logo
Судан, Өмнөд Суданы хил дээр мөргөлдөөн гарав

Судан, Өмнөд Суданы хил дээр мөргөлдөөн гарав

2012/03/29
Өнгөрсөн даваа гарагт Судан болон Өмнөд Суданы маргаантай байгаа хилийн орчмын хэд хэдэн бүсүүдэд зэвсэгт мөргөлдөөн гарсан тухай хоёр орны эрх баригчид мэдээлжээ.
Өмнөд Суданы армийн командлалын төлөөлөгчийн хэлснээр, хөрш улсын агаарын цэргийн хүчин Жау хот болон маргаантай бүсүүдэд агаараас цохилт өгсөн байна. Өмнөд Кордофан мужийн хилийн ойролцоо мөргөлдөөн гарсан тухай мэдээллийг Суданы эрх баригчид нотолсон боловч мөргөлдөөнийг чухам аль тал нь өдөөснийг тодорхой дурдсангүй.
Өнгөрсөн оны долдугаар сард Өмнөд Судан тусгаар тогтнолоо зарласан боловч нефтийн нөөцөө хуваах асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаагийн улмаас хоёр орны харилцаа хурцадмал хэвээр байгаа юм.
Хоёр орныг заагладаг хил орчмын бүсэд зэвсэгт мөргөлдөөн гарсантай холбогдуулан Суданы Ерөнхийлөгч Омар Хасан Ахмед аль-Башир дөрөвдүгээр сарын 3-нд Өмнөд Суданд хийхээр товлосон байсан айлчлалаа хойшлуулжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш