Дүүргийн төв хэсэг “Тосгон” хороолол буюу II хорооны нутаг дэвсгэр хог новш ихтэй, эмх замбараагүй байдалтай байлаа. Тухайлбал тус хорооны 32 дугаар байрны орчим, 33 дугаар байрны хогийн цэг, 38 дугаар байрны II орцны үүд, долоодугаар байрны булан зэрэг газарт барилгын болон ахуйн хог хуримтлагдан, орчноо бохирдуулсан байв.
Мөн “Голомт цогцолбор” бага сургуулийн хашааны гадна “Сод Ирээдүй” цэцэрлэгийн орчинд хур хог үүссэн нь хүүхэд, багачуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Түүнчлэн гэр хороолол буюу “Дэнж”-ийн хороо, “Нисэх”-ийн хороо, Гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт бусад хорооноос илүү их хог хаягдал байлаа.
Тус дүүргийн хамгийн том гэж хэлж болох төвлөрсөн хогийн цэг Гуравдугаар хорооных аж. Уг хог олон жилийн өмнөөс хуримтлагдсан бөгөөд оршин суугчид хогоо замбараагүй асгасаар өнөөдрийг хүрчээ. Хариуцсан нутаг дэвсгэрт нь хогон овоолго, бүхэл бүтэн хогийн цэг үүссэн байхад хорооны Засаг дарга Оргилмаа та хаагуур нь өнгөрч байна вэ. Оршин суугчдын хэлж буйгаар дүүргийн ТҮК-ийн машин цөөн учраас, мөн хогоо цаг тухайд нь цэвэрлэж амждаггүй тул яах ч аргагүй хогоо ил задгай асгадаг аж.
Энэ дүүрэгт аялал жуулчлалын бүс хамгийн өргөн хөгжсөн гэж хэлж болно. Гэтэл гадаад, дотоодын жуулчид дайран өнгөрөх тус дүүрэг ТҮК-ийн машин хүрэлцдэггүйгээс хогондоо дарагдах болжээ.