logo
Мах, бензинээ зохицуулж дийлэхгүй байж юун Таван толгой

Мах, бензинээ зохицуулж дийлэхгүй байж юун Таван толгой

2012/03/24
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ орны олон улсын нисэх онгоцны буудлууд, зам тээвэр нь бидний анхаарлыг ихэд татсан юм. Өөдлөх айлын өнгө үүд­нээсээ гэдэг. Тэр ч ут­гаараа хамгийн эхэлж хөл тавьсан газар бол Наритагийн олон улсын нисэх онгоцны буудал.

Тус онгоцны буудал Токио хотын төвөөс 75 км-ийн зайд оршдог юм билээ. Японд ирж буй гадны жуулчдын ихэнх урсгал Наритагаар дайрдаг гэхэд хилсдэхгүй.
Төөрчихмөөр олон гарц­тай, ойр ойрхон нислэг хийг­ддэг тус онгоцны буу­дал туйлын цэвэрхэн, гаалийн ажилчид нь найр­саг гэж жигтэйхэн. Ямартаа л айлчлалын бүрэл­дэхүүнийг буухад ойр зуурын мэргэжлийн үг хэллэгүүдээ япон, монголоор биччихсэн зогсож байх вэ дээ. Энэ бичгээ харж байгаад гаалийн деклараци дээрээ дутуу бичсэн зүйлс байвал гүйцээгээд бөглөөд өгчихнө. Ингээд ирсэн хүмүүст ямар ч төвөг, чирэгдэл учруулалгүй бичиг баримтыг нь шалгаад, ачаа тээшийг нь хүлээлгэн өгнө. 
Наритагийн олон улсын нисэх онгоцны буудлыг Ази, Хойд болон Өмнөд Америкаас ирсэн жуулчдын дамжин өнгөрдөг газар хэмээн нэрлэдэг. Энэ онгоцны буудал зорчигч эргэлтээрээ Япондоо хоёрдугаарт, дэл­хийд тавдугаарт, ачаа эргэлтээр улсдаа нэг, дэлхийд гуравт ордог гэнэ. Японы стандартаар бол Нарита нь нэгдүгээр зэрэглэлийн нисэх онгоцны буудалд тооцогддог аж.
Онгоцны буудлаас Токио хотын төв рүү автобусаар цаг гаруй явна. Энэ хугацаанд түгжрэлд орно гэж байхгүй, манайд байдаг шиг замын энхэл донхол огт үгүй. Япон улс замаа яаж барьдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг юм билээ.
13 сая хүн амтай, метрополис хот замын түгжрэлээ хэрхэн шийдсэн нь сонирхол татлаа. Энд олон давхар зам барьсан нь их хотын гол “проблем”-ын нэг болох замын бөглөрлөөс салахад нөлөө үзүүлжээ. Манай Энхтайвны гүүр шиг олон гүүрэн зам бие бие дээгүүрээ давхарлалдан сүлжилдэнэ. Заримдаа дөр­вөн давхар ийм замаар явахад хажуу барилгын 10 хэдэн давхартай нэг түвшинд байх жишээтэй.
Бас замаа манайх шиг бүтэн зуны турш хааж байж засдаггүй нь таалагдсан. Япончууд эвдэрч, хуучирсан замаа нэг эгнээгээр нь хэсэгчлэн хаагаад, хоногийн 24 цагийн турш засдаг юм билээ. Гэтэл манайх нэг замыг бүхэлд нь хааж байгаад, зөвхөн өдрийн цагаар засдаг нь түгжрэл үүсгэх бас нэг шалтгаан болдог. Тэнд байнга бороо ордог гэхэд зам дээр нь дусал ч ус тогтоогүй болох аж.
Өөгүй, тэгш замаар машинууд нь хурдтай сүлжилдэн давхилдах нь үнэхээр гайхалтай. Улаанбаатарчууд бид тэгж давхих замгүй, үргэлж түгжрэлд орсоор байгаад ийм хурдыг бараг мартчихжээ. Эндхийн жолооч нар хаанаас ямар явган зорчигч зам хөндлөн гараад ирэх бол хэмээн манайхан шиг айх зүйл огт алга. Яагаад гэвэл явган зорчигчид нь ногоон гэрэл асахаас нааш хөдлөх ч янзгүй хүлээн зогсоцгооно. Замын зогсоолын тал дээр ч ямар нэгэн асуудал гарахгүй юм. Энэ бүхнийг Улаанбаатартаа авч, хэрэг­жүүлмээр санагдсаныг нуух юун.
Замаар давхиж буй машинуудыг анзаарч байхад жийп бараг алга, ихэвчлэн жижиг тэрэгнүүд. Мөн 10 машины бараг тав нь такси гэвэл дэгсдүүлсэн болохгүй байх. Гэхдээ такси жаахан үнэтэй, нэг км нь ойролцоогоор 500 иень болдог.
Осака ч ялгаагүй, тэгш сайхан зам, олон давхар барилгатай, такси хөгжсөн хот. Гэм нь Токиог бодвол нарийхан замтай болохоор бага зэрэг түгжрэл үүсэх хандлагатай юм билээ. Гэхдээ манайх шиг нэг газраа хэдэн цагаар зогсоно гэж байхгүй л дээ.
Ингээд бид буцахдаа Кансайн олон улсын онгоцны буудлаар дайран өнгөрсөн юм. Энэ онгоцны буудлыг Осака хотын ойролцоох Осакагийн буланд хиймэл арал дээр байгуулсан аж. Үнэхээр ч далай дээр хиймэл арал барьж, түүн дээрээ олон улсын нислэгийн том цогцолбор байгуулсан нь үнэхээр гайхмаар. Япончууд хүний гараар хийж болох бүхий л зүйлийг өөрсдөө бие даан байгуулчихдаг гайхалтай ард түмэн юм.
Тус нисэх онгоцны буудлыг хэрхэн барьсан тухай бяцхан түүх өгүүлье. 1960-аад онд Кансайн бүсэд Токиогоос ирэх хөрөнгө оруулалт багасч эхэлжээ. Энэ үед бүсийн удирдлагууд нэг шийдвэр гаргасан нь шинээр онгоцны буудал байгуулах явдал байлаа. Үүнийхээ дагуу олон хүн амтай Осака хотынхоо олон улсын онгоцны буудлыг өргөжүүлье гэтэл хэтэрхий шуугиантай болох гээд байсан аж. Улс хурааж авсан газар дээр байгуулсан Наритагийн олон улсын нисэх онгоцны буудал ч энэ зовлонг амсаж эхэлсэн тул Кансайн бүсийн удирдлагууд эргээс зайдуу шинэ онгоцны буудлаа барихаар шийджээ. Ингээд Осакагийн буланд шинэ буудлаа барих гэтэл нутгийн загасчид хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. Гэхдээ тэдэнд харамгүй их нөхөн олговор олгосны эцэст хиймэл арал байгуулж, шинэ онгоцны буудлаа барих боломжтой болжээ.
Төсөл хэрэгжүүлэгчид далайн хүчтэй шуурга, газар хөдлөлт, цунамид тэс­вэртэй, 4000 метр урт, 1000 метр өргөн хиймэл арал байгуулахаар төлөвлөж, 1989 онд барьж дуусгажээ. Харин 1990 онд Осака хотыг хиймэл аралтай холбосон гурван км урттай гүүрийг нэг тэрбум долларын өртгөөр барьсан байна. Түүний дараа жилээс онгоцны буудлын барилгын ажлаа эхлүүлж 1994 онд дуусгажээ.
1995 оны нэгдүгээр сарын 17-нд Япон улсад Рих­терийн шаталбараар до­лоон баллын хүчтэй газар хөдлөлт болж, 6434 хүн амиа алдсан билээ. Энэ үед шинээр байгуулагдсан нисэх онгоцны буудал зөв төслөөр хийгдсэнийхээ ачаар бүрэн бүтэн үлдсэн. Үүний дараа буюу 1998 онд тус нисэх онгоцны буудлыг 200 км/цагийн хурдтай далайн шуурга дайран өнгөрсөн байна. Энэ шуурганы үеэр онгоцны далавчийг санаг­дуулам бүтэцтэй тус нисэх онгоцны буудлын барилга бүрэн бүтэн үлджээ. Байгалийн олон шалгуурыг да­ваад гарчихсан энэ онгоцны буудлаас Япон,  Монголын агаарын замын гараа эхэлж байсан гэнэ.
Энэ мэтчилэн Япон улсын хөгжил цэцэглэлт, хийж бүтээсэн үйлс, япон ча­нар зэргийг дурдвал олон баримт гарч ирнэ. Үнэхээр ч япончууд хөдөлмөрч, насны юм хийж чаддаг ард түмэн гэдэг нь эндээс тод харагдаж байлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш