logo
АНУ дахин дангаар арга хэмжээ авахгүй

АНУ дахин дангаар арга хэмжээ авахгүй

2012/03/23
Ираны нефтийн гол импортлогчид болох 23 орны 11-ийн эсрэг дангаар дахин хориг арга хэмжээ авахгүй байхаар АНУ шийджээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын ажилтан сэтгүүлчдэд зориулан утсаар хэвлэлийн бага хурал хийхдээ мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, нефтийн гэрээний талаар авсан хориг арга хэмжээг Япон болон Европын Холбооны гишүүн 10 улс тодруулбал, Бельги, Их Британи, Герман, Грек, Испани, Итали, Нидерланд, Польш, Франц, Чех улс дэмжиж байгаа ажээ. Эдгээр улс Иранаас худалдаж авдаг түүхий нефтийн хэмжээгээ «эрс багасгасан» гэж АНУ-ын Засгийн газар үзэж байна гэж АНУ-ын гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч тайлбарлажээ.
Тегеранаас их хэмжээний «хар алт» худалдан авсаар байгаа үлдсэн 12 улсад АНУ хориг арга хэмжээ авахыг тэрбээр үгүйсгээгүй байна. Ийм улсын тоонд Энэтхэг, Хятад, БНСУ оржээ.
Америкийн хуулинд заасны дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сард багтаан эдгээр улсын эрчим хүчний зах зээлд үнэ болон хэмжээний хувьд боломжийн санал тавих түүхий нефтийн өөр нийлүүлэгч олдох эсэхийг тогтоох боломжтой аж.
Иранаас авдаг нефтийн хэмжээгээ багасгах уу, эсвэл өөр нийлүүлэгч олох уу гэдгээ эдгээр улс шийдэх хугацааг зургадугаар сарын 28 хүртэл сунгах эсэхээ Обама шийдэх юм.
Төрийн Департаментын ажилтны ярьснаар, Япон болон ЕХ-ны дээр дурдсан 10 улсын ажиллагааг Тегеранаас авдаг нефтийн хэмжээгээ багасгах талаар авч болох арга хэмжээний «загвар» хэмээн Вашингтон үзэж байгаа бөгөөд энэ сэдвээр бусад 12 улстай яриа хэлцээ хийхэд бэлэн байна.
Токио Иранаас худалдан авдаг нефтиэ хэдий хэмжээгээр багасгасан тухайд Америкийн дипломатч «арилжааны нууц мэдээлэл» хэмээн хэлэхээс татгалзсан байна.
Энэ сэдвээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Клинтон бичгээр хийсэн мэдэгдэлдээ, Тегеранд үзүүлж буй шийдвэртэй дарамт шахалттай дипломат арга хэмжээ нийлээд Ираны цөмийн асуудлыг шийдэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ. Олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх талаар Иран улсад үзүүлэх дарамт шахалтаа чангатгах талаар гадаадын түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бид үргэлжлүүлнэ гэж Клинтон онцлон тэмдэглэсэн байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш