Хурлын үеэр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав сэтгүүлчидтэй ийн ярилцсан юм.
-Үймээний гэх хэргээс зөвхөн цагдаагийн экс удирдлагуудын хэргийг сугалан авч яллах гээд байна гэсэн хардлага нийгэмд байна?
-Долоодугаар сарын нэгний гэх олон хэрэг байсан. Шалгагдах явцад хууль зүйн үндэслэлтэй учраас Өршөөлийн хуульд хамрагдсан.
-Цагдаагийн удирдлагуудын хэргийг сэргээчихээд үймээн эхлүүлж, өдөөн турхирсан О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарын хэргийг сэргээн шалгахгүй байгаа нь гайхашрал төрүүлж байна л даа?
-О.Магнай нарын хэргийг сэргээн шалгах хууль зүйн үндэслэл байхгүй.
-Үүнээс болоод цагдаагийн экс дарга нарын хэргийг улстөржүүлж байна гэх хардлага төрж байна. Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хуулийнхан шударгаар шалгаж чадаж байна уу?
-Аливаа нэг хэрэг шүүхэд шийдэгдээд, журмаараа явах ёстой. Шаардлагатай гэвэл дараа нь тайлбар хийж болдог. Гэтэл энэ хэргийг хэтэрхий улстөржүүлж, буруугаар тайлбарлаж, шүүн таслах ажиллагааны тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах, төрийн шүүх үйл ажиллагаа явуулж болохгүй болтол нь дарамтлах, өндөр албан тушаалтнууд элдэв тайлбар, мэдэгдэл гаргаж, хуулийн байгууллагад ноцтой бэрхшээл учруулж байна. Мөн олон түмнийг төөрөгдүүлсэн баримтгүй мэдээ материал их цацаж байна. Хүн өөрийгөө зөвтгөх оролдлого хийж болно. Энэ нь хуулийн хүрээнд үндэслэлтэй, нотолгоотой байх ёстой. Гэтэл нийгмийг төөрөгдүүлсэн, нийгмийн дэмжлэг авахыг оролдсон хөдөлгөөн болгож, зохион байгуулахыг оролдсон байдал ажиглагдаж байна. Харамсалтай нь уг хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд оролцоод байгаа учир төвөгтэй байна.
-Танайхаас цагдаа буудсаныг тогтоосон гэж олон удаа мэдэгдээд байгаа. Гэтэл үүнийг цагдаа нар эсэргүүцсээр л байна?
-Ер нь хөдөлшгүй баримтаар тогтоосон учраас шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Хэрэв баримт хангалтгүй байсан бол хэргийг мөрдөн байцаалтад буцааж болно.
-Тэгвэл яагаад хэн хэнийг буудсаныг шалгаж байгаа гэж мэдэгдээд байгаа юм бэ?
-Ер нь цагдаагийн экс удирдлагуудын хэргийг, цагдаа хүн буудсан хэрэгтэй хольж ойлгоод байна. Цагдаагийн экс удирдлагууд үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлага алдсанаас болж хүний амь нас хохирсон гэдгээр буруутгагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлыг хангах ёстой, хэв журмыг сахиулах ёстой болохоос хүн алах ёсгүй. Тэгэхээр хүн буудах үүрэг өгөөгүй гэдэг нь хүмүүсээ зөв удирдаж чадаагүйгээс хүний амь нас хохирсон гэж буруутгаж байгаа юм. Хүн буудсан гэх цагдаагийн хэргийг бол шалгаж байгаа.
-Монголын ард түмэн цагдаагийн дарга нар хариуцлага алдсан эсэхийг биш, хэн буудсаныг нь тогтоохыг хүсч байгаа?
-Тогтоохын тулд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл дөрвөн цагдаа нэг, нэг хүн буудсан юм уу, нэг цагдаа дөрвөн хүн буудсан уу гэдгийг шалгаж байна гэсэн үг.
-Уг нь хурандаа нарт холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан байдаг. Гэтэл яагаад сэргээн шалгах болов. Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг сэргээн шалгадаг тохиолдол байдаггүй гэсэн?
-Хохирогчдын ар гэрийнхэн тэдэнд холбогдох хэргийг буруу зүйлээр зүйлчилж, цагдаагийн дарга нарыг ялаас чөлөөлсөн хэмээн хууль зүйн үндэслэлийг өмгөөлөгчдийнхөө хамт гаргасан. Прокурорын байгууллага өргөдлийг хүлээн авч хэлэлцээд, хуулийн үндэслэлтэй хэмээн сэргээсэн.
-Энэ хэргийн зүйл анги буруу хэмээн өмгөөлөгч О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Цэцэд маргаан үүссэн байхад түдгэлзэх ёстой байдаг гэсэн?
-Энэ бол шүүхийн асуудал. Шүүх үйл ажиллагааг үргэлжлүүлэх үү, завсарлах уу, түдгэлзүүлэх үү, ямар шийдвэр гаргах вэ гэдгийг өөрөө мэднэ. Прокурорын байгууллагаас мэдэгдэл хийх эрх байхгүй.
-Долоодугаар сарын нэгний хэргийг ганцхан прокурорын байгууллага шалгасан нь учир дутагдалтай. ТЕГ, ЭЦГ гээд хуулийн байгууллага хамтран шалгах ёстой гэсэн шүүмжлэл байдаг?
-Энэ бүхэн хуулиар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл цагдаа болон тодорхой төрлийн тусгай албан хаагчдын үйлдсэн, өдүүлсэн хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгахаар хэргийн харьяаллыг хуульчилж тогтоосон байдаг. Тэгээд ч 2008 оны долоодугаар сарын нэгний хэргээр ҮАБЗ хуралдаж, уг хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгах нь зүйтэй гэсэн байдаг.
-Шүүх хурлын үеэр хэргийг шууд тусгаарлаад, цагдан хориод байгаа нь улстөржүүлээд байна гэх гоморхол байна?
-Хуулийн байгууллага ажлаа л хийж байна. Шүүхийн байгууллага ч гэсэн. Ерөнхийлөгч цагдаагийн даргад үүрэг өгсөн тухайд шүүхээс прокурорын байгууллагад гомдол очсон. Мөн Засгийн газар болон бусад байгууллагад шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломж байхгүй, шүүн таслах ажиллагаа явагдах боломжгүй боллоо. Энэ ажиллагаа явахгүй бол цаашид юу үүсэх билээ. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Засгийн газар, прокурор бүгд анхаарал хандуулах ёстой.
-Шүүгчийн биед халдсан гэх гомдол гарсан шүү дээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Ийм гомдол гарсан. Гэхдээ одоогоор бидэнд шүүгчийн биед халдсан хүмүүст Эрүүгийн хуулийн тийм заалтаар хэрэг үүсгэн шалгаж өгнө үү гэсэн гомдол хараахан ирээгүй байна. Зөвхөн шүүх хурал явуулах нөхцөл боломжийг биелүүлж өгөөч л гэсэн хүсэлт ирсэн. Тодорхой хүн заагаад энэ хүн ингэж шүүгчид хандсан гэсэн мэдээлэл ирээгүй.
-Одоо хэрэгт холбогдоод байгаа цагдаагийн экс удирдлагууд өмнө нь энэ хэргээр шалгагдаж, Өршөөлийн хуульд хамрагдсан. Өршөөлийн хуульд хамрагдсан гэхээр энэ хүмүүс гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Эрүүгийн гэмт хэрэгт, сэжигтэн, яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаа хүний хэргийг шалгах явцад Өршөөлийн хууль батлагдвал тэр хүнд хоёр сонголт байдаг. Нэг бол гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд Өршөөлийн хуульд хамрагдах, эсвэл би энэ гэмт хэрэгт буруугүй учир гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг дуустал нь шалгуулна гэдгээ илэрхийлэх юм. Түрүүчийн хэргийг нь Өршөөлийн хуульд хамруулаад хэрэгсэхгүй болгосныг бодоход энэ холбогдогчид гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа.
-Үндсэн хуулийн цэцэд Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан тогтоолыг өгсөн. Цэцээс Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл яах вэ?
-Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргавал УИХ энэ хуулиа яах юм бэ гээд л олон дарааллаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн цэцээс ямар шийдвэр гаргахаас энэ хэргийн олон зүйл шалтгаална.
-Хүн буудсан хэргээр Эргүүл хамгаалалтын 10 цагдаа шалгагдаж байгаа. Энэ хэрэг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт хэвээр шалгагдаж байгаа юу?
-Шалгагдаж байна.