logo
МАН-ынхан самрын хэрэгт сэжиглэгдэж, Ерөнхий прокурор цагдаагийн дарга нар буруутайг нотоллоо

МАН-ынхан самрын хэрэгт сэжиглэгдэж, Ерөнхий прокурор цагдаагийн дарга нар буруутайг нотоллоо

2012/03/27
Өнгөрсөн долоо хоног онцлох үйл явдааар дүүрэн байлаа. Тэр тусмаа шүүх, цагдаагийн байгууллагын дунд үйл явдал ихээхэн өрнөв.
Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарыг Цагдан хорих төв рүү ачиж явахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн даваа гарагт тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирсэн.
Гэвч цагдаагийн дарга нарын ар гэрийнхний эсэргүүцэлтэй тулгарч буцсан боловч маргааш нь дахин ирж, шүүхийн шийдвэрийг биелүүлэн ачиж явсан. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл “Бид 10 хоногийн өмнө Үндсэн хуулийн Цэцэд хандаж, цагдаагийн дарга нарын хэргийг Цэргийн гэмт хэргийн тухай хуулиар зүйлчилж байгаа нь хуульд нийцэх эсэхийг хэлэлцэж өгөхийг хүссэн. Харин үүнд Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэснээ мэдэгдсэн. Ингэснээр цагдаагийн дарга нарын хэргийг түдгэлзүүлэхээр боллоо. Хуульд энэ тухай заасан байгаа. Тодруулбал, тухайн хэргийн талаар Цэц хэлэлцэж байхад шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах ямар ч эрхзүйн орчин байхгүй. Тиймээс энэ хэрэг түр зогсч байгаа гэсэн үг. Тиймээс би Ч.Хосбаяр шүүгчид цагдан хорих шийдвэрээ цуцлах хүсэлт гаргалаа. Шүүгч удахгүй шийдвэрээ гаргах байх” гэж мэдэгдэж байсан юм. Харин үүнд шүүхээс ач холбогдол өгөөгүй бөгөөд цагдаагийн экс дарга нарыг Цагдан хорих төв рүү ачсан.
Түүнчлэн өнгөрсөн лхагва гарагт Сүхбаатар дүүргийн шүүхэд Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Г.Ганбаатарт холбогдох шүүх хурал болж, мән цагдан хорих шийдвэр гаргасан юм. Тэрбээр “Шүүхийн шийдвэр хууль бус гарсанд гомдолтой байна” гэсээр ачигдсан. Энэ нь нийгэмд янз бүрийн хардалтыг төрүүлж байгаа. Гэтэл Улсын ерөнхий прокуророос цагдаагийн экс дарга нар буруутай гэх мэдээллийг өглөө. Өнгөрсөн баасан гарагт Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “Аливаа нэг хэрэг шүүхэд шийдэгдээд журмаараа явах ёстой. Шаардлагатай гэвэл дараа нь тайлбар хийж болдог.
Гэтэл энэ хэргийг хэтэрхий улстөржүүлж, буруугаар тайлбарлаж, шүүн таслах ажиллагааны тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах, төрийн шүүх үйл ажиллагаа явуулж болохгүй болтол нь дарамтлах, өндәр албан тушаалтнууд элдэв тайлбар, мэдэгдэл гаргаж, хуулийн байгууллагад ноцтой бэрхшээл учруулж байна. Мән олон түмнийг төөрөгдүүлсэн баримтгүй мэдээ материал их цацаж байна” гэж мэдээлэл хийсэн. Тэрбээр цагдаагийн экс дарга нарыг буруутгах хангалттай нотолгоо байгааг хэлж байсан.
2008 оны сонгуулиас хойш олны анхааралд байсан хэрэгийн үйл-явдал өрнүүлж байх үед АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэх эрэгтэйн амийг хөнөөж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдгийн орчимд булсан тухай мэдээлэл гарлаа. Энэ хүн амины хэрэгт манай улсын иргэн 24 настай эмэгтэй холбогдсон байгаа нь бүр цочирдууллаа. Үүнтэй холбогдуулан хэрэгт сэжигтнээр татагдсан эмэгтэйн тухай янз бүрийн мэдээлэл гарч байна. Тухайлбал, дээрх эмэгтэй нь 2004-2005 онд Засгийн газраас тэтгэлэгт хамрагдсан 10 оюутанд багтаж, Тайванийн технологийн их сургуульд үнэ төлбөргүй сурсан байна. Харин энэ хугацаандаа Жон Мартин Кийнтэй танилцсан бөгөөд түүний хайртай шавь байсан ажээ. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэргийг шалгах хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаад буруутгасан юм. Гэвч энэ хэргийг шалгах явцад зөвхөн цагдаа нар биш, мэргэжлийн хяналтын байцаагчид оролцсон болох нь тогтоогдсон гэнэ. Мөн тухайн хэргийг зохион байгуулсан эзэн нь МАН-ын нөлөө бүхий эрхэм байсан тухай чих дэлслээ. Зарим хэвлэлээр МАН-ынхан сонгуулийн мөнгөө босгох гэсэн бохир аргын нэг хэлбэр дээрх хэрэгтэй холбогдож магадгүй байгааг мэдээлээд байгаа.
Үүнээс гадна АТГ, иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат, Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг нарыг шалгаж эхэлсэн. Засаг дарга нарыг шалгах ажил ингээд зогсохгүй бололтой. Өнгөрсөн долоо хоногоос Өвөрхангай аймгийн Засаг дарга нарын хүмүүсийг нэмж шалгаж эхэлсэн. Энэ мэт улс төрийн шинжтэй гэмээр олон хэрэг шүүхийн хаалга татаад байна. Тиймээс яаж шийдэгдэхийг нь хүлээх л үлдлээ.

Д.Бат

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш