logo
Янханчлалын алтан үе

Янханчлалын алтан үе

2012/03/29
-Төр ариун бол охид ариун-
Хорьдугаар зууны эхэн үеийн монголын нийслэл эсгий хот хэмээх Хүрээний их хөлийн газар өрнө дорны элдэв соёл шаламгай­лан нэвтэрхийн хажуугаар урхаг муу зүйлс ч уулгалан орж ирсэн байдаг. Үүнэий нэг нь “Эмсийн хүрээлэн”. Тэр үеийн завхай гэх дуунууд, ардын ярианд дээд зэрэглэлийн хятад биеэ үнэлэгч, данжаад лугаа бөгс бөөрөөрөө холбогдсон монгол бүсгүйчүүдийн тухай бишгүйдээ л дурьдсан нь бий. Социалист нийгмийн үед өмнөх үеэ дооршаан үзэх суртал ухуулгын үүднээс дэгс хууч ч олны дунд ихээхэн дэлгэрсэн. Ямартай ч нүүдэлчний монголд ихэд нууц нандин байсан салхин сарны явдал нийгмийг хамран хэлэлцэгдэх болсон нь өнгөрөгч зууны эхэн үе билээ.
Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Янхан”гэдэг үгийг “Үнэ хэлэлцэж явалдах эмэгтэй” хэмээн тайлбарлажээ. Хуулинд Монгол хэлний энэ үгийг “Биеэ үнэлэгч” хэмээх холбоо үгээр ойлгодог. Биеэ эдээр үнэлэх явдал бидний амьдралд энгийн зүйл болж, эмсинй хүрээлэн байгуулах асуудлыг ярихдаа тултал дэвэрчээ. Биеэ үнэлэх явдалыг эрүүгийн хууль тогтоомжоор үндсэндээ зөв­шөөрчихсөн.
Эмэгтэй хүн биеэ үнэлвэл за­хиргааны хариуцлагын дагуу, садар самуунтай тэмцэх хуулийн дагуу захиргааны жур­маар шийтгэ­дэг. Харин биеэ үнэ­лэхэд татан оролцуулах, зохион байгуулахад ял оноодог. Хуулиар зохицуулж үл болох, хорин цагдаж эс болох хүчин зүйлсэд л амьдралын үнэ цэнэ оршдог. Гэтэл хүн байхын “Хэрэгцээ” төдий энэ зүйл нийгмийн харилцааны тодорхойлогч хүчин зүйл болчихсон энэ нийгмийг яах вэ?
Тодорхойлогч хүчин зүйл гэд­гийг энд санамсаргүй дурьдсангүй. Хүний биеийг үнэлэх явдал манай нийгмийн хамгийн тогтвортой таваар болсон байна. Бэлгийн мөлжлөг хил дамнан үргэлжилж, хүний наймааны хэлбэрт хувиран улам далд аюултай хэлбэртээ шил­жиж, улмаар мансууруулах бодисын урсгалыг өнгөлөн далдлах арга хэрэгсэл болжээ.
Биеэ үнэлэгчид нь нийгмийн давхарга, биеэ үнэлэх байдал, амьдралын хэв маягаараа өөр өөр байдаг төдийгүй үйлчлүүлэгчид нь ч нийгэмд эзлэх байр сууриараа ялгаатай, эрсдэлд өртөх байдал нь ч ялгаатай. Хамгийн дээд зэрэглэлийн биеэ үнэлэгчид бол дуудлагаар үйлчилдэг охид. Нийгмийн дунд дав­харгын эдгээр охид боловсролоороо хэнээс ч дутахгүй, олдог орлого нь ч хангалттай байдаг. Гэвч энэ ор­логоо үргэлжид хадгалахын тулд хэтийдсэн их хичээл зүт­гэл гаргацгаана. Дуудлагаар үйл­чилдэг биеэ үнэлэгчид ихэвчлэн хувийн зуучлагчаар дамжуулан үйлч­лүү­лэгчээ олно. Гэхдээ ихэнхдээ байн­гын хэд хэдэн үйлчлүүлэгчтэй бай­даг. Өөрийн гэсэн орон байртай нь үйлчлүүлэгчтэйгээ ихэвчлэн тэндээ уулздаг учир нөхцөл байдлыг хянах бололцоотой байдаг.
Дээд зэрэглэлийн биеэ үнэлэг­чид нь үйлчлүүлэгчийнхээ бэлгийн дур хүслийг хангахын зэрэгцээ бизнесийн болон бусад янз бүрийн уулзалт цуглаан, хүлээн авалтад хань болж явах зэрэг бусад үйлчилгээг ч үзүүлдэг ажээ. Манайд хамгийн далд байдаг энэ ертөнцөд шил шилээ даран байгуулагдах болсон загварын агентлагууд, нийслэл хотын зүрхэнд шахуу байрлах нууц цэнгээний газрууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна.
Дунд тушаалын мяндагтанууд орж зугаагаа гаргадаг энэ газруу­даас гадна хотоос гадна бүр дээд зэрэглэлийн цэнгээний газрууд байгаа нь нууц биш. Дээдсийн са­дарлах явдалд хил хязгаар үгүй. Төрийн түшээд маань хэдэн тэр­бумаар тоологдох хатуу валютыг казиногийн ширээнд дээр зүгээр л алдчихаад гараад ирнэ.
Зураг­таар “Зүгээр л тоглосон юм” гээд хээв нэг хэлж суугаа ноён сайд маань бас ямар тоглоомны мөрийнд ямар баялгийг маань, яг өөрийнх шигээ тавьчихсан сууж байгааг төсөөлөхын аргагүй. Ам­биц, эрх ашиг, хүсэл сонирхол, хүсэл таашаалын асуудлаа ялган зааглах чадваргүй улаан цэнхэр хамгаалагчдын гарт орсон энэ төрийн төмөр нүүр хилийн чанад руу харж байна уу, улсын дотоод руу ширтэж байна уу?
Хувь хүн алдагдсан ёс суртахуу­наа олдсон боломжоороо төлдөг. Бүхэл бүтэн улсын хувьд энэ нь бүрэлгэн сүйтгэх хүчин зүйл болж хувирдаг. Өнөөгийн залуусын амьд­ралын гол хэлбэр болсон “Хамт­ран амьдрах”, “Чөлөөт секс” зэрэг ойлголт нь илүү орчин үеийн, илүү эрх чөлөөтэй “Амьдралын хэв маяг” хэмээх ойлголтыг төрүүлэх болжээ. Хамтран амьдрах гэдэг нь эхнэр, нөхрийн хариуцлага үүрэхгүйгээр хэн хэндээ “ашигтай байх” зарчим. Амаараа “Либерализм”-ын үзэл санааг өөд уруугүй ярьсан залуус, хий хоосон идэвх санаачилгынхаа ачаар төрийн нуруун дээр авиран гарч болно гэсэн бүдүүлэг төсөөлөлтэй болжээ. Төсөөлөл нь мөрөөдөл болж, мөрөөдөл нь зорилго болохын цагт ухамсарт үйлдэл бүхэн нь оюун санаагаа, залуу нас, ирээдүйгээ худалдахад зориулагдах болно. Өөрт нь юу ч үлдээгүй, ядаж ёс суртахууны өчүүхэн гялбаа ч үлдээгүй хүн л эх орноо нүдээ цавчилгүй худалддаг.
Өнгөрөгч 20 жилийн турш өр­нийн ертөнцөөс санаатай санамсар­гүй хэрэгжүүлсэн хүний сэтгэлийн хүндийн төвийг алдагдуулах соёлын дайралтын үр дүнд, бидэнд садар самуунаар тархиа нэвт угаалгасан, үндэсний үзлээ түүхийн хог мэт хялайсан зэрэмдэг залуу үе үлдлээ. Венесуэлийн доод зэрэглэлийн насанд хүрэгчдийн киноны одын тоглосон цувралыг аав ээжийнхээ дэргэд суун үзсэн хүүхдүүд билээ тэд. Соёлт хүн төрөлхтний соёлыг нутагшуулсныхаа төлөөсөнд өгсөн бас нэгэн золиос маань бидний залуу үе.
Хангалттай иргэншиж, хангалт­тай мэдээлэлжсэн манай үеийн баатруудын хамгийн сул тал нь дээрх болж байна. Мэдээж хэрэг залуу үе маань баялаг бүтээж байгаа. Харин бүтээсэн баялагтай нь дүйцэх үнэлэмжийн тогтолцоо хаана хаанаа үгүйлэгдэж байгаа. Нийгмийн хаван болсон “Янханчлалын давалгаа”-ны гол шалтгаан нь хөдөлмөрийн үнэлэмж эрс доогуур байгаа явдал.
Баар цэнгээний газар, буудлын өрөө, эсвэл саун массажны газ­раар л биеэ үнэлэгчид орогнодог гэсэн ойлголт өнөөдөр үгүй болжээ. Урьд нь биеэ үнэлэгчид нууц далд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуул­даг байсан бол өдгөө интернэтээр биеэ үнэлэгчид олноор бий болж, цагаандаа гарсан байна. Тодруулбал, веб камераар царай зүсээс эхлээд биеийнхээ бүх хэсгийг харуулж, тэгээд үнээ тохироод дараа нь хаана уулзахаа болзох боллоо. Ийм аргаар биеэ үнэлж байгаа охид нь насанд хүрээгүй байх нь элбэг аж. Тэр охидын зарим нь нэг цаг хамт байхад 20-30 мянган төгрөг гэж байхад зарим нь 100 мянгаар өөрийгөө үнэлэх охин ч байх жишээтэй гэнэ. Эндээс харахад ханш нь харилцан адилгүй байдаг аж.
Цагдаагийнхан караоке, баар­нуудын ихэнх хувь нь “ширээний үйлчлэгч” нэртэй биеэ үнэлэгч нарыг орогнуулдаг болохыг илрүүл­жээ. “Ширээний үйлчлэгч” нэрийн дор биеэ үнэлдэг охид тухайн үйлчилгээний газрын ажилчид биш байдаг гэнэ. Тэд нэг удаа ширээнд суусныхаа төлөө үйлчлүүлэгчээсээ арван мянган төгрөг татдаг байна. Харин цаашаа нэмэлт үйлчилгээ авахыг хүсвэл, хүслээр нь болгодог. Нэмэлт үйлчилгээ гэдэг нь мэдээж биеэ үнэлэхийн нэр . Биеэ үнэлэг­чид 50-100 хүртэл ам.долларын ханштай. Энэ мэтээр ширээний хүүхэн орлогынхоо тал хувийг өөртөө үлдээж, талыг нь баарны эзэнд өгдөг гэнэ. Ийм байдлаар үйлчилгээ явуулдаг газруудын ихэнх нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байдаг нь шалгалтаар нотлогджээ.
Үүнээс гадна цагдаагийн газарт бүртгэлтэй 100 гаруй саун, массаж­ны газар янхандалтын гол үүр уурхай болж байна. Саун, массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг зохион байгуулж, биеийг нь үнэлүүлж, ашиг олдог этгээдүүд ихэссээр байгаа гэнэ. Тоогоо алдаж, бараг л хяналтаасаа алдсан энэ бохир бизнесийн ард аанай л мөнгөө угааж суугаа харь хэлтнүүд байдаг. Холбогдох байгууллагуудын мэдээлж буйгаар сүүлийн жилүү­дэд биеэ үнэлэх явдал өсөөд зогсох­гүй, бусдыг татан оролцуулах, зохион байгуулах хэрэг нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд л гэхэд ийм хэлбэрийн хэрэг 13 бүртгэгджээ.
Манай улсын хэмжээнд 18 мянга орчим бие үнэлэгч байдгаас Улаанбаатар хотод тал нь амьдардаг гэсэн судалгаа бий. Мөн хамгийн эрсдэлтэй хүмүүсийн тоонд биеэ үнэлэгч нарыг оруулдаг. Учир нь ХДХВ/ДОХ-той хүмүүсийн 80.6 хувь нь эрэгтэй, 19.4 хувь нь эмэгтэй бөгөөд эрчүүдийн 92.9 хувь нь эрэгтэйтэй бэлгийн хавьталд ордог, эмэгтэйчүүдийн 52.6 хувь нь биеэ үнэлэгч ба бэлгийн олон хавьтагчтай хүн байгаа юм. ХДХВ-ийн халдвар цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгээс шалтгаалах халдвар байдлаар илрээгүй бөгөөд бүгд бэлгийн замаар дамжсан байна.
Хотын хамгийн өнгө үзэмж бү­хий газруудаар эрээ цээргүй хөл­хөлдөх бүсгүйчүүдийн амьдралын баталгаа, хөдөлмөр хийх цорын ганц арга зам нь энэ юм бол хуулийн зохицуулалтыг илүү нарийсгаж, эмсийн хүрээлэн байгуулах талаар ярих цаг нэгэнт болжээ. Нийгмийн ёроолоос орой хүртэл байгаа энэ далд амьдралыг эрх зүйн хүрээнд ил болгосноор, хүний наймаа, хилийн чанад дахь монгол охидын биеэ үнэлэлт, секс жуулчлал гэх мэт бугшсан урхаг асуудлыг цэгцэлж, цэцэг цэврүү шиг охидоо амьдралын бохир буулганаас салгах арга зам ч олдож болох юм. Энэ магадгүй бидэнд үлдсэн цорын ганц арга зам ч байж мэднэ. Энэ тухай ёстой л “Сайтар эргэцүүлэх цаг” болжээ.
Биеэ үнэлэгчдийн олонх нь олсон хэдэн төгрөгөөрөө өөрийгөө болон гэр бүлээ тэжээж байна. Тиймээс энэ бол ажил. Үүнийг ний­­гэм хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бол­жээ. ХБНГУ, АНУ-ын зарим муж, Австри, Турк зэрэг орон биеэ үнэлэх, зохион байгуулахыг зөвшөөрдөг бол Хонгконг, Энэтхэг, Сингапурт зөвхөн биеэ үнэлэхийг зөвшөөрдөг байна. Харин манай хоёр хөршид энэ байдал хаалттай. Зарим улс биеэ үнэлэх байдлыг үйлчилгээний хөдөлмөр эрхэлдэг хүмүүс гэж нэрлэдэг юм байна. Хэрэв соёлт ертөнцийн нэгэн хэсэг нь мөн л юм бол түүний сайн муу талыг адилхан хүлээж авах л болно. Түүнд тохирох зохицуулалтыг хийх л хэрэгтэй болно.
“Биеэ үнэлэх”. Их л цэвэрхэн, хууль ёсны, боловсон сонсогдох энэ үг ямар хэлэхүйн утгыг илэрхийлнэ вэ? Хэн монголд хамгийн өндөр үнээр биеэ үнэлж байна вэ? Хэрэвзээ хууль бусаар биеэ үнэлж, өөрийн оршихуйд оногдсон давуу талаа ашиг орлогын тэргүүн хүчин зүйл болгож буй биет хүнийг “Биеэ үнэлэгч” гэж ойлговол эрх мэдлээ орлогын эх үүсвэр болгосон эрхэм дарга нарын нэр эхэнд бичигдэнэ. Нэр хүнд, нийгмийн байр сууриа давуу тал болгон ичгүүр сонжуур­гүй авирлагч эрхмүүд удаах байрт бичигдэнэ.
Ёс суртахуунаас гадуур амьдрах арга замыг нийгмээрээ шүтэх болсон энэ цаг үед тавих онош бол “Янханчлал”. Магадгүй бидний амьдарч буй энэ цаг манай түүхийн хамгийн ичгүүргүй янханчлалын цаг хугацаа. Энд гээсэн зүйлээ бид эргээд хэзээ ч сэргээж чадахгүй. Эндээс олсон бүхэн маань түүнийг нөхөж чадахгүй.
Я.Баяраа
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш