Олон нийтийн харилцааны Твиттер вебсайт байгуулагдаад зургаахан жил болж байгаа ч хэрэглэгчдийн тоо нь нэмэгдсээр байна. 2006 оны 3 сард Жак Дорси анх Твиттер вебсайтыг үүсгэн байгуулж байжээ. 2006 онд хүмүүс Мессеж бичиж Твиттер вебсайтанд мэдээллээ байрлуулдаг байжээ. Технологи хөгжихийн хэрээр хүмүүс компьютер ашигладаг болж, улмаар одоо Таблет ашиглан мэдээлэл солилцож байна. Одоо Твиттер вебсайт 500 сая орчим байнгын хэрэглэгчтэй Фейсбүүктэй өрсөлдөхүйц дэлхийн хамгийн том олон нийтийн сайтуудын нэг болж чаджээ. Твиттер сайтын хэрэглэгчдийн өсөлтөнд холливүүдын жүжигчид их үүрэг гүйцэтгэжээ. Алдартнууд өөрсдийг нь бишрэн шүтэж байгаа хэрэглэгчдэд талархснаа илэрхийлдэг болсноор хэрэглэгчдийн тоо эрс өсчээ. Одоо Твиттер сайт дээр дагалдагч, шүтэн бишрэгчдийнхээ тоогоор Канадын дуучин Жастин Бибр тэргүүлж байна. Бусад алдартнууд ч Твиттер сайтыг өргөн хэрэглэж шүтэн бишрэгчидтэйгээ интернетээр уулзаж байна. Мөн улс төрчид Твиттер сайтаар дамжуулан сонгогчидтойгоо санал бодлоо солилцож байна. Обама, Жак Дорсигийн сэтгэн бодох, зохиох авьяасыг нь үнэлсэн анхны Ерөнхийлөгч болсон. Гэхдээ Твиттер сайт улс төрчдөд дандаа сайнаар нөлөөлж байсангүй. АНУ-ын конгрессмэн асан Антони Вийнэр бага насны охидыг уруу татаж, нүцгэн зургаа харуулж байсан нь Твиттер сайтаар түймэр мэт хурдан тархаж, тэрээр олны өмн ёс зүй алдсан гэж буруутгагдан ажлаа өгөхөөс өөр аргагүй болсон юм. Осама Бин Ладенг устгах цэргийн ажиллагаа зэрэг дэлхийн халуун цэгт болж байгаа үйл явдлыг хэрэглэгчид интэрнэтээр маш хурдан хүлээн авсан. Нью-Йоркийн Хадсон голд ослын буулт хийсэн АНУ-ын агаарын тээврийн онгоцны талаарх мэдээллийг хэрэглэгчид бие биендээ түргэн шуурхай дамжуулсан. Твиттер сайт мэдээллийн нууцыг дэлгэдэг, таамагладаг мэдээллийн хэрэгсэл болж хувирсан. Хүмүүс иргэншиж, технологи хөгжихийн хэрээр нууц юм гэж байхаа болих төлөв ажиглагдаж байгаа. Дэлхийн гүрнүүдийн гадаад бодлогын нууцыг дэлгэсэн Жулиан Ассанжид Твиттер л мөн хэрэг болж байсан. Хамгийн сүүлд Твиттер болон Фейсбүүк сайтууд нь Арабын хувьсгал гарахад их нөлөөлсөн. Жагсагчид Твиттер Фейсбүүк сайтуудаар ярилцаж, зохион байгуулалтанд орж байсан. Зарим шинжээчид Арабын хувьсгалыг хэвлэл мэдээллийн хувьсгал, Твиттер, Фейсбүүкийн хувьсгал байсан гэж үздэг. Твиттер сайт дэлхийн ард түмний ажил амьдрал, дэлхий дахины үйл явдалд нөлөөлсөөр 6 нас хүрчээ. Shuum.mn