусын халуун үүсдэг ажээ. Дараа нь цөмийн дулааны урвал явагдаж эхэлдэг бөгөөд устөрөгчийн бяцхан бөмбөг дэлбэрдэг байна.
5. Далайн амьтдын тооллого (Census of Marine Life). Өртөг 1,2 тэрбум гаруй доллар
Олон улсын эрдэмтдийн баг 2000 оноос эхлэн дэлхийн далай тэнгисийн амьтдыг тоолж эхэлжээ. Тэд «Далайн амьтдын тооллого»-ын дүнгээ 2010 оны намар танилцуулсан юм. Эрдэмтэд тооллого хийх явцдаа шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдэж байгаагүй 6000 орчим шинэ төрөл илрүүлжээ. Харин далай тэнгист тэнгисийн бүх биомассын 50-аас 90 хувьтай тэнцэх бичил организм байдаг байна. Тэдгээрийн нийт масс нь Африкийн 240 тэрбум заантай тэнцэх гэнэ.
Д.Жаргал
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш