logo
УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан гэж үзжээ

УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан гэж үзжээ

2012/03/29
Үндсэн хуулийн цэцийн өчигдөр дунд суудлын хуралдаанаа хийн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн зарим зарим зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг хянан хэлэлцэв.

    Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл, заалтын холбогдох хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...", Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж...сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт сонгуулийн эрх бүхий иргэд нэгэнт сонголтоо хийсэн байтал дээрх зохицуулалт нь Улсын Их Хурлын 26 тойрогт нэр дэвшээд тус тусын тойрогт ялагдал хүлээсэн боловч 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч улс төрийн нам, эвслийн жагсаалтад шилжин орсноор Улсын Их Хурлын гишүүний мандат буюу суудлыг нам, эвсэлд тэдгээрийн авсан саналын хувь хэмжээгээр хуваарилах агуулгатай сонгуулийн хувь тэнцүүлэх хэлбэр хэрэгжих боломжгүйд хүрч, улмаар иргэдийн шууд сонгох эрхийг алдагдуулсан, түүнчлэн Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчид өгсөн санал хоёр удаа буюу сонгуулийн олонхийн болон хувь тэнцүүлэх хэлбэрт тус тус үнэлэгдсэнээр, намын нэрээр өгсөн сонгогчдын санал эзэнгүйдэн, улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийн жагсаалтад орсон 28 нэр дэвшигчид өгсөн саналыг бодитойгоор үнэлэх боломжгүй байдалд хүргэн, тэдгээрийн сонгогдох эрхийг хязгаарласан байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан байна хэмээн дурджээ.

    Үндсэн хуулийг зөрчсөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл, заалтын холбогдох хэсгийн үйлчлэлийг 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болсон байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш