logo
Ази тивд усны төлөөх дайн болох уу?

Ази тивд усны төлөөх дайн болох уу?

2012/03/29
АНУ-ын Тагнуулын Төв газар дэлхийн цэнгэг усны асуудлаар илтгэл нийтэлжээ. Ойрын 10 жилийн хугацаанд усны төлөөх томоохон дайн болох магадлал тийм ч өндөр биш байгаа гэнэ. Гэхдээ цаашид усны хүрэлцээ улам багасах бөгөөд дэлхийн хамгийн эмзэг бүс нутгууд болох Өмнөд Ази, Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудад дайн дэгдэх эрсдэл нэмэгдэнэ.
21 дүгээр зуунд нефть, байгалийн хий булаалцалдах бус харин усны төлөөх дайн болно гэж шинжээчид бүр өмнө нь дурдаж байсан юм. Дэлхий даяар усны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа. Гэтэл манай гарагийн цэнгэг усны нөөц нэмэгдэхгүй, харин ч бүр багасч байгаа бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөгдөн буй нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байна. Зарим бүс нутгуудад үер усны гамшиг нүүрлэж байхад зарим нь ган гачигт нэрвэгдсээр байгаа билээ.
Цэнгэг усны асуудал нь зөвхөн экологийн төдийгүй улс төрийн асуудал болоод байгаа гэдгийг Оросын стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский онцлон дурдлаа. «Өнөөг хүртэл дэлхийн улс орнуудад ус ашиглах талаарх нэгдсэн дүрэм журам гэж байгаагүй. НҮБ-ын Европын эдийн засгийн комиссийн хил дамжсан гол ус болон олон улсын нуурыг ашиглах асуудлаарх Ерөнхий конвенци нь бүс нутгийн чухал баримт бичиг бөгөөд хамгийн нийтлэг дүрэм журмыг тогтоодог юм. Нөгөөтэйгүүр, уг баримт бичиг нь зөвлөмжийн шинжтэй байх бөгөөд түүнд олон улсын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх механизмыг тусгаагүй. Үүнтэй холбогдуулан иймэрхүү маргаануудыг үндэсний хууль тогтоомжийн дагуу хоёр талын юм уу, эсвэл олон талт хэлэлцээрийн үндсэн дээр шийдвэрлэж болох юм. Иймд хэрэв гол горхи нь хэдэн орны нутгаар дамжин урсдаг бол урсгалын дор байрладаг гол ус нь хараат байдалд орно. Үүнтэй холбоотой маш олон жишээг Азийн бүс нутгуудаас татаж болно» гэж тэрбээр хэлсэн байна.
Борис Волхонскийн хэлснээр, үнэн хэрэгтээ усны төлөө дайн аль хэдийнэ дэгдсэн бөгөөд шийдэгдээгүй асуудлуудын дийлэнх нь ус ашиглахтай холбоотой ажээ.
«Энэ бол Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн юм. Жишээ нь, Израиль улс Сирид Голланы өндөрлөгийг өгөхгүй байгаа, Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн гол учир нь эдгээр газар нутагт Израилийг цэнгэг усаар хангадаг нөөц эх авдагтай холбоотой» гэж Борис Волхонский хэллээ.
Кашмираас үүдэлтэй Энэтхэг-Пакистаны мөргөлдөөн бол ийм төрлийн сөргөлдөөнүүдийн хамгийн хурц бөгөөд хамгийн удаан үргэлжилж байгаа нь юм. Өнөөг хүртэл хоёр тал урсгал усыг хуваах талаар 1960 оны хэлэлцээрийг үндэслэн сайнтай муутай шийдвэрлэж ирсэн юм. Гэтэл сүүлийн үед Энэтхэгийн Чинаб голын эхэнд усан боомт барих шийдвэрээс болоод байдал хурцаджээ. Энэ нь пакистанчуудад ногдох цэнгэг усны хэмжээ хамгийн доод үзүүлэлтэд хүрч, нэг хүнд жилд 1000 шоометр болж буурсантай холбоотой юм.
Mөн хятадууд Энэтхэгийн Брахмапутра мөрний усыг Шинжаан-Уйгурын өөртөө засах орон руу усалгаа хийхэд зориулан татахаар төлөвлөж байгаа гэнэ.
Азийн томоохон гол мөрнүүд Түвдийн өндөр уулсаас эх авдаг учир Хятад улс өөрийн хөрш орнуудад болзол тавьдаг байна. Жишээ нь, саяхан Казахстаны эрдэмтэд нэгэн судалгаа хийжээ. Хэрвээ хятадууд Иртыш голын дээд хэсэгт өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлбэл Оросын Омск хот хүртэл нуур, намгийн гинжин холбоо үүсэх ажээ.
Энэ бүгдээс үзвэл, ойрын арван жилийн хугацаанд дэгдэж болзошгүй томоохон мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд одооноос эхлэн дэлхий дахинаараа мөрдөх ёстой Ус ашиглах тухай конвенцийг байгуулах шаардлагатай гэж Оросын стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч хэлсэн байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш