Францын Тулус хотод болсон террорист халдлагын талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Мотоциклтой этгээд хэд хэдэн хүний аминд халдаад хэргийн газраас оргон зайлсан. Тэгвэл гэмт хэргийн сэжигтэн хэн байваа? Яах гэж халдлага үйлдэв? Сэжигтэн Мохамед Мерах нь 23 настай Алжир гаралтай. Францад төрсөн. Тулус хотын захад нэгэн машин засварын газар механикчаар ажилладаг байсан. Лхагва гаригийн шөнийн 1 цагийн үед Францын цагдаа нарт бүслэгдэх үедээ “Франц 24” гэдэг телевизийн агентлаг руу утасдаж, өөрийгөө Франц дахь Аль-Кайда бүлгийн гишүүн болохоо зарлажээ. Сэжигтэнтэй утсаар ярьсан “Франц 24” телевизийн сурвалжлагч Еба Калондогийн ярьж байгаагаар гэмт этгээд маш боловсон, ойлгомжтойгоор өөрийгөө Аль-Кайда бүлгийн гишүүн гээд Францын эрх баригчид Лалын шашинт иргэдийн эсрэг хууль тогтоол гаргаж тэднийг хавчин гадуурхаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Афганистаны цэргийн ажиллагаанд оролцож байгаа Франц цэргүүд энгийн иргэдийн аминд хүрч байгаа болон Францад лалын шашинт эмэгтэйчүүд гивлүүр зүүж явахыг хориглосон шийдвэр зэргийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ Францын цагдаа нарын шалгаснаар Мохамед Мерах нь урд нь гэмт хэрэгт холбогдож, хэд хэдэн удаа торны цаана суугаад амжжээ. Өнгөрсөн сард л гэхэд тэрээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, саатуулагдаж байжээ. Францын мэргэжлийн хүмүүс түүнийг шорон оронгоор явж байхдаа лалын террорист бүлгийн гишүүдтэй танилцсан байх гэж таамаглаж байна. Мохамед Мерах мөн Афганистанд амьдарч байсан байж магадгүй бөгөөд бүртгэлээс харахад түүнтэй адилхан нэртэй хүн 2007 онд тэсрэх бөмбөг суурилуулахыг завдсан хэргээр Афганы шоронд хоригдож байжээ. Харин 2008 онд Талибууд шорон руу дайрч хоригдлуудыг суллах үеэр тэрээр оргон зайлж чадсан байна. Гэхдээ түүнийг Францын иргэн гэдгийг нотлох баримт олдоогүй байна. Францын цагдаа нарын ярьж байгаагаар Мохамед Мерах Францад буцаж ирээд ганцаарддаг байсан бөгөөд өөрийгөө Можахадин буюу Загалмайтны эсрэг Лалын ариун дайн өдөөгч баатар гэж үздэг байснаа цагдаа нарт мэдүүлжээ. Цагдаа нар террорист халдлагын эзнийг аюулгүй болгосон тул Францын еврейчүүдийн сэтгэл тайвширсан байна.
Shuum.mn
Shuum.mn