Цөмийн аюулгүй байдлын 3 өдрийн чуулга уулзалт БНСУ-ын нийслэл Сөүл хотноо эхэллээ. Чуулга уулзалтын зорилго нь цөмийн зэвсэг террористуудын гарт орохоос урьдчилан сэргийлэх, цөмийн зэвсэг бүтээхэд ашиглагддаг цацраг идэвхт түүхий эд, бусад материалын тээвэрлэлт худалдаанд олон улс хяналт тавих, цаашлаад амьдарч байгаа дэлхийгээ цөмийн зэвсэггүй болгоход чиглэв. Уулзалтад АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц зэрэг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн улсаас гадна НҮБ-ын аюулгүйн зөвлөлд багтдаггүй ч цөмийн зэсвэгтэй Энэтхэг, Пакистан, Израйль болон цөмийн зэвсэгтэй болох боломжтой Япон, Герман, Өмнөд Солонгос зэрэг технологи өндөр хөгжсөн орнууд нийлээд 54 улсын төлөөлөгчид оролцож байна. Уулзалтын гол сэдэв Умард Солонгос, болон Ираны цөмийн хөтөлбөр. Учир нь шинжээчдийн үзэж байгаагаар Умард Солонгост 5-6 цөмийн зэвсэг байгаа боловч эдгээрийг тээвэрлэх хүчин чадалтай пуужин одоогоор байхгүй байгаа. Харин Умард Солонгосын энхийн зорилгоор хиймэл дагуул хөөргөнө гэж мэдэгдсэн нь магадгүй цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх илүү нарийн, илүү хүчин чадал бүхий Пуужинг турших шалтаг байж магадгүй юм байна. Жишээ нь Скад пуужингийн тусгал Сөүл хот, Өмнөдийн тал хэсэг болон Хятадын бага хэсэг ороод эргэн тойрондоо тусах чадвартай. Харин “Таепо Донг-1” пуужингийн тусгал үүнээс хамаагүй том хүрээг хамрах буюу Хятадын тал хэсэг, Япон тэр чигтээ, Монголын тал хэсэг багтжээ. Өөрөөр хэлбэл Умардчууд хүсвэл Япон руу Пуужин харвах чадвартай юм. Умардын эрх баригчдын туршина гээд байгаа “Таепо Донг-2” Пуужин Ази Номхон далайд хаана ч тусч чадна. Хамгийн холдоо АНУ-ын баруун эрэг, Аляска хүрэх чадвартай юм байна. Тиймээс чуулга улзалтанд орологчид Умард Солонгосын цөмийн асуудлаар голчлон хэлэлцэж байгаа юм. Цагаан ордны тэргүүн Барак Обама Умард Солонгос шинэ пуужин турших нь өөрсдийнх нь аюулгүй байдал гэхээсээ илүүтэйгээр Умард Солонгосчууд өөрсдийгөө Олон Улсын тавцанд илүү ганцаардуулна. Тиймээс пуужин туршиж Өмнөд хөршөө өдөөн хатгахгүй байхыг анхааруулсан. Обама чуулганы өмнө мөн Иранд анхааруулга өгч цөмийн зэвсгээсээ татгалзаж, яриа хэлэлцээрийн ширээний ард суух боломж байгааг сануулсан юм. Чуулганд мөн Бразил, Вьетнам зэрэг цөмийн эрчим хүч гаргаж авахаар чармайж байгаа улсуудын цөмийн эрчим хүчийг аюулгүйгээр ашиглахад хяналт тавих зэрэг асуудлууд хөндөгдсөн байна. Дэлхийн 2-р дайны сүүлээр 1945 онд АНУ дайтагч Японы эзэнт гүрний Хирошима, Нагасаки гэсэн 2 хотын дээр цөмийн бөмбөг хаяснаар хүн төрөлхтөн анх цөмийн аюул гэж ямар их хор хөнөөлтэй зүйл байдгийг мэдсэн юм. Гэхдээ зарим цэргийн шинжээчид АНУ угаасаа дайнд ялагдаж байсан Японы дээр цөмийн бөмбөг хаясан нь тухайн үеийн өрсөлдөгч ЗХУ-д сануулах, цөмийн зэвсэгтэй болсноо хүлээн зөвшөөрүүлэх зорилготой байсан гэж үздэг юм. Түүнээс хойш азаар манай гариг дээр цөмийн дайн гараагүй. Өнөөдөр цөмийн зэвсэг их гүрнүүдийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хөзөр болж хувираад байгаа. Учир нь одоо цөмийн дайн гарвал ялагч ялагдагч гэж байхгүй дайтагч талууд хэн хэн нь маш их хохирол амсана. Магадгүй бүхэл бүтэн нэг үндэстэн газрын хөрснөөс арчигдах аюултай болоод байгаа. Одоо Дэлхий дээр байгаа нийт цөмийн бөмбөгийн хохирол учуруулах хэмжээ цэнхэр гаригаа хэд дахин устгачих чадалтай нөөцтэй байгаа. Үүнийг ухамсарласан их гүрнүүд бусад улсуудыг цөмийн зэвсгээр хөөцөлдөхгүй байхад анхаарч, цөмийн бөмбөг хийхэд ордог материал террористуудын гарт охрохоос хамтран сэргийлж хяналт тавихаар чармайж байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn