logo
Жэймс Камерун далайн хамгийн гүн рүү амжилттай шумбалаа

Жэймс Камерун далайн хамгийн гүн рүү амжилттай шумбалаа

2012/03/27
Оскарын шагналт найруулагч Жэймс Камерун Номхойн далайн 11 мянга орчим метрийн гүнд орших Марианы хонхор луу амжилттай шумбажээ. Тэрээр минутад 150-210 метр хурдтайгаар шумбах хүчин чадалтай "Deepsea Challenger" нэртэй шумбагч онгоцоор ганцаараа шумбасан бөгөөд далайн ёроолд хүрэхэд хоёр цаг гаруй хугацаа шаардагдсан байна. Аватар киноны найруулагч далайн ёроолд гурван цаг гаруй ажилласныхаа дараа хурдан хугацаанд далайн гадарга дээр гарч иржээ. Камеруны ашигласан шумбагч онгоц маш олон гэрэл, камер зэргээр тоноглогдсон учраас тэрээр далайн гүнд бичлэг хийсэн байна.
Түүнээс өмнө буюу 1960 онд  Америк усан цэрэг Дон Волш, Швейцарийн зурагчин Жак Пиккар нар далайн хамгийн гүн хэсэгт хүрч байжээ. Тэд далайн гүнд 20 орчим минут ажилласан ч шумбалт дууссаны дараа тэдний хараа муудсан байна.
Deepsea Challenger шумбагчийг Австралид үйлдвэрлэжээ. Камерун долоон метр урт, 11 тонн жинтэй шумбагчийг ашиглахад бэлэн болгохын тулд сүүлийн хэдэн жилийн турш инженерийн багтай хамтран ажилласан байна. Түүний суусан бүхээгийн хэсгийг маш их даралтыг тэсвэрлэх чадвартай зузаан гангаар хийжээ.
Титаник, Аватар киног найруулсан Камерун далайн хамгийн гүн рүү хийсэн аялалынхаа талаар баримтат кино гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Deepsea Challenger шумбагчийг түүнчлэн автомат гараар тоноглосон учраас далайн гүнээс хөрс, чулууны дээжийг авах боломжтой байжээ. Мөн хэсэг судлаачид шинэ төрөл зүйлийг илрүүлэхээр найруулагчтай хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн аялалын санхүүжилтыг Камерунаас гадна, Ролекс компани, Үндэсний газарзүйн хүрээлэн гаргасан аж.
Эрдэмтэд Марианы хонхрыг судлах зорилгоор хэд хэдэн удаа автомат төхөөрөмжийг далайн гүн рүү илгээж байжээ.
X-Prize Foundation нэртэй ашгийн бус байгууллага Марианы хонхрын ёроолд хүрсэн анхны хүнд 10 сая долларын шагнал олгоно гэж зарлаад байсан. Харин Камерун шагналын төлөө шумбаагүй, зөвхөн шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор ажилласан гэж хэлсэн байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш