Зуны Олимийн наадмын холын зайн гүйлтийн тэмцээнд Африк гаралтай туранхай гүйгчид байнга өнгөлж байдгийг та бид олонтаа харсан. Африкийн Кени улсын холын зайн гүйлтийн тамирчид Олимп болон Тив, Дэлхийн гүйлтийн тэмцээнүүдэд хэнийг ч урдаа гаргадаггүйг хүмүүс сайн мэднэ. Тэгвэл Кенийн холын зайн гүйлтийн тамирчдын амжилт гаргадаг нууц юунд оршиж байна вэ? Кени улс нь далайн төвшнөөс дээш 2400 орчим метр өндөрт оршдог. Ийм өндөрт хүчилтөрөгчийн хэмжээ бага байдаг учир тамирчдаас илүү их тэсвэр тэвчээр шаарддаг. Кенийн Итен гэдэг газар олон мянган тамирчид бэлтгэл сургуулилтаа хийдэг. Тамирчид 7 хоногийн 6 өдөрт нь бэлтгэл сургуулилт хийдэг. Дасгалжуулагч тамирчдаа дотор нь харанхуйлж, аманд нь цус амтагдан, идэж уусанаа амаараа гарах хүртэл тасралтгүй гүй гэж хошигнож байна. Кенийн холын зайн гүйлтийн тамирчид маш их бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ төрлөөр хичээллэдэг тамирчид их байдаг учир өрсөлдөөн ширүүн байдаг. Тамирчдыг ЕБС-иас нь бэлтгэдэг. Сеинт Пэтрик гэдэг ахлах сургуулиас 10 Олимпийн аварга төржээ. Сургуулийн хана Олимп, Дэлхийн аваргуудын зургийг хадах зайгүй болжээ. Сеинт Пэтрик ахлах сургуулийн дасгалжуулагч багш Колм Оконнеллийн ярьж байгаагаар одоогоор Кени тамирчдын генийн онцлог эсвэл байгалиас заяасан авьяас тэднийг амжилтанд хүргэдэг гэсэн шинжлэх ухааны судалгаа нотолгоо байхгүй. Харин тэдний амьдралын онцлог, иддэг хоол тэжээлээс хамаарч байж магадгүй аж. Цайны газрын хананд өлгөсөн Олимпийн аваргуудын зураг ирээдүйн залуу тамирчдад урам зориг өгдөг байна. Кенийн ахлах сургуулийн хүүхдүүд өөх багатай маш тэжээллэг хоол унд иддэг. Төмсний нухаш, үр тариа, нүүрс ус их хэрэглэдэг нь тамирчдын амжилтын нууц юм байна. Хөнгөн атлетикийн нэгэн дасгалжуулагч Европ руу Кени тамирчдын иддэг хоол хүнсийг аваачсан нь сайн үр дүн үзүүлсэн баримт байдаг. Нидерланд улсын нэрийн өмнөөс уралддаг Кени гаралтай, дэлхийн хэмжээний тамирчин Лорхан Киплагат төрөлх Кенидээ ирж бэлтгэл сургуулилт хийдэг. Түүний ярьж байгаагаар бол төрөлх Кени улс шиг нь бэлтгэл хийхэд тохирсон цэнгэг агаар, хоол унд, орчин дэлхийн хаана ч байхгүй гэнэ. Европын дэлхийн хэмжээний тамирчид ч мөн Кенид ирж бэлтгэл хийдэг болжээ. Гэхдээ Сеинт Пэтрик ахлах сургуулийн дасгалжуулагч багш Колм Оконнеллийн зөвлөж байгаагаар Кени хүүхдүүдийн амжилт тэдний орчин болон иддэг хоол унд гэхээсээ илүүтэйгээр тэдний сэтгэл зүй, урам зориг, тэвчээр харуужил, сахилга батаас их хамаардаг юм байна. Учир нь сургуулийнх нь ханаар дүүрэн Олимпийн аваргуудын зураг өлгөөтэй байхад тамирчин болохоор зэхэж байгаа хүүхэд өөрийн эрхгүй тэднээр бахархах сэтгэл төрж, тэдний амжилтад хүрэхээр чармайж эхэлдэг юм байна. Мөн Кени тамирчдын хувьд хурдан гүйгч, спортын алдартан байх нь тэдэнд боловсрол олох боломж олгодог. Өөрөөр хэлбэл оюундаа хөрөнгө оруулалт хийхийн тулд тэд эхлээд сайн гүйж амжилтанд хүрэх хэрэгтэй болдог. Учир нь Кенийн дундаж иргэдийн амьдрал тийм ч хангалуун биш байдаг.
Shuum.mn
Shuum.mn