logo
Африкчууд цэвэр усгүйгээс олноороо амиа алдаж байна

Африкчууд цэвэр усгүйгээс олноороо амиа алдаж байна

2012/03/24
Жил бүрийн 3 сарын 22-дэлхийн усны өдөр болдог. Африкчуудын хувьд ундны цэвэр усны асуудал хурцаар тавигдаж байна. НҮБ-ын сайн санааны элч төлөөлөгч Анжелик Киджогийн ярьж байгаагаар Африкийн орнуудын хүүхдийн эндэгдлийн тоо, халдварт өвчнөөр амиа алдаж байгаа хүүхдүүдийн тоо тогтмол өсч байгаа нь тэдний ариун цэвэр, ахуйн орчин, ундны цэвэр уснаас шууд хамаарч байгаа юм байна. Африкт ундны цэвэр ус алтнаас ч илүү үнэтэй байхад зарим улс орнууд цэвэр усыг хайр гамгүй хэрэглэж байна. Албан ёсны судалгаагаар дэлхий дээр 900 орчим сая хүн ундны цэвэр усны дутагдалтай амьдарч байна. 1 кг үр тариа тарихад 1500 литр ус хэрэглэгддэг. 1 кг маханд 15 мянган литр ус хэрэгтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл бидний үржүүлдэг мал, шувуу, гахайг тэжээхэд ийм их хэмжээний ус зарцуулагддаг. Манай гаригийн цэвэр усны нөөцийн ихэнх хэсэг нь уул уурхай, хоол хүнсийг ургуулж, тарьж өсгөхөд зарцуулагддаг. Хүн төрөлхтөн амьдрахын тулд хоол идэж, ус уух хэрэгтэй. Тэгэхээр идэх хоол хүнсээ ургуулж, өсгөж, үржүүлэхийн тулд ус зарцуулахаас өөр арга байхгүй. Дэлхийн хүн ам тогтмол өсч удахгүй 8 тэрбумд хүрнэ. Гэтэл цэвэр усны нөөц багассаар байна. Ялангуяа Африк тивийн хүн ам 2050 он гэхэд 2 тэрбумд хүрэх тооцоо байгаа. Ус хомсдох аюул Африк тивд хамгийн түрүүнд мэдрэгдээд эхэлсэн. Ундны цэвэр усгүйгээс Африкийн хүүхдүүд гэдэс дотрын болон ахуйн халдварт өвчин, мөн бие дэх шингэн дутагдсанаас дархлаа муудаж өвчин тусч амиа алдаж байгаа юм. Тиймээс хүн төрөлхтөн шинжлэх ухаан технологийн давуу талыг ашиглаж ус бага хэрэглэдэг хүнс гарган авахгүй бол яваандаа манай гаригийн цэвэр усны нөөц дуусч магадгүй болоод байна. Анжелик Киджо Дэлхийн усны өдөр болсонтой холбогдуулан цэвэр усыг гамтай, зөв зохистой хэрэглэхийг уриалж байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш