Сонгууль ойртох тусам улс төрчдийн том, жижиг номууд хур бороо шиг шаагиж байдаг болжээ. Өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүдээс гадна аймаг, дүүргийн иргэдийн төлөөлөгчид хүртэл номоо гаргасан. Шинэ оны босгон дээр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг номынхоо баярыг хийсэн бол өчигдөр МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл уншигчиддаа шинэ номоо өргөн барив. Эл бүтээлээ тэр “Төртэй ч болоосой” хэмээн нэрлэжээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, намынхаа таван жилийн ойд зориулсан гэж байна. Уг номонд нь түүний 1990-ээд онд 200 мянган доллар өвөрлөн Ангарскт наймаа хийж явсан цаг үе хийгээд улс төрд хөл тавьсан он жилүүддээ хэвлэлд нийтлүүлж байсан өгүүлэл, ярилцлагууд зонхилжээ. Ер нь номыг Монголчууд “Цагаан буян” гэлцдэг. Б.Цогтгэрэлийн арай өвөрмөц сэтгэмжээр хийгдсэн энэ номыг улс төр сонирхогчид, жирийн иргэд шимтэн унших болов уу.