logo
Хөгжингүй орнуудад дүрвэхийг хүсэгчдийн тоо нэмэгджээ

Хөгжингүй орнуудад дүрвэхийг хүсэгчдийн тоо нэмэгджээ

2012/03/29
Өнгөрсөн онд хөгжингүй орнуудад орогнох эрх хүсэгчдийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 20 хувиар өсчээ. Энэ тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын илтгэлд дурджээ.
Өнгөрсөн онд 441,3 мянган хүн хөгжингүй 44 оронд дүрвэгсдийн статус авах хүсэлт, өргөдлөө өгсөн байна. Энэ нь 2003 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Тухайн үед 505 мянган хүний өргөдлийг бүртгэн авч байсан байна.
Орогнох эрх хүсэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь юуны өмнө Ливи, Сири, Тунис, Кот-д’Ивуар гэх зэрэг улсуудад дэгдээд байгаа зэвсэгт мөргөлдөөн, мөн Афганистан зэрэг хөгжиж буй орнуудад хямрал үргэлжилсээр байгаатай холбоотой гэж Дүрвэгсдийн асуудал хариуцсан Дээд комиссарын газрын дарга Антониу Гутерришийн хэлжээ.
НҮБ-ын илтгэлд тэмдэглэснээр, хөгжингүй орнуудад дүрвэн гарахыг афганчууд хамгийн ихээр хүсдэг байна. Өнгөрсөн онд тус улсын 35,7 мянган хүн дүрвэх хүсэлт гаргасан нь жилийн өмнөхөөс 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Хятад /24,4 мянга/, Иракийн /23,5 мянга/ иргэд орж байна.
Европ тивийн орнууд урьдын адил дүрвэгсдийг татсан хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд дүрвэхийг хүсэгчдийн 73 хувь нь /327,2 мянга/ тус тивийн 38 оронд дүрвэх хүсэлтээ тавьжээ.
Европын орнуудаас гадна АНУ бол дүрвэгсдийн хамгийн ихээр орогнохийг хүсдэг газар гэнэ. Өнгөрсөн онд тус улсад шинэ амьдралаа эхлүүлэхийг 74 мянган хүн хүссэн байна. Хоёрдугаарт, Франц /51,9 мянга/, гуравдугаарт Герман /45,7 мянга/ оржээ. Харин Италид амьдрахыг хүссэн хүний тоо 34 мянга бШведэд 29,7 мянган хүн дүрвэх сонирхолтой байна гэнэ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш