logo
Кубын  Комбинадо шоронд хүний эрх зөрчигдсөөр

Кубын Комбинадо шоронд хүний эрх зөрчигдсөөр

2012/03/23
Кубын хамгийн чанга дэглэмтэй Комбинадо Дел Эсте шоронгийн бие засах өрөө нь маш бохир заваан. Хоол унд нь гахайн тэжээлнээс дор. Нэг өрөөнд маш олон хүн хоригддог. Угаалтуур нь хөгцөөр дүүрсэн гээд хүн амьдрахад таатай бус газар юм. Кубын засгийн газар энэ шоронгийн ахуйн орчны талаар дэлхийн улаан загалмай нийгэмлэг болон бусад хүний эрхийн байгууллага мэдэгдэхийг хүсдэггүй. Нийслэл Гавана хотоос холгүй орших уг шоронд ихэвчлэн Кастрогийн дэглэмийг эсэргүүцсэн улс төрийн хоригдлууд, үлдсэн нь гэмт хэрэгтнүүд байдаг байна. Шоронгийн байдлын талаарх дүрс бичлэгийг Кубаас зугтан гарсан нэгэн цагаач олонд ил болгож, Кастрогийн дэглэм ямар байгааг бодитоор харуулсан байна. Шоронд Дуглас Мур гэж өөрийгөө танилцуулсан нэгэн АНУ-ын иргэн хоригддог. Тэрээр хар тамхи зөөвөрлөсөн хэргээр торны цаана суусан бөгөөд шоронгийн хуягууд түүнийг хэрхэн зодож, эрүүддэг болохыг гэрчилж, хавдаж, хөхөрсөн хөлөө үзүүлсэн байна. Даниа Гарсия гэдэг Куба гаралтай блогчин видео камерыг уг шоронд нууцаар оруулан өнгөрсөн 1 сард бичлэг хийлгэжээ. Кубын сөрөг хүчний улс төрч Франк Калзон Комбинадо Дел Эсте шорон тоггүй, бохир заваан орчинд улс төрийн хоригдлуудыг хорьж байгааг шүүмжилсэн байна. Тэрээр улс төрийн хэргээр хоригдож байгаа хүмүүсийг суллахаар чармайн ажилладаг юм. Түүнийхээр бол видео бичлэг дээр гарч, ярилцлага өгсөн хүмүүс магадгүй маш хатуу шийтгэл авсан байж болзошгүй юм байна. Кубын тал уг дүрс бичлэгтэй холбогдуулан ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. Франк Калзоны ярьж байгаагаар Куба, Хойд Солонгос, Иран, Саудын Арабын улс төрийн хэргээр хоригдож байгаа хүмүүс маш хүнд нөхцөлд, байнгын дарамт шахалтанд байдаг. Ямар ч байсан улс төрийн хоригдлуудыг гадаад ертөнц анхааралтай харж, тэдэнд санаа зовж байгааг Кубын засгийн газар мэдэж аваг гэж бодож  байгаа аж. Куба нь Карибын тэнгист оршдог 11 сая хүн амтай арлын улс бөгөөд Фидель Кастро 1960-аад онд АНУ-ын капитализмыг сөрөн социалист улсаа байгуулсан юм. 
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш