logo
Террорын давалгаа Иракийг нөмөрчээ

Террорын давалгаа Иракийг нөмөрчээ

2012/03/23
Мягмар гарагт Иракт томоохон террорист ажиллагаанууд болсонд наад зах нь 46 хүний амь эрсдэж, 200 орчим хүн гэмтэж шархаджээ. Америкийн цэрэг халдан довтолсны есөн жилийн ой, тэрчлэн Багдадад Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт болох гэж буйг тохиолдуулан террорист ажиллагаа үйлдэгдэж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Ирак амаргүй үеийг туулж байна. Сирийн хямрал улам бүр хурцдахын хэрээр иргэний шинэ дайн гарах аюул тус улсыг нөмөрчээ.
Мягмар гарагийн өглөө эрт Иракийн хойд нутгийн Киркук хотод эхний террор болсон байна. Террористуудын бай болсон цагдаагийн газрын үүдэнд тэсрэх төхөөрөг суурилуулсан автомашин дэлбэрч, над зах нь, долоон хүний амь эрсэджээ.
Үүнээс илүү хүчтэй террорист халдлага Багдадаас баруун урагш 100 километр зайтай оршдог, шиитүүдийн ариун газар гэгддэг Кербела хотод болов. Террористууд давхар халдлага үйлджээ. Эхний дэлбэлэлтийг үйлдсэн газар цагдаагийнхан цуглах үед хоёр дахь тэсрэх бөмбөгийг ажиллагаанд оруулсан байна. Амь үрэгдэгсдийн дунд нутгийн оршин суугчид төдийгүй, Иранаас мөргөл үйлдэхээр ирсэн хүмүүс байв.
Иракийн бусад хотуудад ч террор үйлдэгджээ. Тухайлбал, үл таних хүмүүс Анбар мужийн захирагчийн аминд халдсан байна. Захирагч эсэн мэнд үлдсэн ч түүнийг тойрон хүрээлэгч нэлээд хэдэн хүн амиа алджээ. Тэрчлэн тэсрэх төхөөрөгт Дияла мужийн Эль-Махмудия хотын цагдаагийн эргүүл өртсөн байна.
Тус улсад нийт наад тал нь, 16 дэлбэрэлт болж, наад зах нь 46 хүний амь эрсэджээ. 200 орчим хүн хүнд, хөнгөн шархадсан байна. Иракийн цагдаагийнхан хэдэн арван бөмбөг, тэсрэх төхөөргийг аюулгүй болгож чадаагүй бол амь үрэгдэж, шархдагсдын тоо бүр ч олон болох байжээ. Мягмар гараг цуврал террор үйлдэгдсэний улмаас 55 хүний амь үрэгдсэн нэгдүгээр сарын 23-наас хойших хамгийн цуст өдөр болсон байна.
Террористуудыны энэ удаагийн халдлагыг шинжээчид сүүлийн 20 гаруй жилд анх удаа гуравдугаар сарын 27-29-нд Багдадад болох гэж байгаа Арабын улсуудын холбооны /АУХ/ дээд хэмжээний уулзалттай холбон тайлбарлаж байна. Энэ өдрүүдэд Иракийн нийслэлд аюулгүй байдлын урьд өмнө нь авч байгаагүй чанд арга хэмжээ авч, хотын гудамжуудад 26 мянга гаруй цэрэг, цагдаа эргүүл хийж байгаа аж. Иракийн эрх баригчдын төлөвлөснөөр бол АУХ-ны гишүүн 22 орны удирдагчийн уулзалт нь тус улсын байдал бүрэн хяналтад байгааг харуулах учиртай юм.
Гэвч бие даасан шинжээчдийн үзэж буйгаар, байдал үнэн хэрэгтээ тийм ч сайнгүй байна. Иракт зөвхөн суннитын хэт давруу үзэлтнүүдийн төдийгүй, тус улсын өнөөгийн байдалд сэтгэл дундуур байгаа шиитүүдийн ажиллагаа идэвхижжээ. Тодруулбал, даваа гарагт Басра хотын гудамжуудад амьдрах нөхцөлийг нь эрс сайжруулахыг Засгийн газраасаа шаардаж байгаа шиитийн шашны тэргүүн Муктада ас-Садрын талын янз бүрийн мэдээгээр, 700 мянгаас нэг сая орчим хүн жагссан байна. Энэ арга хэмжээ АНУ, түүний холбоотнууд Иракт халдан довтолсны есөн жилийн ойд зориулагджээ.
Францын Ираны асуудал хариуцсан ахлах шинжээч Анна Нивагийн үзэж буйгаар, Иракт бий болсон үл ойлголцол иргэний шинэ дайн гарахад хүргэх аюултай байна. Оросын ШУА-ийн шинжээч Владимир Сотников санал нэг байгаа бөгөөд «наад зах нь ирэх зун хүртэл Иракийн байдал муудсаар байна» гэж тэрбээр мэдэгджээ. Түүний хэлснээр, түгшүүртэй байдал газар авч байгаа нь «зөвхөн дотоодын асуудалтай төдийгүй, Сирийн хямралтай холбоотой» юм. «Башар Асадын дэглэм ирэх зуныг дуустал тэсэхгүй л болов уу. Түүний оронд төрийн эрхэнд «Аль-Каида»-гийн талынхан гарч болзошгүй байна. Энэ нь тус бүс нутаг даяар лалын хүрээнийхний үйл ажиллагаа цаашид идэвхжихэд хүргэнэ» гэж шинжээч таамаглаж байна.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш