logo
Өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах тушаал өгөв

Өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах тушаал өгөв

2012/03/29
Дөрөвдүгээр сарын дундуур хөөргөхөөр төлөвлөж байгаа Умард Солонгосын зөөгч пуужин Японы нутаг дэвсгэрт унасан тохиолдолд зэвсэгт хүчнийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах тушаалыг тус улсын Батлан хамгаалахын сайд Наоки Танака өчигдөр өглөө.
Мөн Ишигаки, Мияко, Окинава арлуудад пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах «Пэтриот» ПАК-3 цогцоборыг байрлуулах шийдвэрийг эцэслэн баталжээ. Эдгээр цогцолборыг мөн нийслэлийн ойролцоох бүсэд байрлуулах юм.
Түүний сацуу Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ долоо хоногт яаралтай хуралдаж Солонгосын хойгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Осамү Фүжимүра мэдэгдсэн байна.
 «Кванмёнсон-3» хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулах Умард Солонгосын «Ынха-3» зөөгч пуужинг дөрөвдүгээр сарын 12-ноос 16-ны хооронд хөөргөхөөр төлөвлөжээ. Энэ арга хэмжээг БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулж байгаа юм.
ОХУ, АНУ, Япон, Өмнөд Солонгос, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дээрх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг Пхеньяны эрх баригчдад уриалсан билээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш