Сүүлийн үед баталгаагүй эм, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эрүүл мэнд, амь насаараа хохирох нь ихэссэн. Энэ байдлыг таслан зогсоохын тулд мэргэжлийн байгууллагаас чамгүй ажил өрнүүлж буй юм. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газартай хамтран өнгөрөгч сарын 16,17-нд Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэр дэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Рендэжиүтай Очирваань" компанийн "Очирваань" уламжлалт, эмчилгээ оношлогооны эмнэлэгт шалгалт хийжээ.
Шалгалтаар "Очирваань" эмнэлэгт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй, хугацаа дууссан, ямар өвчин эмгэгг хэрэглэдэг болох нь тодорхойгүй 180 нэр төрлийн 4013 орчим хайрцаг эмийг Монгол Улсын хилээр хууль бусаар нуун оруулан ирснийг илрүүлжээ.
Эдгээр эмээр ард иргэдэд үйлчилж байсныг битүүмжилсэн байна. Зөрчил гаргасан "Очирваань" эмнэлгийн захирал Т-д Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйл "Хууль бусаар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх" ийн 198.2-оор эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлжээ. Иймээс ард иргэдэд гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлж, эмчлүүлэхдээ зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл авсан эсэх, өөрт тань хэрэглэж байгаа эм, тариа нь манай улсад хэрэглэгдэх зөвшөөрөлтэй эсэх, ямар эм тариа хэрэглэж байгаа болон хэрэглэх хугацааг нь мэдэж асууж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
А.Лхагважав
Эх сурвалж: "Нийгмийн толь"