12 настай Якин гэдэг Ирак охин аавынхаа талаар санадаггүй. Түүний сонссоноор эцэг нь Иракийн цэргийн ажиллагааны үеэр Америк цэргүүдэд алагджээ. Нөхрөө алдсан Якины ээж дахин гэрлэсэн боловч Бени охиныг гэдсэнд байхад нь мөн 2 дахь нөхөр нь алагджээ. Өөрөөр хэлбэл 2 охин 2-уулаа эцгээ мэдэхгүй. Бяцхан охид эцгийнхээ зургийг хараад өөрийн эрхгүй уйлдаг байна. Гэхдээ энэ 2 охин дайнд эцгээ алдсан олон мянган Ирак хүүхдүүийн нэг хэсэг нь юм. Сургуулийн багш Лик Аль Абуди Иракийн эрх баригчдын хоорондын тэмцлээс болж нөхрөө алдсаныхаа дараа өнчин хүүхдүүдийн сургуулийг байгуулжээ. Түүний сургуульд 135 өнчин хүүхэд сурдаг боловч засгийн газар тэднийг дэмждэггүй байна. Багдадад цахилгаан хязгаарлагдмал байдаг учир дүүрэг бүр тусдаа цахилгаан гаргагч жижиг генератортой. Өдөрт 4 цаг л цахилгаантай байдаг. Цахилгаан утасны монтажчин гэж байхгүй учир хүмүүс өөрсдөө дураараа энд тэндээс цахилгаан утас татдаг байна. Оршин суугчийн хошигнож хэлж байгаагаар Багдад байгаа замбраагүй татагдсан бүх цахилгаан утсыг нийлүүлбэл дэлхийг 2 ороож хүрэх гэнэ. АНУ-ын 9 жилийн цэргийн түрэмгийллийн дараа олон нийтийн үйлчилгээ үндсэндээ байхгүй болжээ. Иракийн Сунит гаралтай дэд ерөнхийлөгч Тарик Алхашими хууль бус зэвсэгт бүлгийг толгойлж, сөрөг хүчний улс төрчдийн эсрэг халдлага үйлдсэн гэж Шийтүүдэд буруутгагдсан. Харин дэд ерөнхийлөгч Тарик Алхашими түүний бие хамгаалагчийг эрүүдэн шүүж, аминд нь хүрсэн гэж засгийн газраа буруутгасан. Амиа алдсан бие хамгаалагчийн ар гэрийхэн шүүх хурал дээр түүний амиа алдахдаа тамлан зовоогдсон байсан гэсэн баримтыг авчирчээ. Гэсэн ч засгийн газар үгүйсгэсээр байгаа юм. АНУ цэргээ гаргаснаас хойш Иракийн аюулгүй хүчнийхэн энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх нь нэмэгдсэн гэж олон улсын хүний эрхийн байгууллага мэдэгдсэн. Иракийн засгийн газар Арабын Лигийн ээлжит чуулга уулзалтыг нутагтаа зохион байгуулахын тулд 500 сая доллар зарцуулжээ. Саддам Хусейн болон АНУ-ын цэргийн ажиллагаанаас болж, олон жил хөрш Араб улсууддаа гадуурхагдаж, ганцаардаад байсан Иракийн хувьд Арабын Лигийн чуулга уулзалтыг зохион байгуулах нь алдсан нэр хүндээ эргүүлж авах алтан боломж. Мөн үүнийг дагаад Иракт орох хөрөнгө оруулалт нэмэгдэх юм. Гэхдээ Иракт тогтвортой байдал үүсэх яагаа ч үгүй байна. Өнгөрсөн сард өдөрт бараг 20 халдлага, дэлбэрэлт болжээ. Иракийн эрх баригчид улс орноо хөл дээр нь босгох гэж чармайж байгаа гэсэн ч хугацаа хэрэгтэй. АНУ-ын цэргийн ажиллагаа Иракчуудад ашигтай байсан уу, Иракийн ард түмэн юу хожсон юм бэ гэсэн асуулт нээлттэй үлдэж байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn