“Ногоон нүдэн лам”, “Миний ажлын ноу-хау”, “Америкт суралцсан тэмдэглэл”, “Нүүдэлчний яриа”, “Ажил мэргэжил” бага лавлах толь, “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” номын төслийн удирдагчаар ажилласан Цэдэвдамбын Оюунгэрэлийн “Гэрт болсон яриа” ном “Интер ном” номын өргөөнд нээлтээ хийлээ. Зохиогч энэхүү номоо том эгчийгээ эмчилж эдгээхэд оролцсон өөрийн туршлагад үндэслэн бичихээр шийдсэн байна. Түүний эгч Ц.Оюунчимэг өнгөрсөн жил хүнд өвчин тусч, сайн эмч, сувилагч, гэр бүл ах дүү нарынхаа халуун дэмжлэгээр эрүүл саруул болсон юм.
Номын үйл явдлын баримтууд, эрүүл мэндийн зарим асуудлын зарим учир шалтгааныг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүүрнэсэн, танин мэдэхүйн мэдээлэл ихтэй, сонирхолтой, энгийн хэллэгээр өгүүлсэн.
Энэхүү бүтээл нь бүх насны уншигчдын хувьд эрэлт, хэрэгцээтэй ном болж чаджээ гэсэн анхны үнэлгээг редакторууд нь номын нээлтийн үеэр өгч байлаа. Тус номын редактороор “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Янжмаа, ахмад эмч, “Ачтан” клиникийн эмнэлгийн Зүрх судлалын тасгийн зөвлөх эмч, Клиникийн профессор Г.Тогтох, Биологийн ухааны доктор, “Монос” группийн дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг нар ажиллажээ. “Гэрт болсон яриа” ном нь “Бие”, “Гэр” гэсэн үндсэн 2 бүлэг, зохиогчийн хэлсэн үгнээс бүтсэн. Тархи, зүрх, уушиг, хог хаягдал, хоол, уурыг уургалахуй гэсэн энгийн амьдралын сэдвээр гэр бүлийн харилцаа орон гэрийн асуудлын шийдлийг гаргаж ирснээрээ онцлогтой аж. Номын нээлтийн арга хэмжээнд зохиогчийг хүндэтгэн ирсэн зочид түүний дотор эгч Ц.Оюунчимэг, эмчлэгч эмч Ш.Шүрэнчимэг нар үг хэлсэн юм. Номын баярын нээж “Энх мэндийн ерөөл” уртын дуу эгшиглэж, Д.Нацагдоржийн “эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” шүлгийн мөрүүд зочдын сонорыг мялаалаа. Уг арга хэмжээнд зохиогчийн ах дүү хамаатан садан, намын журмын нөхөд, сэтгүүлчид, сувилагч н.Соёл-эрдэнэ, н.Цэцэгээ, зохиогчийн номын агент А.Ариунаа нар болон найз нөхөд нь уригджээ. Номын нээлт халуун дотно уур амьсгалаар дүүрэн болж өндөрлөв. Уншигч та энэхүү номыг худалдан авснаар, гэр бүлийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахад танаас ихээхэн шалтгаалах ч бүх зүйл энгийнээс эхэлдэг гэдгийг ойлгох болно.
Э.Болор
www.shuum.mn
Э.Болор
www.shuum.mn