logo
Х.Баттулгын сайд байхдаа нууц гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсныг дэд сайд Пүрэвдорж  баталлаа

Х.Баттулгын сайд байхдаа нууц гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсныг дэд сайд Пүрэвдорж баталлаа

2012/03/24
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал хийлгэж УИХ-ын гишүүн Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа Солонгосын 19 компанийн хамтарсан консорциумтай Төмөр зам хөгжүүлэх тухай хамтарсан гэрээнд гарын үзэг зурсан талаар мэдээлсэн. Энэ гэрээний талаар салбарын яам болоод Засгийн газар ч мэдэхгүй байгаа гэдгийг Ц.Нямдорж сайд хэлж байгаа юм.
Энэхүү нууц хэмээсэн баримт бичгийн талаар Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны холбогдох албаны хүмүүс ч огт мэдэхгүй байгаа нь өнөөдөр нотлогдлоо.
Тус яамны дэд сайд Т.Пүрэвдорж, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Бямбажав, Зам тээврийн бодлогын газрын дарга Д.Наранпүрэв, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга бөгөөд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нямдаваа нар хэвлэлийн бага хурлын үеэр дээр яригдаж буй нууц гэрээний талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа хэллээ. Харин хуудас бүртээ нууц гэсэн бичигтэй 20 хуудас гэрээг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга зөвшөөрч гарын  үсэг зурсныг баталж байлаа.   
Х.Баттулгатай гурван жил хамтран ажилласны хувьд сайдын гарын үсгийг би танина. Энэ бол түүний гарын үсэг мөн гэж тус яамны дэд сайд Т.Пүрэвдорж хэвлэлийнхэнд үзүүлээд ингэж баталгаажуулсан аливаа баримт бичиг яамны архивт хадгалах ёстой. Гэтэл энэ баримт бичгийн нэг ч хувь тус яаманд байхгүйгээр барахгүй нууцлалд хамаарах эдгээр төрийн албан хаагчид энэ талаар огт мэдэхгүй, Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригт болсон хуралдааны үеэр л сонссон гэдгийг хэллээ.
Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн эдгээр албан хаагчид Солонгосын талтай байгуулсан нууц гэрээний талаар ийм тайлбар хийлээ. 
Аж ахуйн байгууллагууд хооронд гэрээ байгуулж болохын зэрэгцээ тэрхүү гэрээ нь аж ахуйн байгууллагынхаа хувьд нууцын зэрэглэлтэй байж болно. Гэхдээ “Монголын төмөр зам” ХК бол 100 хувь төрийн өмчит компани. Тиймээс Концессийн тухай хуулийн дагуу яам юм уу, төрийн өмчийн хороогоор дамжуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж эрхээ аваад гэрээ байгуулах учиртай. Гэтэл Х.Баттулгын сайд байхдаа гарын үсэг зурж баталгаажуулсан энэ гэрээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээгүй төдийгүй яамны архивт ч хадгалагдаагүй байна.

Мөн Засгийн газрын хуралдааны үеэр төмөр замын асуудал танилцуулгаар орж ирэхэд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тус яамныхнаас Монголын төмөр зам ХК Солонгосын талтай хамтран ажиллах нууц гэрээ байгуулсан байна. Энэ гэрээг та нар мэдсэн үү гэж асуужээ. Албаны хүмүүс энэ үеэр л энэ тухай  сонссон гэдгээ мэдэгдэж байна.
Энэ дагуу тэд Хууль зүйн яаманд хүсэлт тавьж нууц хэмээсэн тэмдэглэл бүхий баримт бичгийн хувийг авсан гэдгээ ч өнөөдөр  мэдэгдээд энэ баримтад Монголын талаас Монголын төмөр зам ХК-ийн захирал Б.Батзаяа гэж хүн гарын үсэг зурж, Х.Баттулга сайд зөвшөөрсөн хэмээн баталгаажуулан гарын үсэг зурсан байгаа юм. Бид сайдаар ажиллаж байсан хүнийхээ гарын үсгийг таньж байна гээд “Салбарын сайд ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурсан л бол энгийн бичиг байна уу, нууцын зэрэглэлтэй байна уу эсэхээс үл шалтгаалаад яамны архивт заавал хадгалагдах учиртай” гэлээ.
Харамсалтай нь Х.Баттулгын сайд байхдаа гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгийн талаар тухайн салбарын нөлөө бүхий албан тушаалтнууд өнөөг хүртэл мэдээгүй байсан нь ийнхүү нотлогдлоо.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш