Энэ сарын 14-нд Долоодугаар сарын нэгний үймээнтэй холбогдуулан генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүж, Г.Ганбаатараас бусдыг хэрэг шийдэгдтэл Цагдан хорих төвд түр саатуулахаар болсон. Харин шүүхийн тогтоол гарангуут цагдаагийн хурандаа нарыг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт шууд хүргэсэн нь нийгэмд нэгэн шинэ жишгийг тогтоов.
Тодруулбал Монгол Улсад шүүгдэж буй хэн боловч түр саатуулагдахаар болбол эхлээд биеэ сайхан эмчлүүлж авах хэрэгтэй юм байна.
Цагдан хорих төвд хоригдох гэж яараад хэрэггүй. Нэн түрүүнд эрүүл мэнддээ анхаарал тавьж, хэрэг шүүгдэж буй тухайн дүүрэг, аймгийнхаа эмнэлэгт хэд хоног сувилуулаад ав. Эрүүл мэнд эерэг гараад болохгүй бол архи сайтар уугаад сахарынхаа хэмжээг ихэсгэчихсэн ч яадаг юм. Ер нь хэрэг бишдээд ирвэл хүнд өвчтөн болох элдэв арга саам олдож л таарна.
Цаана чинь хал үзэж, хашир суусан генерал, хурандаа нар сахар энэ тэр гэсэн өвчин тоочиж байгаад 14-нээс 20 хүртэлх зургаа хоногийг Сүхбаатар дүүргийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт тансаглаж байгаад өчигдөр л Цагдан хорих төв рүү ачигдлаа шүү дээ. Бодвол, Үндсэн хуулинд заасанчлан хууль, шүүхийн өмнө хэн бүхэн эрх тэгш байна гэдэгчилэн цагдаагийн экс дарга нарын адил эрүүл мэнддээ анхаарал тавих асуудал хүн бүрт нээлттэй байх байлгүй.
Гэхдээ дөнгөж шинээр дэлгэрч буй жишиг учраас иргэд учрыг сайн ойлгохгүй байгаа бололтой. Янз бүрийн л байр суурь илэрхийлэх аж.
Тухайлбал “Хүн алсан хүмүүс хариуцлага хүлээхгүй байх уу, эсвэл шүүхийн тогтоолыг эсэргүүцээд иргэн бүр хүний эрх, эрх чөлөө ярьж, ах дүү, амраг садан, албан газраа жагсаагаад байх уу. Жирийн ард ингэвэл өчиггүй буудуулах байх даа, ямрыг нь шууд хориод, ямрыг нь эмнэлэгт хүргэдэг юм. Хууль тэгш үйлчлэхгүй байна. Эгэл иргэд бидэнд хууль маш чанга үйлчилдэг шүү дээ.
Хүн бүхэн өөрийн гэсэн зовлон жаргалтай, энэ бүхнээ нийтийн эрх ашгийн өмнө тавьж, уйлж унжаад, цамнаад байх уу. Иргэн өвдсөн бол шууд л ганц руугаа ачигдана. Эднийг өөгшүүлбэл Монголын шүүхийн нэр хүнд унана шүү. Дүүргийн эмнэлэг ингээд шоронгийн эмнэлэг болжээ” гээд л өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт өндөрлөсөн шүүх хурал олныг хамарсан хэрүүл болж хувираад байна.
Тэгвэл иргэн та цагдаагийн экс дарга нартай барьцаж, элдэв асуудлаар толгойгоо гашилгахын оронд ийм жишиг тогтсон юм байна гэж ойлго. Мэдээж цагдаад насаараа шахуу ажиллахдаа өч төчнөөн хүнийг цагдан хорьж байсан хурандаа нар өөрсдөд нь ийм асуудал тулгарахад хууль зөрчинө гэж үгүй. Хоригдохоосоо өмнө эмнэлэгт хэвтэж, эрхэлдэг жишиг нийгэмд бий болж буй учраас л цагдаагийн экс дарга нар өөрсөд дээрээ үзүүлж, олонд түгээсэн хэрэг болов уу.