Хятад залуучууд ажил хайж байна. Гэхдээ зүгээр ажил биш, харин дуртай хүссэн ажлаа. Дундад улсын эдийн засаг өсч, иргэд нь чинээлэг болохын хэрээр залуучууд зүгээр олдсон ажил бус харин, цалин өндөртэй, хангамж сайтай, урамшуулалтай ажил түлхүү хайх болсон байна. Хятадын залуу үе 1980, 1990-ээд онд олддог байсан үйлдвэрийн хүнд нөхцөл шаардсан, эсвэл хар ажил хийх сонирхол нь буурч байна. Тэд өөрсдийгөө илүү боловсруулж, нарийн ховор мэргэжил эзэмших нь их болжээ. Зөвхөн оффисын ажил ч биш үйлдвэрийн ажилчид илүү дээр нөхцөлтэй ажлын орчин шаардаж байна. Хятад иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдээд ирэхээр бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дагаад буурч байна. Өөрөөр хэлбэл MADE IN CHINA гэсэн бараа бүтээгдэхүүн буурах магадлалтай байна. Дундадын иргэд өдөр ирэх тусам, цалин нэмэгдүүлж, ажиллах орчныг сайжруулахыг эрх баригчдаасаа шаардах болсон юм. Ажил олгогчид ч тэтгэвэр, нийгмийн даатгал, жил болгон албан тушаал дэвшүүлэх зэрэг нөхцлүүдийг амлаж байна. Хятад залуучуудын ярьж байгаагаар Дундадын ард иргэд хэдхэн жилийн өмнө амьдрахын тулд олдсон ажлаа хийдэг байсан бол одоо хүсч мөрөөдсөн ажлаа олж хийхийг илүүд үздэг болжээ. Мөн эцэг эхийнхээ үеийг давтаж тэдний хийдэг байсан хүнд хүчир ажил хийхээс зайлсхийж байна. Огцом өсөлттэй Монголын эдийн засаг одоо ажиллах хүчний илт дутагдалд ороод эхэлсэн. Бага цалинтай биеийн хүч илүү шаардсан зэрэг ажилд хүн олдохгүй байгаагийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл дээр хэрэгцээтэй ажлын байранд мэргэжлийн шаардлага хангасан хүн олдохгүй хоёр талын бэрхшээл байнга гарч байна. Харин Дундад улсад ажиллах хүч байгаа ч ажлын байр тэр болгон олдохгүй байгаа юм байна.
Shuum.mn
Shuum.mn