Олныг үл нуршин тэдний сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг дахин бүрэн эхээр нь хүргэе. Дүгнэлт хийх эрх нь мэргэн уншигч танд л бий билээ.
“Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Х.Баттулгын өгсөн ярилцлага
-“Тавантолгойн бүрхэг ирээдүй” гэх нийтлэл чинь интернэтэд гарчихсан байна. Тэгээд эндээс яриагаа эхэлдэг юм бил үү гэж бодлоо.
-2007 оны долдугаар сард “Тавантолгой бол бүтэхгүй ээ, энэ бол их бүрхэг ирээдүйтэй. Яагаад вэ гэвэл...” гээд бүх анализыг хийж байсан. Тухайн үед ихээхэн шүүмжлэл хүртэж байсан. Өнөөдөр таван жилийн дараагаас буюу хүн бүхэн Тавантолгойгоос ямар нэгэн байдлаар хувьцаа, хувь хишиг хүртэнэ гэсэн хүлээлт үүсчихсэн байна. Тэгвэл Тавантолгойгоос олох гэж байгаа та бүхний хүлээлт бол бүтэхгүй шүү, энэ бол улстөрчдийн заль мэх шүү гэдгийг би олон жил хэлж байна.
-Одоо хүртэл үү?
-Тавантолгой хөрөнгийн бирж дээр гараад, эргээд 2,7 сая хүнд ашиг орлогоо өгнө гэдэг бол худлаа л байхгүй юу. Анхнаасаа тийм зохион байгуулалттай хийсэн одоо ч гэсэн тийм л байгаа. Шалгадаг газар нь шалгаад гаргаад ирвэл энэ бол маш том гэмт хэргийн шинжтэй зүйл байгаа юм. Өнөөдөр манайд хууль шүүх маань ч ямар байгаа билээ, шалгадаг байгууллагууд нь ч ямар байгаа билээ гээд яривал их юм байгаа. Гэтэл ингээд ярья гэхээр хэвлэл мэдээллүүд маань тэртэй тэргүй боогдчихсон байгаа болохоор хэцүү байна. Ярьдаг нэг нөхөр яриад байдаг. Гэтэл өнөөхийг “энэ нөхөр өөрөө нүүрсний уурхайгүй болохоор хорлох юм яриад байна” гээд байдаг. Өнөөдөр танай нэвтрүүлгээр орж, 40 минутанд тодорхой хэмжээний факт баримтуудыг яриад үзье гэж бодож байна.
Саяхан Германы ерөнхийлөгч орон сууцны зээлийн хөнгөлөлттэй нөхцөлд өөрийгөө хамруулсны төлөө л огцорлоо шүү дээ. Тэрийг нь дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллүүд нь гаргаад тавьчихсан байгаа юм. Орон сууц аваагүйш дээ. Орон сууцны зээл авахдаа, иргэний адил хөнгөлөлтөнд л хамрагдчихсан асуудал байдаг. Ийм л асуудлаар огцорч байдаг. Гэтэл бидний ярьж байгаа зүйл бол энэ асуудлаас хэд дахин том, 2.7 сая хүнийг хэдэн жил хуурчихсан асуудлыг л ил гаргаж ярих гээд байгаа хэрэг.
-Засгаас гарахын өмнөхөн таны ярьж байсныг санаж байна. Тэгээд та яагаад “өнөө нөхөр нөгөө асуудлаа л ярьж байна гэх байх” гээд байгаа юм. Тэгвэл өнөөдрийн яриа юугаараа өөр байх гэж?
-Өнөөдөр яригдах бүх зүйлд цензур тогтчихсон байгаа. Монгол Улсын Засгийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ хийчихсэн.
-Тавантолгойн ирээдүйг бид хүлээгээд л сууж байна. Яагаад бүрхэг гэж та хэлж байна вэ?
-Тавантолгойн орд нь өөрөө өнөөдөр ашиглалтанд ороод, хөдөлгөөнд ороод, хөрөнгийн бирж дээр гараад, дэд бүтэц нь шийдэгдээд явж байх ёстой гэдгийг би хэлээд байгаа юм. Гэтэл энэ асуудал хойшоо тавигдчихсан. Зөрүүлээд “Ухаа худаг”-ийг түрүүлж явуулаад, хөрөнгийн бирж дээр хувьцааг нь гаргаад ирсэн.
-Гэхдээ энэ чинь Тавантолгойн ордын ердөө дөрвөн хувь нь л гэж яриад байгаа биз дээ?
-Тэгэхээр хүмүүсийн толгой эргээд байгаа байхгүй юу. Том Тавантолгой гэж байгаад дөрвөн хувийг нь гаргажээ гээд л яриад байгаа. Миний баримт гаргана гээд байгаа нь энэ асуудал юм. УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоол гэж байдаг. Энэ дээр “энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ордыг стратегийн өндөр ач холбогдол бүхий ордод хамруулсугай” гэж заасан.
Тэгээд тэр орд нь юу болох талаар тайлбар хийсэн хавсралтдаа “Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК, Дайцуку ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц нь тогтоогдсон талбайг хамааруулна” гээд заачихсан. Тэгэхээр энэ стратегийн орд мөн байгаа биз. Гэтэл тус тусдаа ордууд байгаад байгаа юм. Хэрвээ стратегийн ордыг хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах юм бол төр, хувийн хэвшил 50х50 хувиар эзэмшинэ гэдэг тогтоол бас байгаа. Ийм юм болоод байнаа л гээд байгаа юм. Энэ УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ёстой юу, ёстой. Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд, Оюутолгойн зэс алтны ордыг хамтарч ашиглах гэрээг 2008.12.04-нд гаргаад, энэ хоёр ордыг хамтарч ашигла гэсэн тогтоол гаргачихсан байгаа юм. Гэтэл Оюутолгой нь яваад, Тавантолгой нь одоо хүртэл явахгүй л байдаг.
Гэтэл энэ хооронд хууль бусаар гээд байгаа “Ухаа худаг” нь бүх зүйл нь хийгдээд яваад байдаг. Тэгэхээр уг нь бол тогтоолынхоо дагуу бол Тавантолгой Оюутолгойтой зэрэг ажиллаад, Ухаа худаг-ийг болохоор Засгийн газар, хувийн компани хоёр 50х50 хувийн гэрээ хийж ашиглах ёстой гэдгийг л яриад байгаа хэрэг. Тэгэхээр “Ухаа худаг”-ийг нь нь хэдхэн хүмүүс нь түрүүлж аваад, түрүүлээд Хөрөнгийн бирж дээр гаргачихаар Тавантолгойн үнэлгээ уначихаж байгаа юм.
-Тэгээд тэр “хэдэн хүмүүс” гэдэг чинь зохион байгуулалттайгаар ашиглаад гаргачихсан байна. Гэтэл энэ дээр Засгийн газар л ажиллах ёстой байсан юм биш үү. Тэр Засгийн газар дотор та өөрөө байсан шүү дээ?
-Харьяаллынх нь сайд нар байсан. Би дэд бүтцийг хариуцсан сайд байсан. Энэ ажил дээр хамгийн их ярьж ажилласан хүн нь би гэж бодож байна. Таван жилийн өмнө Ардчилсан холбооныхон “нарийн царигтай төмөр зам” гэдгийг төв талбай дээр жагсаж байж, зогсоолгосон. Улс өөрөө төмөр замаа тавих ёстой. Тэгвэл хувийнхан улсын төмөр замаар ачаагаа зөөнө.
Тэгэхгүй бол хувийнхан төмөр зам тавьчихаар тарифын өрсөлдөөн гарна. Улс өөрөө стратегийн чухал ордууд гэж байгаа юм бол түүнтэй холбоотой стратегийн ач холбогдол бүхий төмөр замаа тавих ёстой. Яагаад гэвэл “стратегийн” гэж нэрлээд 2,7 сая хүний амьдрал ахуйд зориулна гээд тогтоол гаргачихсан. Ийм л зөрчил байгаад байгаа юм. Энэ ажлыг явуулах хүсэлгүй л байна.
Ихэнх сайд нар энэ компанид хувьцаа эзэмшиж байна. Бүгдийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байж л байгаа. Эрчим хүчний сайд Д.Зоригт байна. Сайд нарын бараг тал нь MCS-ийн барьсан байшинд гүйгээд орчихсон байна. Мөнгөө төлсөн л гэдэг юм л даа. Гэхдээ би тэрийг нь шалгадаг хүн нь биш байхгүй юу. Энэ байдлыг мэдээлж ярьж байгаа нь миний иргэний үүрэг юм. “Ардчилсан холбоо” бол иймэрхүү байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байгууллага. Харин би энэ байгууллагын дарга болоод зургаан жил болчихож. Би ярих ёстой л гэж бодоод байгаа юм. Ярихдаа баримтыг нь ярих ёстой. Ийм том зохион байгуулалттай гэмт хэрэг болж байна гээд байгаа юм.
-Яагаад MCS-ийнхэнтэй уулзалдаад яриад учраа олж болохгүй болчихов оо?
-Уулзалдалгүй яахав дээ. Ерөнхий сайд С.Батболд, Д.Оджаргалтай нь хамт уулзаад “хэзээ үхнэ гэж ийм юм хийж явах вэ” гээд уулзсан. Яриад арга барагдаад ингэж байна. Одоо энэ материалуудыг өгдөг газар нь өгнө гэж бодож байна. Бүгд баримтаараа байна. Эрх ашгийн зөрчил байна. Би түрүүн Германы ерөнхийлөгчийн асуудлыг ярилаа ш дээ. Гэтэл манай сайд нар бүр байран дотор нь орчихсон байна шд. Оочер дайрсан компанийнхаа байранд. Яагаад оочер дайрсан гэж ярьж байгаа гэхээр том Тавантолгой нь Оюутолгойтой хамт хөгжих ёстой байтал том Тавантолгойн ажлыг хойш нь татаад Ухаа худгийг урдуур нь оруулаад ажиллуулчихсан л байгаа байхгүй юу.
-Та тэр төмөр замыг явуулах сайд нь байсан биз дээ?
-Хөрөнгө мөнгөнийх нь мэдэл надад байгаагүй. Монгол Улсад төмөр замын бодлого гэж байхгүй байхад би УИХ-аар энэ асуудлыг оруулж батлуулж байсан. Их юм болж батлуулсан даа. Яагаад гэвэл 2008 оны сонгуулийн өмнө “Энержи Ресурс” компани нарийн царигаар урагшаа төмөр зам тавиулах гээд Засгийн газраар зөвшөөрүүлчихсэн байгаа байхгүй юу. Хэрвээ эх орноо гэсэн бага ч гэсэн бодолтой хүмүүс бол “энэ чинь юу билээ” гэж бодох л байсан. Хэдхэн гэр бүлийн төлөө 2,7 сая хүний асуудлыг оочер дайруулаад шийдэж байна гэдэг бол... хэлж мэдэхгүй юм. Их л боловсролтой улс шүү дээ уг нь.
-Тэгвэл УИХ-д ч гэсэн та бүхэн байгаа шүү дээ?
-Бид 28-уулаа л байдаг. Уг нь 2008 оны сонгуулиар бид ялсан юм юм шүү дээ. Эд нар чинь ийм л юмаа хийхийн тулд сонгуулийг дээд зэргээр будилаантуулдаг арга мэхтэй хүмүүс. Сонгуульд хэрвээ Ардчилсан нам олонх болсон бол за мөн олон хүн дээлээ нөмрөх байсан даа. Одоо тэр Засаг дарга нарыг хар л даа. Арав гаруй хүн дээлээ нөмрөх болж байна. Засгийн газраас Ардчилсан намынхан гардаг өдөр ҮЗХ-ны хурал дээр “Энержи Ресурс” 70 жилийн гэрээ байгуулаад ороод ирж байгаа юм. Чоно борооноор гэдэг шиг. Тэгээд энэ 70 жилийн гэрээг ҮЗХ-ны хурал дээр намайг зарлахад “худлаа ярьж байна” гээд байгаа юм. Би хэдийгээр дээд боловсролгүй ч гэсэн бас нэг, хоёр оронтой тоог бол мэднэ л дээ. Тэгээд гучин жилээр хийгээд, цаашдаа хорь, хорин жилээр сунгаад явахаар гэрээндээ заачихсан байдаг. “Бороо гоулд”-ын гэрээг бас яг ингэж “Тогтвортой байдлын гэрээ” гэж хийсэн. Гэтэл өнөөдөр “Бороо гоулд”-оос манай улсад юу орж байна? Сурв: “Энержи Ресурс” компанийн гэрээг үзүүлэв/
-Тэгвэл энэ асуудлыг таныхаар яаж шийдэх ёстой гэж?
-Хэрвээ стратегийн орд биш зүгээр уул уурхайтай холбоотой асуудал бол өөр. Нэгэнт стратегийн бүтээгдэхүүн учраас энэ УИХ тэгж ярьсан байлгүй дээ. Стратегийн бүтээгдэхүүн кокосжсон нүүрс мөн үү, мөн. Тэгвэл Засгийн газар гэж байгаа бол энэ бүтээгдэхүүнийг яаж, хэнд, хэзээ, ямар үнээр зарах тухайгаа бодлогыг нь боловсруулах ёстой болов уу. Би Дэд бүтэцийн сайд байхдаа яг энэ зүйлийг л хийсэн. Нэг зах зээлээс хамаарахгүй, далай руу гарах магадлалтай энэ бүтээгдэхүүнийг Япон, Солонгос руу гаргах замын бодлогыг гаргасан. 2008 оны сонгуулийн өмнө нарийн царигаар урагшаа төмөр зам гаргах зөвшөөрлийг Засгийн газар өгчихсөн л байсан.
-Одоо тэгээд таны ярьж байсан төмөр замын ажлыг бүр таг зогсоочихсон юм уу?
-Зогсоочихсон ш д. Ямар нэгэн байдлаар эхлүүлэхгүй бол биднийг Засгаас гарангуут энэ ажлыг зогсооно гэдгийг мэдэж байсан. Гэхдээ УИХ-аар батлуулчихсан учраас гайгүй л байх л даа. Гэхдээ энэ хүмүүс бол энэ ажлыг явуулахгүй. Яагаад гэвэл Хууль зүйн сайд нь Засгийн газрын хуралдаан дээр “Төмөр зам барихыг чинь харнаа” гэж заналхийлж байсан. Тэгээд тэр сайд нь өнөө MCS-ийн байранд амьдардаг. Тэгээд асуухаар “түрээсийн байранд амьдардаг аа” гээд. Тэнд ямар түрээс төлдөгийг тэр хүн мэдэхгүй байхгүй юу. Түрээс нь доод тал нь таван сая төгрөг байгаа даа. Хүн гүтгэсэн гэвэл намайг шүүхэд өгнө биз. Энэ баримтуудыг бол би энэ долоо хоногоос Прокурор, АТГ, Ерөнхийлөгчид өгнө гэж бодож байгаа.
-Өгөөгүй яваад байсны учир нь юу юм бэ?
-Хэвлэл мэдээлэлтэй хамт баримттай өгөх гээд байгаа юм. Ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарын чинь 50 хувь нь доод тал нь сая долларын байранд орсон байна. Өнөөдөр эдийн засаг нь өсөөд байгаа мөртлөө яагаад амьдрал ядуураад байгаа юм. Яагаад халамжийн бодлого байнга явагдаад байдаг юм. Халамжийн бодлого гэдэг чинь өөр зүйл байдаг юм гээд яривал их зүйл болно.
-Монгол улс бол геополитикийн хувьд Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог улс...
-Та геополитик ярьж байна. Тэгвэл Засгийн газрын гишүүд геополитик ярих ёстой юу, ёстой. Тэгвэл яагаад нарийн царигтай төмөр замыг Хятад руу гаргах зөвшөөрлийг өгчихсөн байдаг юм. Энэ геополитик уу? Өгчихсөн юм шүү дээ. Одоо хүртэл тэрийг нь цуцлах гээд цуцалж чадахгүй байна. Геополитик мэдэхгүй хүнийг Ерөнхий сайдаар тавьчихсан юм уу. Тэгэхээр манай улсад геополитикийн бодлого, хоёр гүрний дунд барих бодлогын баланс гээд бүх зүйл алдагдчихсан байна.
-Нүүрсний замын асуудлыг та сайд байхдаа хэр ярив?
-Ярилгүй яахав дээ. Нүүрсний замыг хаалаа, дүрэм журам гэж зүйл Монголын хил орж ирээд л үйлчилдэггүй. Гэсэн атлаа хил гараад л дүрэм журам нь тухайн орондоо үйлчлээд явчихсан байдаг. Тэгээд дүрмийн дагуу замыг нь хаахаар гучин минут болоод л Засгийн газраас утасдаад эхэлдэг. 44 тонны автомашин явах олон улсын конвенцид манай улс гэтэл нэгдчихсэн. Тэгээд энэ конвенцийнхээ дагуу явах гэхээр 100 тоннын машинууд давхиад байдаг.
-Дүрэм, журам, тогтоол шийдвэр гэж байхгүй юу?
-Бүгдээрээ байгаа шд. Зөрчөөд л явдаг байхгүй юу. Хууль зүйн сайд нь “зам хаалаа. Улсын төсөв тасарлаа. Энэ бол хууль шүү” л гэдэг. Энэ хэлбэрээр цаашид явбал нэг улс, нэг компани, нэг бүтээгдэхүүний хамааралтай ийм л улс гэж хэлэхэд хэцүү зүйл болох гээд байна. 2012 оны улсын төсөвт 31 сая тоннын нүүрсний экспорт бүртгэгдсэн. Гэтэл энэ хаагдчихвал яах вэ. Далай лам ирээд танайд долоо хононо гэсэн чинь арав хоночихлоо гээд урд хөрш хилээ хаачихвал яах вэ. Тэгэхээр улс гэдэг бол стратегийн нэг бүтээгдэхүүнтэй, түүнийг нь нэг л компани зардаг байж болохгүй. Бодлого гэдэг юмаа гаргаад хариуцлагатайхан шиг хүмүүсээ гаргах хэрэгтэй. Одоогийн энэ Эрдэс баялгийн сайд энэ тэр бол хэрэггүй ш дээ. Ийм байдлаас гарах хэрэгтэй. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдаад авчихсан. Энэ нэг хэвлэлийн байгууллагатай хийсэн гэрээг харуулъя л даа /сурв: гэрээ харуулав/. Энэ гэрээн дээр MCS-ийн ерөнхийлөгч Оджаргал, Од нартай болон энэ компанийн шинээр гаргасан бизнесийн талаар сөрөг мэдээлэл гаргахгүй гээд биччихсэн байна.
-Та энийг хаанаас авсан юм бэ?
-С1 дээрээс авлаа. Тэнд ярих гэсэн чинь хаагаад хаячихсан байна шд.
-Таны телевиз биш юм уу?
-Би хөрөнгө оруулагч л даа. Ийм байнаа л гэж байгаа юм. Хууль дүрмээрээ бол Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд нь Энержи ресурс компанид “танай компанийн 50 хувь нь улсынх байнаа” л гэж ярьж байх ёстой байхгүй юу. Энэ ерөнхий сайдаас тийм үг гарахгүй. Австрали улс “Тавантолгой зөв замаар явбал манай улсын эдийн засаг хямрана” гэж ярьж байсан.
-Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд орох хүсэлтэй хүн маш их байна. Та өөрөө Дэд бүтцийн сайд байсан хүний хувьд энэ асуудлыг бас бүтэхгүй гэж хэлэхгүй биз дээ?
-Зургаан хувийн хүү гэдэг бол биднийг байхад яригдаж байсан. Жилийн 5-6 хувийн хүүтэй зээл байж хөрөнгө оруулалтаа даадаг. Бидний үед хийсэн төсөл л дөө. Одоо гэхдээ энийг явуулж чадахгүй. Яагаад гэвэл мэдэхгүй байхгүй юу. Эх үүсвэр гэдэг нь хаанаас вэ гэдэг зүйл чухал. Арилжааны банкууд яагаад ч үүнийг хийхгүй. Таван жилийн дараах Засгийн газар энэ мөнгийг төлөх ёстой доо, уг нь. Гэтэл яаж төлөх вэ. Орон сууцны зээл бол 15-20 жил байдаг. Сонгуулийн дараа Засаг төр, улс орон гэж байхгүй юм шиг л хийдэг аргаа хийгээд эхэлж байна.
Өнөөдөр Оюутолгой руу яагаад эрчим хүч оруулахгүй, Эрчим хүчний сайд нь энэ талаар ажиллахгүй байна. Яагаад Оюутолгой миллиард гаруй хүнтэй, эрчим хүчний хомсдолтой байгаа Хятад улсаас эрчим хүч авна гээд яриад байгаа юм. Монгол улс хүрзээр ухахад л эрчим хүчний нүүрс байгаа шд. Яагаад уул уурхайд зарагдаж байгаа нефть бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлчихдөг юм гээд яривал их зүйл бий.
-Ухаа худаг цахилгаан станц барьсан, боловсруулах үйлдвэрээ барьчихсан. Тэгээд эндээс татварт юм хүртэхгүй байгаа гэж үү?
-2011 онд нийт Монгол улс 15 сая тонн экспортолсон, 2012 онд 31 сая тонн нүүрс экспортлоно. Монгол улсын нүүрс энд байгаа юу, байхгүй. Энэ компаниуд руу л орно шд. Татвар гэж жоохон л юм авна.
-Та энэ улс орны хөгжил “явахгүй байна” гээд л яриад байх юм?
-Явахгүй л байгаа биз дээ, тэгээд. Би явуулах гээд төмөр зам дээр хамаг байдгаараа яриад том хана мөргөөд уналаа шд. Тэгээд ингээд гаргаад ярьж байна. Хамгийн сүүлд намынхаа ҮЗХ-ны хурал дээр 70 жилийн гэрээ байгуулах гээд байна шүү гээд ярилаа. Хэрвээ “яваад” байгаа юм бол энэ улс орон чинь яагаад хөгжихгүй байгаа юм бэ. Одоо энэ ерөнхий сайд С.Батболдыг тойрсон баахан хүмүүс гараад ирсэн. Өнөөдөр гэтэл утаагаар хэчнээн хүүхэд хэвлийдээ үхэж, хэчнээн нь тахир дутуу болж байна. Хавдрыг хар л даа. Утаа арилахгүйгээр энэ өвчин эдгэхгүй ш дээ. Утааг орон сууцаар багасгадаг юм, орон сууцыг мэргэжлийн сургалтын төвүүдээр оруулаад өөрсдөөр нь бариулдаг юм гээд бодлогыг нь оруулж батлуулсан. Явуулахгүй байна. Тэгээд утаа ярихаар зуух оруулаад шахчихдаг. Тэгээд юуг “явж байна” гэж ярих гээд байгаа юм. Мал өсч байгааг “явж байна” гэх гээд байгаа юм уу?
-Одоо тэгвэл бид яах ёстой вэ?
-Энэ хүлээлт үүсгэсэн хүмүүст “энэ чинь бүтэхгүй шүү” гэдгийг зарлалаа. Ингээд би АТГ-т энэ нөхцөл байдлыг би хүргэж өгнө, араас нь шаардана. Ерөнхийлөгч, Прокурорт хүргэнэ. Араас нь шаардана. Тэгээд харья. Хэрвээ би хүн гүтгэсэн байвал ялаа эдэлье. Ийм хүмүүсийг УИХ-д дахиж гаргаж болохгүй байхгүй юу. Энэ хүмүүс чинь бүр ч илүү их мөнгө гаргаж энэ луйвраа хийнэ. Энэ хүмүүст юу л байна, мөнгө л байна.
-“Энэ хүмүүс” гээд яриад байгаа чинь бас л Монгол хүмүүс шүү дээ.
-Тэгээд өрөвдөх үү. Хөөрхий минь их шуналтай л Монгол хүн дээ гэх үү? Яагаад тэгвэл энэ хүмүүс бусад Монголчуудаа өрөвдөхгүй байгаа юм. Яагаад зөвхөн өөрсдийнх нь амьдрал сайхан болдог юм. Авдаг ял, шийтгэлээ авах ёстой шд.
-Цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
Ярилцсан сэтгүүлч н.Оюунчимэг
* * *
"Монголын үнэн" сонинд ХЗДХЯ-ы сайд Ц.Нямдоржийн өгсөн ярилцлага
УИХ-ын гишүүн Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа гадны компанитай нууц гэрээ байгуулсан гэсэн. Та тодорхой тайлбарлахгүй юу?
-Төмөр зам барих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа хэлэлцээр хийж, Тавантолгойн ашиглалтын лицензийг Оросын талд өгч, энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барихаар тохирсон юм. Энэ үеэр ОХУ-ын "Оросын төмөр зам" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч И.В.Якунин Монголд хэд хэдэн удаа ирж Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан. Ингээд "Монголын төмөр замын дэд бүтэц" компани байгуулсан юм.
Уг компанийн ТУЗ-ийн даргаар ОХУ-д Элчин сайдаар сууж байсан Л.Хангай, гуйцэтгэх захирлаар нь В.В.Морозов томилогдож, төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан. Үүний дараа Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд "Монголын төмөр зам" компанийн захирал Б.Батзаяа оролцож гарын үсэг зурсан. Тэдний гар барьсан зургууд интернэтэд тавигдсан нь үүнийг батлана.
Х.Баттулга ийм гэрээ байгуулаагүй гэж хэлдэг ч 20 хуудас, англи хэл дээр хийсэн гэрээ бий. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд байгуулагдсан энэ гэрээг мэддэг хүн Монголд бараг байхгүй. Хариуцсан яам, төмөр замын хэрэг эрхлэх газар, Засгийн газар ч мэдээгүй байна. Оросуудтай Тавантолгойг барьцаалж гэрээ хийж байх үед БНХАУ-ын холбогдох яамны дэд сайд Монголд ирж, Х.Баттулгатай гарын үсэг зурсан ч энэ гэрээг маргааш нь БНХАУ-ын талаас цуцалсан.
Ийм гэрээ хэлэлцээрүүдийн улмаас Монгол Улс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд сэв суусан. Одоо Тавантолгойн гэрээ гацчихаад байгаа нь ийм. хууль бус үйл ажиллагаануудаас улбаатай гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэсэн мэдээлэл цацагдсан.
Энэ 20 хуудас гэрээнд Чойбалсан хүртэлх 1100 км төмөр зам барих ба км төмөр замыг 2.1 саяас 2.5 сая ам.доллар байна. Нийтдээ 2.5 орчим тэрбум ам.доллар зарцуулагдана гэж тооцсон байсан. Ийм том төслийг тендергүйгээр шилжүүлсэн нь ардчилсан Монголд байж болохгүй. Мөн энэ гэрээнд Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам барих ажлыг ч хийлгэхээр болсон байсан. Тэгэхээр бидний үед л лав гашуун сухайт, Нарийн сухайтаар төмөр зам явахгүй нь.
Минийхээр болдог бол эхний ээлжинд Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд нэн тэргүүнд төмөр зам барьж, осол аваар, байгаль экологийн асуудлыг шийдвэрлэмээр байна. Ийм их хэмжээний нүүрсийг машинаар зөөвөл ямар ч авто зам бариад нэмэргүй. Энэ онд Оюутолгой, Ухаа худаг ашиглалтад орно. Тэгэхээр ачаалал улам л нэмэгдэнэ. 2008 онд Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам барих ажил эхлэх гэж байхад таслан зогсоосон шалтгаан нь Тавантолгойн лицензийг бусадтай хамтарч ашиглах, нууц гэрээ байгуулах гэсэнтэй холбоотой юм.
-Таныг "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт саад учруулсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ хэр үнэний ортой вэ?
-ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулгын орон тооны бус зөвлөх Ц.Ууганбаяр урагшаа явж, 300 сая ам.долларын зээлд оролцсон байдаг. Сүүлд нь энэ мөнгөөр "Шинэ Яармаг" гэдэг хороолол барихдаа Монголын талын оролцогч нь Ц.Ууганбаярын хувийн "ЮП групп" компани болж таарсан. Түүнээс би Ухаа худгаас байр барилгын ажлыг зогсоогоод байгаа юм биш. Олон удаа би ЗТБХБЯ-ныханд хууль дүрмийн дагуу ажиллахыг сануулж, хулгайгаа болиорой гэж хэлсэн.
Шударга ажилла, би та нарыг дагаж шоронд орж чадахгүй гэсэн. Хөгжлийн банкнаас Сангийн сайдад өгсөн албан ёсны танилцуулгад "Шинэ Яармаг" хороололд бага үнэтэй 6500 айлын орон сууц барихаар яригдаж байсан. Гэтэл баталгаа гаргах болсон чинь "ЮП групп" компанийнхаа нэрийг өөрчилж "Нью Яармаг хаусинг прожект" ХХК болгон өөрчилж орон сууцны тоог 3995 болгож бууруулсан. Саяхан бүр 3660 орон сууц болж буурлаа. Би олон Засгийн газарт ажиллаж байгаа хүн. Ийм дайны луйвар гаргахгүй гэж л сайдаар ажилладаг.
-Өмнө нь та Ухаа худагт авто зам тавихыг эсэргүүцээд Х.Баттулга гишүүнтэй маргалдаж байсан удаатай. Гэтэл Гашуун сухайт, Нарийн сухайт уруу эхлээд төмөр зам тавих ёстой гэдэг юм яриад байгаа юм биш үү?
-Та нар эрүүл ухаанаар бодоод үз л дээ. Шороон замыг бужигнасан шороогоор нь буцааж булахад зам засагдана гэж юу байдаг юм. АН-ын хурал дээр ч яригдсан. "MCS" группэд Засгийн газар, түүний дотор МАН, АН-ынхан бүгдээрээ үйлчилдэг гэж Х.Баттулга яриад байна. Тийм юм байхгүй. Хэн нь баян байх вэ гэдэг компаниудын хоорондын өрсөлдөөн бол өөрсдийнх нь шийдэх асуудал. Асуудлын зовлон нь өрсөлдөгчөө өөрийн гарт байгаа эрх мэдлээр дарж унагах оролдлогуудыг ил далд хийж байна. Асуудал үүнд л байгаа. Зам засаад зам сайжраагүй. Аваарыг илуү аюултай болгосон.
-Таны тухай мэдээлэлд дурдсанчлан 100 машинтай юм уу?
-Би 100 машинтай бол сайд болон УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэдэг мэдэгдэл хийгээд хагас жил болж байна. Надад нэг ч машин байхгүй.
-Б.Батзаяа нь Х.Баттулгын бие хамгаалагч байсан гэдэг үнэн үү? Л.Болд сайд Х.Баттулга хоёр "Боинг" онгоцыг 200 тэрбумаар зарсан асуудлыг яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Цаг нь болохоор гаргаж ирэх үү?
-Б.Батзаяа гэдэг хүн Х.Баттулгын хамгаалагч нь байсан нь үнэн. Сүүлд нь компанийнх нь захирал болсон юм билээ. "Боинг"-ийн асуудлыг Засгийн газарт жич оруулж ирнэ гэж ярьж байгаа юм билээ. Орж ирэх байх. Ямар ч байсан олон онгоц орж ирсэн. Тэр мөнгө хаанаас гарав. Хэн гаргав, яаж оруулж ирэв гэдэг асуудлыг ярьж байгаа. Өмчилж байгаа хүмүүс нь төр, ард түмэнд үнэнээ хэлэх цаг болсон. МИАТ компанийн англи нэрийг авсан. Ямар ч хүн харсан МИАТ гэж ойлгоно.
Ингэж МИАТ-ыг зохион байгуулалттайгаар дампууруулах гэж байгаа нь үнэн. Ямар яриа, хэний хооронд яригдаж байгааг Засгийн газар яамных нь чиглэлээр судалж байгаа удахгүй танилцуулга хийнэ гэсэн.
-Хятад, Солонгосын хамтарсан групптэй гэрээ хийсэн гэлээ. Энэ баталгаатай юм уу?
-Гэрээн дээр нь Х.Баттулга гээд гарын үсэг зурчихсан байна. Энэ гэрээ ЗТБХБЯ, Төмөр замын хэрэг эрхлэх газар дээр алга. "Монголын төмөр зам" компаниас нь "Ийм гэрээ хийгдсэн байна. Гэрээгээ өг" гэхээр өгөхгүй байна.
-Долдугаар сарын 1-ны хэрэгт холбогдуулан цагдаагийн дарга нарыг хорилоо. Уг асуудалд та сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Зарим сонин хэвлэлээр энэ хэрэгт Ц.Нямдорж оролцохгүй байна, Ц.Нямдоржоос ял, хариуцлага, дэг журам асуу гэдэг зүйл ярьж байгаа. Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаан дээр болсон асуудлаар өнөөдрийг хүртэл Улсын Ерөнхий прокурор, Улсын Дээд шүүх, хотын шүүх, дүүргийн шүүх, ХЗДХ-ийн сайд болон яаманд ямар нэгэн хүсэлт тавьж, харилцаа үүсгээгүй. Хэрэв албан ёсоор асуудал тавьсан бол тухайн асуудалд анхаарал хандуулах хууль зүйн үндэс бүрдэх байсан.
Мэдээллийн хэрэгслээр нэг юм харчихаад явган давхиж ороод байдаг нь би биш. Асуудал тавьсан л бол би ном журмаар нь хандах байсан. Төрийн ажилд ингэж хандаж болохгүй. Долдугаар сарын 1-ний хэргийн үеэр нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Өмгөөлөгч гаргаж өгч, зардлынх нь асуудлыг шийдсэн. Хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн хүрээнд нас барсан хүн бүрт 50 сая төгрөг, нийт 250 сая төгрөг ар гэрт нь олгосон. Надад цагдаагийн ар гэрийнхэн "Үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдыг хэлмэгдүүлэх гээд байна" гэж өргөдөл гаргаж хандлаа.
Би тухайн өргөдөлд хуулийн дагуу хариу өгсөн. Ингэхдээ зөвхөн хуулийн асуудлаар хариу өгсөн. Прокурорыг шүүхэд шилжүүлэх эрхтэй Улсын Ерөнхий прокурор, Улсын мөрдөн байцаах алба, хотын прокурор гэсэн эрх бүхий субьектэд бичиг явуулсан.
Тус бичигт байгаа гол зүйл нь "Цагдаа, хорих, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг цэргийн гэмт хэргийн бүлгээр шийтгэдэг хууль 2008 оны хоёрдугаар сарын 1-нд хүчингүй болсон. Энэ асуудлаа хууль зүйн талаас нь авч үзэхийг хүсч байна" гэсэн. 1961 оны Эрүүгийн хууль, 1987 оны Эрүүгийн хууль, 2002 оны Эрүүгийн хууль гэж байдаг. Энэ хуулийн 274 дүгээр зүйлийн 1-д "Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин бусад хэрэгт цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургалтын үед цэргийн апба хаах тапаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол цэргийн гэмт хэрэг гэнэ" гэж тодорхойлсон.
Уг зүйлийн 3-т "Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллага нь офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын албан хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ" гэсэн заалт байсныг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, 1961 оноос хойш 2011 он хүртэл 50 жил цагдаагийнхныг цэргийн гэмт хэргийн субьект гэж үзэж байсан заалтыг 2008 онд хүчингүй болгож жирийн албан хаагч болгосон. 2009 онд Ерөнхийлөгч энгийн албан хаагчдын үйлдсэн албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулах хууль оруулж ирснийг нь УИХ баталсан. Ийм хуулийн асуудлыг эргэж хараач гэдэг асуудал тавьсан.
-Яагаад хуулийн энэ заалтыг авсан юм бэ? Зориуд юм биш үү?
-Яаж зориудаар байх юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль Хууль зүйн яамнаас намайг 2005 оны долдугаар сарын 1-нд явснаас хойш дараагийн сайд нарын үед боловсруулагдаж УИХ-д орж ирээд хоёр жил гацсан. Ажлын хэсэгт нь Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан нар орж ажилласан. Тэгээд 2008 оны хоёрдугаар сарын 1-нд Д.Лүндээжанцан УИХ-ын дарга байхад батлагдсан. Маргаан юунд байна вэ гэхээр цэргийн гэмт хэргийн субъектэд аль ч улсад зэвсэгт хүчний офицер, ахлагч нар ордог.
Энэ өнцгөөс харвал цагдаа, хорих, тагнуулынхан өөр өөр хууль дүрэмтэй. Ийм ялгаатай. Эдгээрийг хүчээр хамруулж байсан заалт нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 274.3 дахь заалт байсан. Үүнээс л өнөөгийн нөхцөл байдал үүдэлтэй. 2001 онд ийм улстөрийн хэрүүл болсон. Тэгэхэд "Би байгаа цагт Монгол орныг улстөрийн гяндан болгохгүй" гэж хэлж байсан. Одоо бас хэлчихье. Ялсан тап нь дийлдсэн талаа барьж шоронд хийдэг ёс хэзээ ч Монголд тогтоож болохгүй. Нэг л эргэх юм бол энэ хүрд зогсохгүй.
-Асуудлыг хэтэрхий улстөржүүлж байна. Үүнийг Та юу гэж бодож байгаа вэ?
-Уг асуудлыг хэтэрхий улстөржүүлсэн. Сүүлийн үед Үндсэн хуулийн агуулга, зарчим УИХ дээр их алдагдаж байгаа. Дэд хороо, байнгын хороо хуралдуулах нэрийдлээр мөрдөн байцаах байгууллага дээр шалгагдаж байгаа хэргийг авчирч урьдчилан шийдвэр гаргадаг ёс УИХ-д тогтлоо. Цагдаа буудсан гэдгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин даргатай дэд хороо тогтоосон. Шүүх хурлаа хийчихсэн. Тэр дэд хорооны хурал шүүх хурал шиг л болсон.
Би тэр үед УИХ-ын удирдлагад "Хэрэг нь прокурор дээр шалгагдаж байхад энд ирж шүүх ёсгүй. Засаглал хуваах зарчим, Үндсэн хууль байхгүй боллоо. Хэргийн нууцлалтай холбоотой асуудал дотор нь байна" гэж хэлсэн. Одоо шүүх, прокурорт юу үлдэв гэхээр Х.Тэмүүжингийн даргалдаг дэд хорооны шийдвэрийг биелүүлэх л үлдсэн. Аймшигтай юм болж байна. Би гурван үеийн төрд зүтгэсэн хүн.
1981-1989 он хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн асуудалд хяналт тавьдаг прокурорын ажил хийж, цэргийн албан тушаалын гэмт хэрэг гэдгээр 10 жил Монголд шийдвэрлэгдсэн хэргийг уншсан. Хоёр удаа Прокурорын хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг санаачилж батлуулсан хүн. Социализмын үед Төв хороон дээр хэргийг ярьдаггүй байсан. Одоо ярьдаг болж. Зарим нь хонгио барьчихсан явж байна.
Энэ бол Үндсэн хуулийн агуулгатай асар их зөрчил явж байгаа гэдэг нь ойлгомжтой. Эрх биш горьдлого тасраагүй байна. Шүүх, хуулийн байгууллага энэ нарийн нөхцөл байдлыг авч хэлэлцэх байх.
-Ерөнхийлөгч цагдаа нарын асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Энэ талаар Та салбар хариуцдаг сайдын хувьд юу хэлэх вэ?
-Дүүргийн шүүх Ерөнхийлөгчид танилцуулга бичээд үүний дагуу Ерөнхийлөгч цагдаагийн даргатай уулзсан юм билээ. Энд институт хоорондын харилцаа гэдэг зүйл орхигдоод байна. Ямар ч байсан зохистой бус. Цагдаагийн ар гэрийнхэн Өршөөлийн хуульд хамрагдсан хэргийг дахин сэргээж шалгаж байгаад бухимдаж байна. Энэ шийтгүүлэх гээд ачигдаж байгаа хүмүүс хуулийг олон жил хэрэглэсэн, хууль мэддэг хүмүүс.
Ар гэрийнхэн нь "Хэн гэдэг цагдаа, ямар маркийн буугаар ямар сумаар буудсан гэдгийг тогтоож өгөөч" гэж шаардлага тавьж байгаа юм билээ. Зөв шаардлага шүү дээ. Энэ хэргийг улстөрийн зорилгоор ашиглах гэж энэ бүх зүйлийг хийж байна. Ингэж болохгүй.
-Таныг сард таван сая төгрөгийн төлбөртэй байранд амьдардаг гэж Х.Баттулга гишүүн хэлж байсан. Энэ үнэн юм уу?
-Дөрөв, таван сая төгрөг төлдөг гэдэг худлаа. Би байрныхаа сарын ашиглалтын төлбөрт 300-аад мянган төгрөг төлдөг. Төлбөрийнх нь баримт байгаа. Муу нуухаар сайн илчил гэдэг. Би хэзээ ч нууц юм хийдэггүй. Бүх юм ил байдаг. Нууж яах юм. Ойлгомжтой асуудал. Дөрөв, таван саяар түрээс төлж баяжсан төрийн албан хаагч гэж хаана байдаг юм.
Ярилцсан сэтгүүлч Ц.Жаргал