logo
Засгийн газраас АН-д хариу өглөө

Засгийн газраас АН-д хариу өглөө

2012/03/24
Монгол Улсын Засгийн газраас УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хариу өглөө. Тус намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэгт хаягалсан уг хариу мэдэгдэлд “Шаардлага хүргүүлэх тухай”  таны 2012 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 39 тоот албан бичигтэй Монгол Улсын Ерөнхий сайд танилцаад өгсөн чиглэлийн дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.

Үүнд, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал нь “төрийн эрх барих дээд байгууллага” бөгөөд мөн хуулийн Тавин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар орон нутгийн хурал нь “нутгийн өөрөө удирдах байгууллага” юм. Өөрөөр хэлбэл, эдгээр хурлын эрх зүйн байдал нь өөр байна. Мөн аливаа сонгуулийг Засгийн газраас хараат бусаар явуулах зорилгоор 1992 онд Сонгуулийн ерөнхий хороо байгуулагдаж, уг байгууллага хуулийн дагуу Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулсан бөгөөд орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэлийг хангах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ирсэн.

Сонгулуийн төв байгууллагын тухай хуулийн 3.2, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 14.2 болон Орон нутгийн хурлын сонгулийн тухай хуулийн 11.2-т заасны дагуу Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуулийг эрхлэн явуулах сонгуулийн байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хэсгийн сонгуулийн хороо билээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3.4-т “Сонгуулийн ерөнхий хороо үйл ажиллагаагаа бие дааж хараат бус байдлаар явуулна” гэж, 3.8-д “Сонгуулийн ерөнхий хороо, түүний гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан.

Асуудлыг хуулиар ийнхүү зохцуулсан байхад Засгийн газар Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгууль явуулахад оролцох боломжгүй юм. Энэ дашрамд дурьдахад орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад зориулж 2012 онд орон нутгийн төсөвт 6.612.2223.3 төгрөг, Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт 729.1 сая төгрөг тус тус тусгагдсан байна. Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдох харилцааг УИХ-аас 2011 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон 2007 онд баталсан Орон нутгйин хурлын сонгуулийн тухай хуулиар тус тус зохицуулдаг.

Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6.1-д орон нутгийн Хурлын сонгуулийн тойргийг тухайн шатны хурал санал авах өдрөөс таваас доошгүй сарын өмнө байгуулж, мандатыг хуваарилж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг харъяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлэхээр заасан болно. Орон нутгийн хурлын сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал зохион байгуулахаар хуульчилсан нөхцөлд Засгийн газар уг сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэж заасантай нийцэхгүй юм.

Тэр тусмаа төрийн хууль биелүүлэх ажлыг хариуцан ажилладаг Засгийн газар, Ерөнхий сайдаас Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон нутгийн өөрөө удирдах байгууллагыг бүрэн эрхэд халдах эрх байхгүй үүгээр мэдэгдэж байна.Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын болон нутгийн өөрөө удирдах байгууллага болох орон нутгийн хурлын сонгуулийг хууль зүйн зөрчилгүй, шударга, зүй бус маргаан мэтгэлцээнгүйгээр зохион байгуулах нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх Монгол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэх юм.

Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн Засгийн газар УИХ-ын гишүүн Д.Лүндээжэнацан нараас санаачлан болвсруулсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд холбогдох санал, дүгнэлтийг хууль саначлагчдад хүргүүлсэн болно. УИХ уг асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш